Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

“Кони-2012”

Угандагийн босогчдын толгойлогч, цусаар гараа угаасан Жосеф Конигийн тухай “Кони 2012” хэмээх 30 минутын баримтат бичлэг интернэтэд жинхэнэ шуугиан тарьж байна. Ганцхан долоо хоногийн дотор уг бичлэгийг 100 сая гаруй хүн үзжээ. Интерполоор эрэн сурвалжилж буй Жосеф Конигийн эсрэг кампанит ажил эхлүүлсэн “Visible Measures”-ийн мэдээлснээр баримтат бичлэгийг энэ сарын 5-нд интернэтээр цацсанаас хойш долоо хоногийн дотор 112 сая хүн үзсэн байна. Интернэтэд баримтат бичлэгээс гадна Жосеф Конигийн толгойлдог “Лордын эсэргүүцлийн арми”-ийн өдүүлсэн аллага хүчирхийлэл, цуст гэмт хэргийг илчлэх зорилготой “Үл үзэгдэгч хүүхдүүд” байгууллагын идэвхтнүүдийн хэдэн зуун видео бичлэгүүд тавигджээ. “YouTube” сайтаар цацагдсан даруйд уг бичлэг испани, итали, франц, хятад хадмал орчуулгатай гарч байна.

Жозеф Кони болон түүний толгойлдог Лордын эсэргүүцлийн арми 1986 оноос хойш эдүгээ хүртэл 66 мянга гаруй хүүхдийг хулгайлан  цэрэг, секс боол болгож, хоёр сая гаруй угандчуудыг эх нутгаас нь хөөн гаргасан юм. 2005 онд Гаагийн Олон улсын гэмт хэргийн шүүхээс хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн Жозеф Конигийн цуст гэмт хэргүүдэд 33 төрлийн ял оноосон боловч одоо хэр нь түүнийг баривчилж чадаагүй байгаа юм. Жозеф Кони болон түүний шадар дөрвөн командлагч Интерполын хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад бичигджээ. Ямар ч боловсрол эзэмшээгүй Жозеф Кони 1986 онд Ерөнхийлөгч Йовери Мусевениг Угандагийн төрийн эрхэнд гарсны дараа эрх баригчдын авлига, хээл хахуультай тэмцэж, энгийн иргэдийн эрхийг хамгаалахаар бослого дэгдээж, ард түмний хүндлэлийг хүлээсэн оюун санааны удирдагч болсон юм. Өөрийгөө бурхантай ярьдаг, “Ариун сүнс” гэж хүмүүст итгүүлсэн Жозеф Конигийн бослого хөдөлгөөн эхэндээ олон нийтийн дэмжлэг хүлээсэн ч тэр иргэдийн итгэл үнэмшлийг тэдний эсрэг ашигласан юм. Түүний байгуулсан “Лордын эсэргүүцлийн арми” Угандаг Ачоли омгийн цусаар цэвэршүүлж, шашин төрийг хосолсон улс байгуулахыг зорьжээ. Түүнд хамгийн их нөлөөлсөн хүн нь ачоличуудын нутагт хүчтэй дэлгэрсэн Христийн “Ариун сүнс” хөдөлгөөний Алис Аума байсан юм. Тэднийг садан төрлийн холбоотой байсан гэдэг. 1986 онд Угандагийн ачоли Ерөнхийлөгч Тито Окелло огцорч, Йовери Мусевени төрийн эрхэнд гарахад тус хөдөлгөөн нөлөөгөө алдаж, Жозеф Кони олны дэмжлэг авсан юм. Дэмжигчдийн хамтаар төрөлх Одек тосгоноос гарсан Жозеф Кони 1987 онд Угандагийн Үндэсний чөлөөлөх фронтын “Хар батальон”-ы цэргүүдтэй нэгдэж, армиа бүрдүүлсэн аж. Гэвч түүний армийн цэргүүдийн дийлэнх нь хүүхдүүд байдаг байв. 1986 оноос хойш түүний хулгайлж, армидаа элсүүлсэн хүүхдүүдийн тоо 104 мянгад хүрч байсан гэх баримт ч бий. Кони болон түүний армийн цэргүүд хүүхдүүдийг тосгодоос хулгайлж, эцэг эх, хөршүүдийг нь толгой дараалан хядаж байжээ. Өнчин хоцорсон хүүхдүүдэд тулалдахаас өөр сонголт үлддэггүй байсан гэдэг. 1992 онд Конигийн армийн цэргүүд Гэгээн Мэригийн охидын сургуулийн 192 охиныг хулгайлсан юм. Охидыг секс боол болгодог байсан аж.

Жозеф Кониг дэмжигчид түүнийг ариун сүнсээр хамгаалагдсан бурхны элч гэдэгт итгэдэг бөгөөд түүнтэй уулзаж, ярилцаж байсан хүмүүс хачирхалтай зан үйлийн талаар ярьдаг билээ. Тэрбээр Угандагийн Ато Хилл ууланд жилдээ заавал очиж, орой дээр нь гаран халуун наранд олон хоног хэвтдэг аж. Кони биедээ Яао модны шүүс түрхэхэд морин шоргоолж биеийг нь хөнжил шиг бүрхдэг гэнэ. Харин энэ хачин зан үйлээ үйлдсэний дараа харанхуй агуйд хэдэн хоногоор бүгдэг аж. Жозеф Кони хэрээс тэмдэг сумнаас хамгаалдаг гэдэгт итгэдэг тул хүүхдүүдийн цээжин дээр ийм тэмдэг тавиулдаг талаар гэрчүүд ярьсан байна. Өөрийгөө бурхантай ярьдаг гэх Жозеф Кони олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг нэгэн бөгөөд 88 эхнэр, 42 хүүхэдтэй юм байна. Гэвч энэ хачирхалтай эр 2006 онд BBC-гийн нэгэн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “түүний тухай ярьдаг зүйл бүгд худал, хоосон яриа” гэсэн юм. Тэрбээр “Угандад юу болсныг би та нарт тодорхой хэлье. Ерөнхийлөгч Йовери Мусевени тосгоны хүмүүсийг хүйс тэмтэрч, чих хамрыг нь огтолж, хийсэн хэргээ “Лордын эсэргүүцлийн арми” руу түлхсэн. Би та нартай л адилхан хүн. Би бусадтай л адил нүдтэй, тархитай. Гэвч тэд намайг хэнтэй ч ярьдаггүй, хүний мах иддэг мангас мэтээр ярьцгаадаг. Хэрэв би алуурчин юм бол та яагаад надтай уулзах гэж ирсэн юм бэ?” хэмээн ярьсан байдаг. Түүнээс бурхантай ярьдаг эсэхийг асуусан сурвалжлагчийн асуултад тэрбээр “Тиймээ, маш олон удаа бурхан надтай ярьсан. Тэр намайг чиглүүлж, дайснууд чинь довтлох гэж байна гэж анхааруулдаг” гэжээ. Харин “Лордын эсэргүүцлийн арми” хэдэн мянган хүүхдийг хулгайлсан уу гэсэн асуултад тэрбээр “Бид нэг ч хүүхдийг хулгайлаагүй. Тэд бол өөрсдөө сайн дураараа армид элссэн хүүхдүүд” хэмээн ярьсан байна.

Угандагийн арми Жозеф Кониг устгах оролдлого бүр амжилтгүй болж байжээ. Хамгийн сүүлд Конго, Суданы бөглүү ширэнгэн ойд түүнийг бүгэж буй тухай мэдээ ирсэн аж.  Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа тусгай албаны 100 гаруй дайчдыг Төв Африк руу илгээсэн юм. Гэвч бүрэн зэвсэглэсэн тусгай албаныхан “Лордын эсэргүүцлийн арми”-ийн талаар дутуу дулимаг мэдээлэл сэлтээс өөр амжилт олоогүй талаар Барак Обама Конгресст мэдээлсэн байдаг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж