Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Намуудын ялгарал

Юун орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь  явуулах. Энэ
зун сонгууль явуулах уу, байх уу гэдэг асуудал үүсчихээд байна, цаад УИХ
дээр чинь. Хэрвээ энэ маягаар УИХ дахь хоёр намын бүлэг зөвшилцөлд
хүрч, хуульдаа өөрчлөлт хийж чадахгүй бол ирэх зургадугаар сард сонгууль
болохгүй. Хоёр өөр хуулиар нэг сонгууль явуулна гэж ер нь юу байсан юм.

Уг нь бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан эхний бөгөөд
эцсийн шалтгаан нь Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах байлаа. Ямар ч зорилгогүйгээр, өөрчлөхийн тулд л өөрчлөх гээд
байгаа ч юм биш. Угаасаа энэ өөрчлөлтийг хийхгүйгээр сонгууль явуулах
боломжгүй учраас тэр. Учир нь, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд
“орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулахаар”
заачихсан байгаа. 2007 онд энэ хуулийг батлахад тухайн үед УИХ-д
суудалтай бүх нам /МАХН, АН, ҮШН, Эх орон, ИЗН гэх мэтчилэн/ энэ
өөрчлөлтийг хийсэн бөгөөд хуулийн энэ заалтыг ганцааранг нь 2012 оны
сонгуулиас эхлэн дагаж мөрдүүлэхээр үйлчлэх хугацааг нь хойш тавьж өгсөн
билээ.

Нэгдүгээрт, тухайн үед хоёр сонгуулийг хамтатган явуулах
бэлтгэл ажил хангагдаагүй, сонгуулийн автоматжуулсан систем
хуульчлагдаагүй, иргэний шинэчилсэн бүртгэл хийгдээгүй, санал хураалтыг
машинаар тоолох хялбарчилсан механизмууд байгаагүй учраас. Хоёрдугаарт,
тухайн үеийн парламент өөртөө зориулж хууль хийлээ гэсэн хардлага, хэл
ам гаргахгүйн тулд хуулийн үйлчлэлийг ийнхүү нэг сонгуулийн бүрэн эрхийн
хугацаагаар хойш татсан хэрэг. Одоо бол УИХ энэ хуулийг хэрэглэхгүй гэж
хоёр дахиа хойшлуулах эрх байхгүй. Хэрэглэхгүй гээд хуулийн энэ зүйл
заалтыг авч хаях юм бол харин жинхнээсээ “өөртөө зориулж хууль хийсэн “
хэрэг болно. УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийг давхар явуулахгүй гэж
гэдийгээд, чардайгаад байгаа цорын ганц шалтгаан нь “Хэрвээ УИХ-ын
сонгуульд ялагдах юм бол орон нутгийн сонгуульд бүх шатны төрийн
байгууллагуудаа дайчилж байгаад ялалт байгуулна” гэсэн явцуу эрх ашиг,
итгэл үнэмшилтэй нь холбоотой гэдгийг өмнө нь ч сануулж байсан. Тиймээс
тэд “Санал хураалгах машин чинь ажиллах x юм уу, сонгогчдод очих цахим
үнэмлэх хугацаандаа гарах ч юм уу” гэх мэтчилэн шалтаг шалтгаан тоочсоор
өдийг хүргээд байгаа.

Ер нь бол өнгөрөгч арванхоёрдугаар сард
УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа Орон нутгийн сонгуулийн хуулийн
зарим өөрчлөлтийг ч бас хамтад нь хийчихэж болох байсан ч МАН “УИХ-ын
сонгуулийн хуулийг өөрчилж байгаа нь их юм, Орон нутгийн сонгуулийн
хуульд бол ёстой гар хүрэхгүй шүү” гэж гэдийсээр үлдээсэн билээ. Үүнээс
болоод одоо хоёр өөр сонгуулийн хуулиар нэгэн зэрэг сонгууль явуулах
болчихоод байгаа юм. Жишээлэхэд, орон нутгийн нэр дэвшигчдийн саналыг
гараар тоолж, УИХ-ын нэр дэвшигчдийн авсан саналыг машинаар тоолох,
УИХ-ын сонгуулийн санал хураалт 20.00 цагт дуусч байхад орон нутгийн
сонгуулийн санал хураалт оройн 22.00 цагт дуусахаар тус тусын хуульд нь
заачихсан байгаа. Ийм хуультай байхад хоёр сонгуулийг нэг өдөр явуулж
чадах уу. Энэ мэтчилэнгийн шалтгаанаар хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй
шаардлага гараад байгаа.

Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ
мэт асуудлыг шийдэх, хуулийн гацааг арилгах үүднээс ээлжит бус
сонгуулийг Цагаан сарын дараа буюу шинийн 5-ны өдөр зарлуулахаар УИХ-д
даргад санал өргөн барьсан ч Д.Дэмбэрэл дарга захирамжаа гаргахдаа
хугацааг нь бүтэн долоо хоногоор хойш татаж, гуравдугаар сарын 5-наар
тогтоосон нь ч бас л цаанаа ов мэх байв. Даваа гаригт зарлагдсан ээлжит
бус чуулган МАН-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Эдийн
засгийн форум гэгчид цохигдож, бүтэн хоёр өдөр байнгын хороо, намын
бүлгүүд хуралдах заал танхимгүй, ордны хонгилоор хэсүүчиллээ. Ээлжит бус
чуулганыг  Эдийн засгийн форумтай давхцуулсан уу, Эдийн засгийн форумаа
ээлжит бус чуулгантай давхцуулсан уу. Аль нь ч байсан ялгаагүй, Ардын
намын дарга нарын авсан “хориг арга хэмжээ”. Гурван жил дараалан Эдийн
засгийн форум зохион байгуулж, харин Монголын эдийн засаг гурван жил
дараалан уруудаж, доройтож, дампуурч байгаа нь яалт ч үгүй үнэн дээ.

Тэр
ч байтугай МАН-ын Ёс зүйн хорооны дарга М.Цагаанхүү өчигдөр хэвлэлийн
бага хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Ардчилсан намаас
сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхондоо бэлэг тарааж, сонгуулийн хууль
зөрчлөө” гэсэн хөгийн мэдэгдэл хийнгээ галыг өөрсдөөсөө зайлуулах гэж
үзнэ лээ. Хэрвээ УИХ-ын гишүүд Сонгуулийн хууль зөрчсөн бол зөрчлийг нь
СЕХ-нд мэдээлэх үүрэгтэй. Тэгээд ч МАН-ын Ёс зүйн хороо гишүүдийнхээ ёс
зүйг хэлэлцэх ёстой дотоод хяналтын байгууллага болохоос биш Ардчилсан
намын гишүүдийг хэлэлцэхгүй. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж
хүний толгой дээрх өвсийг харав гэдэг л болж байгаа юм.

Өчигдөр
хуралдсан хоёр намын бүлэг, зөвшилцлийн ажлыг хэсгүүд Орон нутгийн
сонгуулийн тухай хууль дээр дахиад л зөвшилцөлд хүрч чадсангүй. Аль аль
нь байр сууриа хамгаална гэсэн учраас УИХ-ын ээлжит чуулганы хугацаа
сунгагдахаар болж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль УИХ дээр
орж ирсэн цагаас эхлэн хоёр жил шахмын хугацаанд Ардчилсан намын бүлэг
хамгийн их буултыг хийж ирсэн нь үнэн. Орон нутгийн сонгуулийн хууль
дээр ч гэсэн мөн л буулт хийж, “Ядахдаа аймаг, нийслэлийн сонгуулиа
УИХ-ын сонгуультай хамтатгаад нь явуулчихья. Сум, дүүргийнхийг яах вэ,
ирэх намар баг, хорооны сонгуультай хамт явуулчихна биз” гэсэн боловч
МАН-ын бүлэг бас л хүлээж авсангүй. Харин ч зөрүүлээд “Орон нутгийн
сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгаж явуулснаараа орон нутгийн
удирдлагын бүрэн эрхийг зөрчиж байна. Дөрвөн жилээр сонгогддог албан
тушаалтнуудыг дөрвөн сарын өмнө ажлаас нь халах гэлээ” гэсэн өргөдөл
бичээд Цэц рүү гүйж байх жишээтэй.
Тэгэхээр энэ байдлаас нь харвал
МАН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн хууль дээр зөвшилцөл хийх ямар ч
бодолгүй байгаа бололтой. Хэрэв тийм бол хий дэмий хугацаа алдаж, ажил
цалгардуулж байхын оронд шууд санал хураалтдаа ороод хайнаа явчихвал
яасан юм. Тэгээд хэн нь шинэчлэлийн төлөө, шударга сонгуулийн төлөө
байна, хэн нь албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө үхэн хатан тэмцэж
байна гэдэг намуудын ялгарлыг харуулья. Тэртэй тэргүй Сонгуулийн хуульд
өөрчлөлт оруулахгүйгээр сонгууль явуулах боломжгүй юм хойно, алийн
болгон Ардын намынхны шантаажаар асуудал явж байх ёстой гэж. Ардчилсан
намын бүлэг ч гэсэн завсарлагаа аваад яваг. Дахиад зөвшилцөхгүй гэвэл
дахиад завсарлага ав. Хуулийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа нөхдийг хуулийн
хүрээнд “нүцгэлэх” өчнөөн боломж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН
2012 оны 3 сарын 7
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж