Сонгуулийн хуулийн зөвтгөлүүд

Хуучирсан мэдээ: 2012.03.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн зөвтгөлүүд

Сонгууль хаяанд ирчихлээ. Тэр тусмаа ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад явуулахаар болсон, орон нутгийн сонгуулийн хэсэг хороодыг байгуулах ажил хуулийн хугацаанаас хоцорч яваа энэ үед хэрхэн, ямар хуулиар сонгууль өгч, засаг төрөө байгуулах гээд байна вэ гэдэг иргэдийн хувьд илүүдэхгүй мэдээлэл болов уу. Орон нутгийн сонгуулийн хуулийн хувьд 2007 онд баталсан хуучин хуулиараа явуулах гэж байгаа учраас шинээр нэмж мэдээлэх зүйл хомс, УИХ-ын сонгуультай нэг өдөр явах нь ээ гэдгээс өөр.

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэрхэн, ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг хууль санаачлагсдын өмнөөс тоймлон хүргэх шаардлагатай болж байна. Уг нь бол энэ ажил СЕХ, УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил мөн боловч тэд угаасаа энэ үүрэг хариуцлагаа төдийлөн ухамсарлаад байдаг улс биш. Төсөв хөрөнгө нь хүрдэггүй юм гэнэ лээ. Ирэх дөрөвдүгээр сард нээх хаврын чуулганаар эрх биш сонгуулиа зарлаж, сурталчилгааныхаа ажилд орох байлгүй. Одоо бол өөр өөрийн намыг хэрхэн, хэнээр “гоёх” тухайд ухаан санаагаа далдхан уралдуулцгаагаад толгой өндийх завгүй байх шиг.

Юуны өмнө УИХ-ын сонгуулийн дүрэм буюу тогтолцоонд сүүлийн 20 жилд анх удаагаа өөрчлөлт орж, холимог системээр сонгуулиа явуулах болсон гэдгийг сануулах нь илүүц биз. Харин удтал маргаан дагуулсан хувь тэнцүүлсэн болоод мажоритари суудлын харьцаан дээр анхаарлаа хандуулах нь зөв байх. Оны өмнө баталсан шинэ хуулиар хувь тэнцүүлсэн буюу улсын хэмжээнд сонгогдох суудлыг тоог 28-аар, дээр нь 26 томсгосон мажоритари тойрогт 48 нэр дэвшигчийг сонгохоор хуульчилсан байгаа. УИХ-д сонгогдох мандатын тоо 76 хэвээрээ, тэдний гуравны нэг нь пропорциональ том тойргоос сонгогдоно гэсэн үг.

Сонгуулийн хуульд хийсэн бас нэг дэвшил нь пропорциональ, маоритари суудлуудын авсан санал хоорондоо гүйдэг байхаар хийж өгсөн явдал. Пропорциональ суудлын авсан саналаас мажоритари суудлын авсан санал хэт давуу гарсан бол илүү олон санал авсан нэр дэвшигч пропорциональ 28 руу гүйгээд орчих боломжтой гэсэн үг. Ингэхдээ мажоритари тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигч тойргийн нийт сонгогчдын 28 хувиас илүү санал авсан бол сонгогдсонд тооцохоор хуульчилсан байгаа. Гэхдээ хуулийн энэ заалт “Сонгогчийн хийсэн сонголтыг үнэгүйдүүлж байна” гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэц дээр очоод байгаа, энэ долоо хоногт уг асуудлыг Цэц дунд суудлаараа хэлэлцэж, дүгнэлтээ гаргах ёстой гэдгийг сануулах нь зөв байх. Цэцийн шийдвэр яаж ч гарлаа гэсэн УИХ энэ удаа баталсан хуулиасаа буцахгүй болов уу гэсэн таамгийг ажиглагчид хийж байгаа.

Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл энэ “гүйдэг” санал улс төрийн намууд болоод нэр дэвшигчдэд илүү ашигтай хувилбар гэдэг нь яалт ч үгүй зүйл. Нэгэнт улс төрийн эрх мэдлийг намуудаар дамжуулж хэрэгжүүлдэг учраас нам өөртөө “сайн” гэсэн хувилбараа сонгох нь зүйн хэрэг. Тодруулбал, хуульд заасанчлан жагсаалтыг УИХ-ын томсгосон 26 тойрогт нам, эвслээс дэвшиж байгаа 48 нэр дэвшигчийг /зөвхөн тухайн тойрог тус бүр дээр шүү дээ/ саналын хуудасны эхэнд өрөөд, тэдний араас нам, эвслийн нэрээр жагсч байгаа пропорциональ том тойргийн 28 нэр дэвшигчийг өрнө. Өөрөөр хэлбэл, тухайн тойргийн сонгогч өөрийнх нь тойрог дээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн үнэлэмжээр улс төрийн аль намд санал өгөхөө шийддэг гэж тооцсон юм билээ. Гэхдээ мэдээж МАН-аас нэр дэвшсэн Доржийг сонгосон сонгогч Ардчилсан намын жагсаалтад орсон 28-ийг дугуйлах эрх нь нээлттэй шүү дээ. Үүний тулд намууд аль болох тухайн намын нэр хүндийг улс орны хэмжээнд өргөж чадахуйц лидерүүдээ намын листэд оруулсан байх ёстой гэсэн үг.

Тухайлбал, Ардчилсан нам лав З.Энхболд, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарыг пропорциональ том тойрог дээрх жагсаалтыг эхлүүлсэн байлаа гэхэд гайхах хэрэггүй бөгөөд тухайн намын санал авч болох дээд хэмжээг үзүүлэх болов уу. Яагаад гэвэл сүүлийн саруудад хийсэн судалгаанаас харсан ч өнөөдөртөө энэ намын улс төрийн бусад намуудаас ялгарах ялгарлыг энэ гурав шиг тодруулж өгч байгаа улстөрчид үгүй л болов уу. Тэгээд тэдний намдаа чирж ирсэн саналын хэмжээгээр нөгөө мажоритари тойргийн 28 хувиас давсан саналтангууд УИХ-д орж ирэх боломж нь бүрдэх юм. Энэ бол тухайн тойрогтоо ялалт байгуулсан нэр дэвшигчдээс тусдаа зүйл гэдгийг сануулах хэрэгтэй. Тиймээс ч “Хаалгаар гаргахаар тооноор ороод ирэх юм байна л даа” гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Үүнийг нөгө өнцгөөс нь харах юм бол арай өөр утгийг илэрхийлдэг. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жил шахмын хугацаанд манай улстөрчид Үндсэн хуулийн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийн ядаж нэг хоёрыг нь засах тухай ярьсаар ирсэн ч ам ажил хоёр нь зөрсөөр асуудал зогссон билээ. Ялангуяа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүны ажлыг хавсардаг явдлыг халж, ядахдаа танхимын нийт гишүүдийн 1/3-тэй тэнцдэг байхаар хязгаарлах тухай ярьж байсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-наар дуусгавар болсон билээ. Харин одоо бол Улс төрийн намууд өөрсдөө үүн дээр хариуцлагатай хандах л үлдээд байгаа. Тухайлбал, энэ хязгаарлалтыг Засгийн газрын тухай хуульд хийж өгч болох юм гээд УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурчихсан төсөл өргөн баригдаад явж байгаа.

Ер нь л УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг хавсрахгүй гэсэн тохиолдолд нөхөн сонгууль зайлшгүй гэсэн үг. Засгийн газарт орсон гишүүдийнхээ тойрог дээр нөхөн сонгууль явуулах шардлага гарна. Хэрэвзээ “Энэ маань Засгийн газарт ажиллах юм” гээд нэр дэвшүүлэлгүй үлдээчихлээ гэхэд нам нь сонгуульд ялах магадлал тэр хэмжээгээр буурч байгаа юм. Тийм учраас мажоритари, пропорциональ тойрогт авсан саналыг хоорондоо гүйдэг байхаар хийсэн бас нэг шалтгаан нь нөхөн сонгууль явуулж, анхны сонгуулиар өгсөн сонгогчдын хийсэн сонголтод өөрчлөлт оруулахаас зайлсхийсэн явдал гэж ойлгож болно. Тухайн нам сонгуульд ялаад 15 сайдыг УИХ-аас томиллоо гэхэд арвыг нь /Засгийн газрын танхимын 1/3 нь УИХ-аас сонгогдож болно гэсэн үндэслэлээр/ УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, тэдний оронд араас нь жагссан 10 нөхөр гүйгээд ороод ирэх боломжтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шүүмжлэгдээд байгаа заалтуудын ард энэ мэтийн зөвтгөлүүд байна аа, эрхэм сонгогчид оо. Итгэх эсэх нь та нарын хэрэг.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж