танхим”-ынхаа энэ удаагийн зочноор Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн
Р.Бурмааг урьсан юм. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгууль болон улс төрд
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх байр сууриа хуваалцсан юм.
-УИХ
дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгийнхэн УИХ, орон нутгийн
сонгуулийг хамтад нь явуулах асуудлаар саналаа нэгтгэж чадсангүй. Таны
хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Манай түүхэнд олон
саналыг нэг дор авч байсан тохиолдол бий. Орон нутаг, Ардын хурлын
депутатын сонгуулийг хамтад нь явуулж байсан. Бусад улс орон ч үүнийг
зохион байгуулж чаддаг. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолох гэж
байгаа ийм үед бүр ч боломжтой. Тухайлбал, АНУ-д цагдаа, дунд сургуулийн
зөвлөлийн гишүүд, хотын дарга, орон нутгийн иргэдийн төлөөлөгч,
парламент, Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг нэг өдөр явуулдаг. Тэр ч
байтугай сонгуулийн үеэр иргэний нийгмийн байгууллагууд нь хуулийн
төсөлд саналаа өгч болдог. Нэг ёсондоо сонгох, санал өгөх ажиллагаа хамт
явагддаг гэсэн үг. Түүнчлэн Филиппин улсад орон нутаг, парламентын
хоёр танхим, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг нь нэг өдөр
явуулдаг. Хөрөнгө мөнгөнд ч хэмнэлттэй. Үүнээс гадна сонгуулийн жил
гээд өөр ажилгүй юм шиг бүгд сурталчилгаанд явдаг, төсөв, мөнгөнд
үрэлгэн ханддаг зэргээс зайлсхийдгээрээ ач холбогдолтой.
-Тэгвэл санал нэгдэхгүй байгаагийн учир юунд байна вэ?
-Асуудал
хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах хүсэл байна уу, үгүй юү
гэдэгт л байна. Хүсэл байвал хамт явуулж болно. Санал авах байр, саналаа
тэмдэглэдэг бүхээгүүдийн тоог нэмж болно. Ингэвэл сонгогчдод сонголтоо
хийх хугацаа тодорхой хэмжээгээр бий болно. Иргэдэд сонголтоо хийх
хугацаа л хэрэгтэй. Харин саналын хуудсаа хайрцагт хийх, саналыг автомат
төхөөрөмжид уншуулах нь маш хурдан болох үйл явц. Тэгэхээр УИХ, орон
нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахдаа үйл ажиллагаандаа илүү
анхаарах хэрэгтэй. Дээрээс нь “Шударга, сайн зохион байгуулъя” гэсэн
хүсэл байвал болно.
-Ардын намынхан “Боломжгүй” гээд байгаа шүү дээ?
-Өнгөрсөн
сонгуулиудийн жишээнээс дурдъя. УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын
нэрсийн жагсаалтыг будилуулдаг. Харин орон нутгийн сонгуулиар баахан
хүнийг нэрсийн жагсаалтаас хасдаг. Аймгийн Засаг дарга нар өөрийн
харъяалагддаг намын гишүүдийг нэрсийн жагсаалтад үлдээгээд бусдыг нь
хасах гэх мэтээр будилаан хийдэг л дээ. Би үүнийг баримттайгаар ярьж
байгаа юм шүү. УИХ-ын 2004 оны сонгуулиар 136 мянган хүний зөрүү гарч
байсан бол 2008 оны сонгуулиар дөрөвхөн сарын хугацаанд сонгогчдын
нэрсийн жагсаалтаас 230 гаруй мянган хүний нэр алга болсон байх
жишээтэй. Ийм л юм болдог. УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгавал ийм
маягаар будилаан хийх боломж хомс болчих гээд байгаа юм. Сонгогчдын
өгсөн саналаар биш Засаг дарга нар, хэсгийн хороонд санал тоолж байгаа
хүмүүсийн үзэмжээр сонгуулийн үр дүн гардаг гэх үү дээ.
-Тухайлбал?
-Улаанбаатарт
нэг нам сонгуульд ялалт байгуулсаар ирсэн. Иргэдийн дийлэнх нь нэг намд
саналаа тогтмол өгөөд байна уу гэвэл, үгүй. Сонгуулийн дүнг харахаар
нийт сонгогчдын 10 орчим хувийн саналыг авсан нам л эрх барьсан байдаг.
