Америк түрүүчийг Афганистанд авчрахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Америк түрүүчийг Афганистанд авчрахыг шаардав

Афганистаны Кандагар мужийн зэргэлдээ хоёр тосгонд 16 энгийн номхон иргэнийг буудаж хөнөөсөн гэх америк түрүүч Роберт Бейлсийг афганистанчууд өөрсдийн шүүхээр шүүхийн тулд тус улсад эргүүлэн өгөхийг шаардаж байгаа гэнэ. Кандагар дахь Америкийн цэргийн баазад алба хашиж байсан түрүүч Роберт Бейлс Охай мужид төрж өссөн бөгөөд Норвудын ахлах сургуулийн хөлбөмбөгийн багийн шилдгүүдийн нэг байжээ. Эхнэр, хоёр хүүхэдтэй түрүүч Роберт Бейлсийг таньж мэддэг хүмүүс түүнийг үг дуу цөөтэй, сайн залуу гэж ярьсан бөгөөд Афганистанд болсон аймшигт хэрэгт сэжиглэж буйд итгээгүй аж. Тэрбээр 2001 оны 9/11халдлагаас хоёр сарын дараа армид элсч, 2003, 2006 онд Иракт тусгай ажиллагаанд оролцож байжээ. Түрүүч Роберт Бейлс сүүлд  2009-2010 оны хооронд Иракт тусгай ажиллагааны үеэр зам дээр тэсэлсэн тэсрэх бөмбөгт машин нь өртөхөд  тархиндаа хүнд гэмтэл авчээ. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард Афганистан руу дөрөв дэх удаагаа тусгай ажиллагаанд явахад эхнэр нь дургүй байсан гэнэ. Роберт Бейлс эхнэр хүүхдийнхээ хамт Вашингтоны Лейк Таппс хэмэх газар 280 мянган ам.долларын хауст амьдардаг аж. Хөршүүд нь тэдний хүүхдүүдийн төрсөн өдрийн баярт байсхийгээд уригддаг байсан бөгөөд тэднийг хөгжилтэй, сайхан гэр бүл гэж ярьсан байна. Роберт Бейлсийг Кандагараас долоо хоногийн өмнө АНУ-д аваачсан аж. Шүүгчийн хэлснээр түүний хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд шүүх хурал 120 хоногийн дараа эхлэх юм байна. Өнгөрсөн баасан гаригт Хамид Карзай хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахад түрүүчийг Афганистаны шүүхээр шүүхийг Ерөнхийлөгчөөс шаардсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж