Аваргуудын лигт улиран түрүүлсэн гэх агуу амжилтын эзэд болох зорилго тээсэн “Барселона” Лионель Мессигээр ахлуулж, эхний тоглолтоо “Милан”-ы “Сан Сиро” цэнгэлдэхэд хийнэ. Хуваарийн дагуу шөвгийн найман эхний тоглолтууд гуравдугаар сарын 27, 28-нд, хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 3, 4-нд болох юм.
Аваргуудын лигт хамгийн олон буюу нийт 28 удаа шөвгийн наймын шатанд тоглож байсан “Реал Мадрид” харин энэ шатанд анх удаа шалгараад буй туршлага нимгэн “АПОЭЛ”-тэй сугалаа таарчээ. Мөн энэ шатанд шалгарсан найман багаас аваргын цом өргөөгүй хоёрхон багийн нэг болох “Челси”-гийн тухайд Португалийн “Бенфика”-тай учраа таарсан. Өмнөх шатанд Италийн “Наполи” багийг ид шидийн гэмээр гайхалтай тоглолт үзүүлж, буулгаж авсан тэд энэ удаад ч өрсөлдөгчөө ялна гэдэгт итгэлтэй байна.
Харин Германы “Баейрн Мюнхен” Францын “Марсель”-тай тоглоно. Энэ улирлын Аваргуудын лигийн финалын тоглолт тавдугаар сарын 19-нд Мюнхен хотноо болно. Тиймээс өөрийнхөө үндсэн цэнгэлдэхэд аваргын цом өргөх хүсэлтэй тэд хагас шигшээд “АПОЭЛ” болон “Реал Мадрид”-ын хожсонтой тоглох юм.