УИХ-ын дарга Цэцэг сум руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Цэцэг сум руу хөдөллөө

Гуравдугаар сарын 18-22-нд хөдөө, орон нутагт томилолтоор ажиллахаар мордсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт очоод байна. Түүнийг очих үеэр хүндэт харуул жагсч, угтан авсан бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орчин цагийн Зэвсэгт хүчний 91 жил, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Галданбошигт болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Дараагаар нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай уулзаж, аймаг, орон нутгийн цаг үеийн байдал, мал төллөлт, хаваржилттай танилцсан байна.

Тэрбээр гуравдугаар сарын 18-22-ны хооронд Ховд болон Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд түүнийг дагалдаж, С.Бямбацогт, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, зарим яам, агентлагийн удирдах ажилтнууд, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид  хөдөө, орон нутагт ажиллаж байна. Тэд дөнгөж сая Ховд аймгийн Цэцэг сум руу хөдөлсөн байна.

УИХ-ын дарга томилолтын хугацаанд хоёр аймгийн төв болон зарим сумдад ажиллаж орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал төллөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсч, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж танилцуулна. Мөн казах түмний амьдрал ахуйтай танилцаж, Наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм байна.

Д.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж