“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Австралийн Сенатын сонгуульд өрсөлдөх гэж буй талаар өчигдөр “Twitter” хуудсандаа бичжээ. Авсралид төрж өссөн Жулиан Ассанж хэдийгээр Англид гэрийн хорионд байгаа боловч Сенатын сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой гэж нууц мэдээллийн сайтыг эрхлэн гаргагчид үзэж байгаа гэнэ. Нууцын зэрэглэлийн баримт сэлтийг дэлгэж, өөрийгөө үг хэлэх эрх чөлөөг тунхаглагч гэж зарласан Жулиан Ассанж хамгийн ээдрээтэй, зөрчилтэй үзэл бодолтой хүн гэдгээр олон улсад танигдсан юм. Шведэд хүчингийн хэрэгт холбогдсон Жулиан Ассанжийн хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Түүний хэргийг Англиас Шведийн талд шилжүүлэх шийдвэр гаргасан авч Ассанж давж заалдсан байна. Жулиан Ассанж өөрт нь тулгасан хэргийг няцааж, улс төрийн санаатай явуулга гэж үзэж байгаа билээ. Түүний өмгөөлөгчид шаардлагатай бол Европын Хүний эрхийн шүүхэд хандана гэж мэдэгджээ.
Н.Энх