Нийт санал өгсөн хүмүүсийн 25 орчим хувийн саналыг авсан нам сонгогдож
болдог. Гэтэл нөгөө талд нь тухайн намыг иргэдийн 80 хувь нь дэмжээгүй
байдаг. Үр дүнд нь бухимдал, утаа, өвчлөл, авлигал хэрээс хэтэрдэг.
Үүний багасгахын тулд биднийг төлөөлж нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа
хүмүүсийг үнэн зөвөөр сонгомоор байна. Бидний өгсөн саналыг үнэн зөв
тоолох хэрэгтэй байна. Улаанбаатарчууд илүү олон төлөөлөгчтэй болмоор
байна. Энэ асуудлууд их чухал. Тиймээс сонгогч бүр сонгуулийг шударга
явуулахад хувь нэмрээ оруулаасай гэж бодож байна.
-Шинэчлэн
баталсан Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын 2012 оны сонгууль шударга
болох болов уу. Хуульд ямар нэг цоорхой байгаа юм биш биз?
-Сонгуулийн
тухай хууль бол УИХ-ын танхимд сууж байгаа хүмүүст ээлтэй хууль болсон.
Дахин сонгогдох магадлал өндөртэй. Өөр хүмүүс гарч ирэхэд маш хэцүү
байхаар хийгдсэн хууль. Тэгэхээр сонгогчид мөнгө тарааж, төсвийн мөнгөөр
өөрийгөө сурталчлаад яваад байгаа хүнээс илүү “Энэ хүн үнэхээр намайг,
биднийг төлөөлж чадах уу” гэдэгт нухацтай хандаасай. Мөн өгсөн саналыг
маань хэн нэгэн луйваардаагүй байгаасай гэдэгт хяналт тавих хэрэгтэй.
Энэ хяналтыг сонгогчдын нэрийн жагсаалтаас эхлэх ёстой. Танай хөрш болон
танай гэрт илүү дутуу хүн нэмж бичсэн, танийг нэрийн жагсаалтаас хассан
эсэхийг хяна. Мөнгө, бэлэг тарааж байгаа эсэхийг ч гэсэн. Хэн нэгэн
ухуулагч “Та өөрөө, өөрийгөө ухуулаад манай намд саналаа өгөөрэй” гээд
мөнгө өгдөг жишээ ч бий шүү дээ. Их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ
сонгуулийн сурталчилгаандаа зарцуулчихаад өрөө төлөхийн тулд мөнгө
хандивласан бизнес бүлгийн талд шийдвэр гаргадаг ийм л ажиллагаа
сонгуулийн үеэр болдог. Энэ болгоныг зогсооход хүн бүрийн хүчин зүтгэл
хэрэгтэй. Ямартай ч төрийн бус байгууллагуудад сонгуулийн үеэр хяналт
тавих боломжийг нь шинэ хуулиар олгосон байгаа.
-Иргэдэд
цахим үнэмлэх олгохоор болсон. Бас сонгуулийн саналыг автомат машинаар
тоолох гэж байна. Гэхдээ “Үүнд хэт их найдаж болохгүй” гэх хүмүүс ч бий.
Та”Цахим үнэмлэх, санал тоолох автомат машин ашиглавал сонгууль 100
хувь будилаангүй болно” гэж хэлж чадах уу?
-Сонгогчдын
цахим мэдээллийг хэдийнэ авсан байгаа. Одоо хэвлээд, үйлдвэрлээд, тараах
асуудал үлдсэн гэж ойлгож байгаа. Иргэний үнэмлэхийг ухаалаг үнэмлэхээр
солиод, тэр нь хяналттай байх юм бол сонгууль шударга болоход ихээхэн
нэмэртэй. Миний хувьд “Хэвлэж, тарааж амжихгүй нь” гэдгээр шалтаглаад
сонгуулийг будилаантуулах вий гэдгээс болгоомжилж байгаа. Шинэ, хуучин
хоёр үнэмлэхийг хольж солиод, зарим нь аль, алинаар нь давхар санал өгөх
мэтээр будилаан гарах вий. Өмнөх сонгуулиар иргэний үнэмлэхийг
давхардуулж олгоод, олон хүн хоёр удаа санал өгснийг Дээд шүүх
тогтоосон. Цахим үнэмлэх, санал тоолох автомат машины тухай тогтоолыг
аль эрт гаргаад, төсөвт ч мөнгө нь суучихсан байсан. Харин хийх гэж
байгаа хүмүүс нь элдэв шалтаг хэлээд байгаа нь яалт ч үгүй хардалт бий
болгож байна л даа.
-Санал тоолох машины тухайд?
-Санал
тоолох машинд бүрэн найдаж болохгүй. Гэхдээ сонгогчдын саналыг машинаар
тоолохоор болсон нь дэвшилт. Маргаантай асуудал гарсан, программ
хангамж найдвар төрүүлэхгүй байгаа, саналын дүнд итгэхгүй байх зэрэг
тохиолдол гарч болно. Энэ үед иргэдийн бөглөсөн саналын хуудсыг гараар
тоолох боломж ч бий. Ийм хувилбар байгаа. Тодруулбал, санал тоолох
төхөөрөмжийг ашиглаад сонгууль будилаантуулах гэсэн оролдлого гарвал
нотлох баримт буюу иргэдийн өгсөн саналын хуудсыг давхар тоолох боломж
байгаа.
-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа
талаар их ярьдаг болсон. Харин Ардчилсан намынхан үүнд хэр анхаарч байна
вэ. Тус намын гишүүний хувьд ажигласан зүйл байна уу?
-Ажиглагдсан
зүйл алга. Энэ тал дээр анхаарах нь тааруу байна л гэж хэлнэ. Уг нь
өдийд тухайн хүн аль тойрогт өрсөлдөх, нэр дэвших гэж байгаа хүмүүс
хаана өөрсдийгөө бэлдэх вэ гэдэг нь тодорхой болсон байх ёстой.
Сонгуулийн сурталчилгаа хийх нэг сар хүрэхгүй хугацаанд томсгосон буюу
тойрог, бүхэл бүтэн дүүрэг, аймгийн хэмжээнд өөрийгөө сайн таниулах
боломжгүй. Маш хэцүү. УИХ-ын гишүүд, сайд нар бол өөрсдийгөө таниулаад
байдаг. Нөгөө талд нь сонгуульд өрсөлдөх гэж байгаа эмэгтэйчүүд
тэнцвэргүй байдалд байна. Бодлого нь тодорхой бус л харагдаад байна.
-Үүнээс
гадна Ардчилсан намынхан нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээсээ 50
төгрөг авсан. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн
холбооноос үүнийг эсэргүүцэж байгаа нь үр дүнд хүрч байгаа болов уу?
-Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл энэ асуудалд нэлээд
шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байсан. Би ч үүнийг дэмжиж
байгаа. Нэр дэвших хүмүүст ард түмнийг төлөөлж чадахуйц байна уу, хууль
тогтоох үйл явцад оролцох мэдлэг, чадавхитай юу, олон түмнийг төлөөлж
ажиллах ёс зүйтэй юү гэдэг шалгуур тавих ёстой. Гэтэл өнөөдөр үүнээс
илүүтэйгээр “Хэдэн төгрөг өгсөн бэ” гэдэг шалгуур тавьж байгаа нь маш
буруу. Хэн их хандив өгсөн нь нэр дэвшиж, нэрсийн жагсаалтын дээгүүр
бичигдэх юм бол асар их аюултай. Нэг ёсондоо улстөрчдийн гаргах шийдвэр
мөнгө өгсөн хүмүүсээс хамааралтай болно. Тиймээс эхнээсээ зоригтой
шүүмжилж, дуугарч байгаа нь зөв. Ил тод хэлж байгаа нь Ардчилсан намд
гардаг эрүүл үзэлдэл байна. Гэхдээ энэ хэвээр нь явуулаад байвал буруу.
-Таны хувьд намдаа 50 сая төгрөг өгсөн үү?
-Би 50 сая төгрөг өгөөгүй. Мөнгөн шалгуураар биш ард түмнийг төлөөлж чадах хүнийг нэр дэвшүүлээсэй л гэж бодож байна.
-Ардчилсан
нам дахь фракциуд тойрог хуваарилах тохироогоо хэдийнэ хийсэн сураг
байсан. Эмэгтэйчүүд тэр тохироонд нь оролцов уу. Ялангуяа 50 сая төгрөг
өгөөгүй эмэгтэйчүүд?
-Би хувьдаа эмэгтэйчүүд шүүмжлэлтэй
хандаж байгаа болохоор тэр тохироонд нь орж чадахгүй байгаа байх гэж
харж байна. Эмэгтэйчүүд буруу зүйлийн эсрэг дуугараад байна шүү дээ.
Эмэгтэйчүүд тохиролцоонд оролцоогүй байгаа байх. Тийм ч байгаасай гэж
бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин