”Шүүхийн үйл ажиллагаа хөдөлшгүй баримтад түшиглэсэн гэж үзэж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

”Шүүхийн үйл ажиллагаа хөдөлшгүй баримтад түшиглэсэн гэж үзэж байгаа”

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны гишүүд өнгөрөгч баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, 2011 оны намрын ээлжит чуулган болон УИХ-ын даргын захирамжаар зарлан хуралдуулсан 2012 оны ээлжит бус чуулганы хуга­цаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийж гүйцэтгэсэн аж­лаа танилцуулсан байна. Тус байн­гын хорооны дарга Б.Одбаяр “Намрын ээлжит чуулган 2011 оны арав­дугаар сарын 3-ны өдөр эхэлж, ажлын 98 өдөр хуралдах хугацаанд  Хууль зүйн байнгын хороо дундаж үзүүлэлтээр гишүүдийн 73,5 хувийн ирцтэйгээр 20 удаа хуралдлаа. Тус байнгын хорооноос хууль, УИХ -ын тогтоолын төслийн талаарх 43 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн, 29 хууль, УИХ-ын 10 тогтоол, хяналт шалгалтын хоёр асуудал, бусад чиглэлээр хоёр асуудал хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар  шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Жолоочийн даатгалын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудыг хэлэлцэн баталсан. Мөн Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд орууллаа. УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 5-9 нд хуралдсан ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэхээр товлосон таван хуулийн гурав нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байв. Тухайлбал, төлөвлөгөөний дагуу Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцсэний дээр нэмэлтээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсныг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хү­лээн авах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Байнгын хорооны даргын мэдээллийн дараа сэтгүүлчид УИХ-аас батлан гаргасан хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналтт тавих үүргээ УИХ хэр биелүүлж байгаа, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоогоор хууль зөрчсөн үйл ажиллагаанд цагдаа, хүчний байгууллагынхан оролцож, цагдаагийн байгууллагын удирдлагыг буруушааж буйд Хуульзүйн байнгын хороо ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа, УИХ-ын гишүүдийн нэр төр, ёсзүйтэй холбоотой асуудлыг Байнгын хорооны салбар хороо авч үзэж байгаа эсэх, шүүхийн үйл ажиллагааг дорвитой өөрчлөхийн тулд шинэчлэлийн чанартай ямар, ямар заалт оруулсан талаар лавлан асуусан юм.

Байнгын хорооны дарга эдгээр асуултад хариулахдаа хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг яах аргагүй УИХ-д байдгийг онцлоод “УИХ дахь долоон байнгын хороо үндсэндээ хоёр чиглэлээр хяналт тавьдаг. Нэгдүгээрт, ажлын хэсэг байгуулж, Засгийн газар, хуулийн байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилттэй танилцдаг. Хоёрдугаарт, хууль  хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс байнга ирдэг гомдол, санал хүсэлтийг хангах чиглэлээр ажилладаг” гээд “Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 500-гаад хууль, 1000 хол давсан эрхзүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь төрийн төдийгүй нийт нийгмийн үүрэг зорилго юм” хэмээлээ. Харин долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой асуултын хувьд “Хуульзүйн байнгын хороо шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, Үндсэн хууль зөрчих эрх байхгүй. Харин шүүгдэгчид, хохирогчдын зүгээс уулзах хүсэлт тавихад хүлээн авч ярилцан санал солилцож ирсэн. Ер нь эрүүгийн хууль, эрүүгийн эрхзүйн үндсэн зарчим бол гэм буруутай этгээдийн гэм бурууг 100 хувь нотолж байж шийдвэрээ гаргахад оршдог. Тиймээс шүүхийн үйл ажиллагаа хөдөлшгүй баримтад түшиглэж байгаа хэмээн үзэж хөндлөнгөөс оролцохгүй байгаа” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлын хувьд “Энэ намрын чуулганаар тийм асуудал орж ирээгүй” гэлээ.

Шүүхийн шинэчлэлтэй хол­боо­той шинэлэг заалтуудын тухайд Д.Одбаяр дарга тайлбарлахдаа “УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан нь шүүхийн тухай багц хуулин дахь 6 хуулийн 3 нь байсан, ирэх хаврын чуулганаар үлдсэн гурвыг нь хэлэлцсэнээр цогц хууль болон батлагдан гарах учиртай”-г тэмдэглэсэн юм.

Засаглалын эрх мэдлийн хуваа­рилтаар гурван засаглалын нэг нь болох шүүх засаглал өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн хоёр засаглалтай нь харьцуулахад үүрэг роль нь бүдгэрчихээд бай­гааг засч уг засаглалыг зохих төвшинд нь гаргах, шүүхийн салбарын ажилтнуудын ачааллыг жигдрүүлэх, шүүгчид эрүүгийн болон иргэний танхим хооронд шилжин ажилладгийг зогсоон тогтворжуулахын тулд орон тооны асуудлыг шийдвэрлэх, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг чухалчлах үүднээс шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон аливаа этгээдэд хариуцлага хүлээл­гэж, нөлөөллийн мэдүүлэг гэгчийг бий болгон олон нийтэд зарлаж байх зэрэг олон шинэлэг заалт орсон” гэлээ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж