Холливудын жүжигчин Жорж Клуни Вашингтон дахь Суданы элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаалд оролцсоны улмаас баривчлагджээ. Цагдаа нар эмх замбараагүй байдал дэгдээсэн хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсны дунд Жорж Клуни, түүний 78 настай аав, сэтгүүлч Ник нар байжээ. Тэд баривчлагдахын өмнө сэтгүүлчдэд “Бид маш энгийн асуулт асуух гэж энд байна. Нэгдүгээрт, олон сая хүн өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн Суданд хүмүүнлэгийн тусламж илгээх, хоёрдугаарт Суданы эрх баригчдаас гэм зэмгүй иргэдийг алахаа зогсоохыг шаардах гэж ирсэн” гэжээ. “Оскар”-ын шагналт жүжигчин саатуулагдахдаа 100 ам.долларын торгууль төлж, удалгүй суллагдсан байна. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт Суданаас ирснийхээ дараа Вашингтонд Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Суданы ард иргэдэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Жорж Клуни 2003 оноос хойш аавынхаа нөлөөгөөр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах, Суданд шударга ёс тогтоохын төлөө олон кампанит ажилд оролцжээ. Түүнийг Цагаан ордонд суух эрхийн төлөө сонгуульд өрсөлдөхөд буруудахгүй гэх хүмүүс байгаа ч хүүхнүүдийг бээлий шиг сольдог, хар тамхи хэрэглэдэг түүнд Цагаан ордонд зай байхгүй гэж зарим нь шүүмжилдэг гэнэ.
Н.Энх