Байгаль орчны тухай хуулийн төслийг Л.Гансүхэд даалгав

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Байгаль орчны тухай хуулийн төслийг Л.Гансүхэд даалгав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоороо Байгаль орчны тухай багц хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Гансүхийг Байнгын хорооны хуралдаанаар томилж, дээрх багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг даалгав. Л.Гансүх гишүүн БОАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа Байгаль орчны тухай багц хуулийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Иймд Ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцсэн Байнгын хорооны хурлаар дээрх багц хууль өнөөгийн тулгамдсан асуудлуудыг өргөн цар хүрээнд шийдвэрлэн, салбарт шинэ тогтолцоо бүрдүүлэхийг онцлоод, ач холбогдол өндөртэй энэ хуулийг батлуулахыг Л.Гансүх гишүүнд хариуцуулсан байна.

Байгаль орчны тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг намрын чуулганаар Байнгын хороон дээр хийсэн тул хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд багтсан байгаа билээ. Иймд Ажлын хэсгийн дэд ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүдээр томилогдсон УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл бүр дээр хуваагдан ажиллах юм. Байгаль орчны багц хуулийн төсөлд өмнө энэ салбарт үйлчилж байсан 18 хуулийг 10 хууль болгон нэгтгэсэн. Ингэхдээ 6 хуулийг системчлэн давхардал хийдлийг арилган нэгтгэж, 2 хууль шинээр боловсруулж, 8 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулсан байгаа.

Байгаль орчны багц хуулийн төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хууль, Ойн тухай хууль, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төсөл багтсан.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж