Н.Лувсанжав: Сарын сүүлчээр санал тоолох 800 машин авчирна | News.MN

Н.Лувсанжав: Сарын сүүлчээр санал тоолох 800 машин авчирна

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Н.Лувсанжав: Сарын сүүлчээр санал тоолох 800 машин авчирна

Сонгуулийн бэлтгэл ажил хэр байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцсан юм.
 

-Сонгуулийн
бэлтгэл ажил хэр байна. Саналын хуудсыг автоматаар тоолох машинуудыг
оруулаад ир­чихсэн үү. Энэ төхөөрөмж дээр ажиллах хүмүүсийг сур­гах ажил
ямар шатанд байна вэ?

-Сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөсний
дагуу хийж байна. Саналын хуудсыг автоматаар тоо­лох машинуудын
түрүүчийг нь авчирсан. Программчлал хийж, бэлтгэл хангахтай
холбоотойгоор эхний ээлжинд 30 машин ирсэн. Харин энэ сарын сүүлч гэхэд
эхний ээлжийн 800 орчим машиныг Канадаас авчирна. Эдгээр машин дээр
ажиллах хүмүүсийг сургах ажлыг эхлүүлэх хараахан болоогүй. Эхний ээлжинд
машинууд дээрээ программчлалаа суулгасны дараа сургалт явуулахаар
компанитайгаа тохирсон хуваарьтай учир  бүх зүйл хуваарийн дагуу явж
байгаа.

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Иргэний ухаалаг
үнэмлэхийг энэ оны зургаадугаар сарын 21 гэхэд тараана” гэж мэдэгдсэн.
Гэтэл сонгууль зургаадугаар сарын 29-нд болох тов гарсан. Энэ бүхнийг
тооцож үзэхэд сонгууль хугацаандаа болж амжих болов уу?

-Энэ
жилээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн
жагсаалтыг  хариуцаж иргэний ухаалаг үнэмлэхээр бүртгэлтэй холбоотой бүх
асуудлыг хамрахаар болсон. Өмнө нь сонгогчийн үнэмлэх гэж олгодог
байсан бол энэ жилээс эхлэн иргэний ухаалаг үнэмлэхээр бүртгэл,
жагсаалтын асуудлыг цэгцлэхээр болоод байгаа. Тиймээс Улсын бүртгэлийн
ерөнхий газрынхан сонгуулиас өмнө иргэний ухаалаг үнэмлэхийг тарааж
амжина гэж байгаа бол сонгууль хууль дүрмээрээ л явна гэсэн үг. Учир нь
манай хорооны зүгээс хийх ёстой ажлуудаа хэвийн хэмжээнд цаг хугацааны
хувьд хоцрогдолгүйгээр хийгээд явж байгаа.

-Улсын бүртгэлийн
ерөнхий газрын даргаар Ардын намын нарийн бичгийн дарга асан
Л.Амарсанааг томилсныг та юу гэж дүгнэж байна. Энэ томилгоог улстөржсөн
томилгоо болсон гээд байгаа?

-Энэ миний хариулах ёстой асуулт биш байна. Манайд хамаатай асуудал биш.

-Муугаар бодоход  үүнээс болоод УИХ-ын 2012 оны сонгуульд будилаан гарвал танай хороо хариуцлагыг нь хүлээнэ биз дээ?
-Сонгуулийн
ерөнхий хороо ямар асуудлыг хариуцах, юуг хариуцахгүй вэ гэдгийг
хуулиар маш тодорхой заачихсан учир тийм асуудал үүсэхгүй байх.

-УИХ-ын
сонгуулийг энэ жил 48:28 гэсэн хувилбараар холимог системээр явуулахаар
болсон. 48 мандатын тойрог тодорхой болсон байсан. Харин 28 мандатын
тойрог нэг том байна гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-28 мандат бол намуудад сонгогчдын өгсөн саналын хувийг харгалзсаны үндсэн дээр суудал хувиарлах замаар сонгогдох хэсэг юм.

Р.Сарангоо


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж