“Зээлийн зарцуулалт ирээдүй рүү чиглэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

“Зээлийн зарцуулалт ирээдүй рүү чиглэж байна”

Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд, бичил үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг түлхүү хийхээр болсон билээ. Энэ хүрээнд банкнаас зээл авах барьцаанд хөдлөх хөрөнгийг тооцдог болох, Компанийн засаглалын тухай хуулийг аж ахуйн нэгжүүдэд заавал мөрдөх зэрэг тодорхой болгох юм. Хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд санхүүгийн эх үүсвэрээ шийдэж чадахгүй тохиолдолд арилжааны банкинд хандах, эсвэл гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах гарц байдаг. Харин үүний тулд бодит байдал дээр ихээхэн саад учирдаг тухай гуравдугаар сарын 15-нд буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болсон “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Банкны салбарт бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн  Х.Ганбаатараас тодрууллаа.

-Хувийн хэвшлийн байгууллагуудын зээлийн зарцуулалт сүүлийн жилүүдэд ирээдүйгээ харсан шинжтэй болж байгаа гэж ярьж байна?

-Сүүлийн жилүүдэд тийм хандлага харагдаж байна. Үндсэндээ үйлдвэрлэл, бизнестээ зориулан зээлээ авахдаа илүү ирээдүйгээ харсан, хөрөнгө оруулалтын шинжтэй болж байна. Жилүүдээр авч үзэхэд ардчиллын эхний он жилүүд буюу 1990-1998 оны хооронд зээлийн зарцуулалт ерөнхийдөө үйлдвэрлэл, бизнест зориулсан болон ахуйн хэрэглээнд зориулсан шинжтэй байсан. 1998-2007 оны хооронд орон сууцны болон үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлэх зорилготой зээл давамгайлж байв. 2007 оноос одоог хүртэл ерөнхийдөө ирээдүйн хөрөнгө оруулалтын зорилготой болж ирж байгаа нь авууштай.  Энэ нь бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн зөвхөн өнөө маргаашийнхаа ашгийн төлөө ажиллаж байгаа биш, удаан оршин тогтнож, нийгэмд байр сууриа бататгах зорилготой нь уялдаж байгаа хэрэг юм.

-Хэрэглэгчдэд банкны зээл, үйлчилгээний дарамт их байна гэдэг.  Ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Ерөнхийдөө зээлийн хүү өндөр хэрнээ хугацаа, хэмжээ  богино байна гэдэг. Зээлийг авч чадаад, түүнийхээ дараа банкнаас ирэх дарамт, шахалт, хүнд суртал тодорхой хэмжээгээр байдаг юм. Хамгийн гол асуудлын нэг болох барьцаа, баталгааны үнэлэмж муу, зээл олгохдоо эдийн засгийн үзэмжээр шийддэг, банкир биш, нярав,  нягтлан бодогч сэтгэлгээтэй ажилладаг тухай шүүмжилдэг юм.

-Эдгээр асуудлыг шийдэх арга замын тухайд?

-Монгол банк болон Засгийн газар, бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд санхүүгийн эрсдлийг хуваалцах, зөв хуваарилах, санхүүгийн зөөлөн бүтцийг бий болгох замаар эрх зүйн орчинг сайжруулах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байна. Ингэхдээ зээлийн даатгал, баталгаа, батлан даалтын хэмжээг шинэчлэн тогтоох, үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үл хөдлөх хөрөнгийн албан ёсны бүртгэлийн тогтолцоо, хувийн хэвшил зээл авах эрхийн тухай хууль, экспорт, импортын баталгаа, батлан даалтын тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Үндсэндээ аливаа үйл ажиллагааг явуулахын тулд суурь болсон эрх зүйн орчинг нь бий болгох, шинэтгэх зайлшгүй хэрэгцээ байдаг.  Зөвхөн хууль эрх зүйн орчин гэлтгүй, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд хувийн хэвшлийн төлөөллийг оруулах, төрийн мөнгөний бодлогод хувийн хэвшлийн эрэлт сонирхлыг тусгах, эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогоор дэмжих нь зөв юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж