Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Тойрог ба амбиц

УИХ-ын 2012 оны сон­гуу­лийг холимог тогтолцоогоор явуулах болсноос үүдэн 76 суудлын 48-ыг л мажоритар зарчмаар тойргоос тодруулахаар болж нэр дэвшигчдийн амби­цийн өсөлт, тойргийн тооны уналт давхцан сонгуулиас наана намуудын дотоод сонгууль амь тэмцүүлсэн асуудал болж хувирлаа. Томсгосон 26 тойрог дээр 48 мандат дэн­дүү хомсдож, нэгээс хоёр мандатаа хасуулсан хөдөөгийн тойргийн гишүүд, тэнд нэр дэвшихийг шинээр горилогчид давчуу газар шахагдсан сүрэг адуу шиг тачигнаж эхэллээ. Пропорциональ элементээр, намын жагсаалтаар хуваарилах 28 суудал цаана нь байгаа ч наймаас хойш нэр нь жагсаагд­сан нэр дэвшигч бол зүгээр л хий бэлгэдэл болж, нэр дэвшсэн гэх хоосон гуншинтай л хоцрох тул тийнхүү тойрог руу Сахарын цөлийн араатан амьтад усны үнэр авсан мэт тэмүүлцгээж буй хэрэг.

Архангай аймаг гурван мандатынхаа нэгийг алдаж хоёр болсон. УИХ-д өдгөө тус тойргоос АН-ын гурван “баатар” төр түшиж буй. Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, гишүүн Н.Батбаяр нар дээр МАН-аас “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор нарын залуус, МҮАН-аас Ц.Цолмон, МАХН-аас ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал  нар хоёр суудлын төлөө тоосоо үзэж, 28-ын босго даваад унах азтай аавын хүү байвал пропорциональ тал руу гулсан намаа гайгүй хувь аваасай хэмээн залбирах үлдээд байна.

Баян-Өлгий аймгийн  гурван мандат мөн нэгээр цөөрсөн. МАН-аас өнөөгийн гурван гишүүн болох А.Тлейхан, Х.Баделхан, Х.Жекей нарын хоёр нь,  АН-аас төрийн алба ажлаа аль аль нь тушаачихаад буй ГЕГ-ын дэд дарга асан А.Мурат, ХААИС-ийн дэд захирал А.Бакей нартай өрсөлдөнө. Дээр нь үндэсний цөөнхийн болон жендэрийн тэгш байдлыг зэрэг хангасан хоёр намын хоёр эмэгтэй дэд сайд Ж.Сауле, Ч.Куланда нар байна. Гэхдээ энэ аймаг мандат цөөрсөн ч үндэсний төлөөллөө алдахгүй байхаар хуулиар дархлагдаад байгаа. Сонгуулийн хуульд үндэсний цөөнхийн төлөө­лийг хангах талаар тус­гай­лан заасан тул нам бүр пропорциональ талдаа казах үндэстний төлөөллийг заавал оруулж суудал өгөх ёстой.

Баянхонгор  аймаг мөн нэг мандатаа алдаж хоёр болсон. Өнөөдөр МАН-ыг төлөөлж буй Г.Занданшатарыг АНУ-д элчин сайдаар явуулна гэсэн бор шувуу аль хэдийнэ нисчихэж. АН-ын хоёр болох Батж.Батбаяр, Х.Баттулга нар амиараа дэнчин тавин тойргоосоо зуурч буй. “MСS”-ийн дэд захирал Л.Элдэв-Очир тэнд хүчтэй өрсөлд­вөл эрхэм гишүүдийн нэг далаа шороодож мэдэхээр болжээ.

Булган аймаг ганцхан мандаттай болсон нь жинхэнэ гамшиг болгоод байна. МАН-ын эрхэм гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нараас гадна АН-аас УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр, МҮАН-аас Б.Цогтгэрэл, БНН-аас Б.Жаргалсайхан, МАН-аас Г.Идэрмаа, АН-аас М.Болормаа гээд нэр дэвших магадлалтай олон хүн тунажээ.

Говь-Алтай аймаг ганцхан мандаттай болсон. “Чоночин” гишүүн Ж.Энхбаяр МАН-аас өрсөлдөх бол АН-аас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Ариунсан тэнд нэр дэвших бололтой. Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлээд хоёр мандаттай байснаа одоо ганцтай үлдсэн. Хоёр намын Батсууриудаас гадна Аймгийн Засаг дарга, АН-ын П.Ганхуяг, МАН-аас эрхэм гишүүн асан Ч.Одончимэдийн хүү, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар нар зодог шуудгаа бүсэлчихээд байна.  Дорнод  нэг мандатаа цомхотгуулж хоёртой хоцров. МАН-аас Д.Одбаяр, АН-аас П.Алтангэрэл, Хамуг Монго­лын хөдөлмөрийн намаас Ц.Шинэбаяр, “МАК” группын дэд ерөнхийлөгч, МАН-ын залуучуудын байгууллагын зүтгэлтэн Н.Номтойбаяр, “Монгол шилтгээн”-ий захирал С.Отгонбаяр нар хоёр мандат дээр хүч үзнэ.

Дундговь аймаг хоёр мандатынхаа нэгээс салав. Одоо ганц мандат дээр дууч хуурч аймгийн гишүүд шовхоо үзэх гэж байна. МАН-аас Р.Раш, Х.Наранхүү нарын төлөөлж буй тус аймагт АН-аас Н.Соёмбо, МҮАН-аас ч нэр дэвшигч орж ирэхээр дуулдаж байна. Завханыхан гурван мандатаа хоёр болгосон. Өнөөдөр төр түшиж буй МАН-ын гурав болох Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нар дээр АН-аас аймгийн Засаг дарга Я.Санжмятав, АН-ын нийслэлийн дарга Ш.Түвдэндорж, Ардчилсан эмэг­тэй­чүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа нар нэмэгдэх бололтой. Бас Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг Завхан, Орхоны аль нэгээс нэр дэвшихээр болжээ.

Уул уурхайн баялгийн эзэн, хүн ам нь автоматаар өсч буй, газар нутгаарааа бол Монголдоо дээгүүрт орох Өмнөговийн хоёр мандат ганц болов. Одоо төр түшиж байгаа МАН-ын Х.Бадамсүрэн, АН-ын Ц.Баярсайхан нарыг АН-ын “Ажнай” Д.Бат-Эрдэнэ айлгаж байгаа дуулдана. Дээр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Б.Долгор МАН-аас нэмэгдэнэ. Өвөрхангай дөрвөн мандатаа тэхий дундуур нь хуваалгаж хоёрхонтой хоцров. МАН-ынхан хуучин хашир гишүүн Д.Лүндээжанцанг пропорциональ талд үлдээж ТӨХ-ны дарга Д.Сугар, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарыг сойхоор болсон дуулдана. Гэхдээ Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн дарга болж магадгүй гэсэн яриа бас явж буй. АН-ын З.Энхболд, Д.Зоригт гээд төр түшиж буй гишүүд мэдээж хуучин газраа үзэхийг хүсч байгаа.
Сэлэнгийн гурван мандат хоёр болсон. Э.Бат-Үүл гишүүн нэр дэвшихгүй гэсэн яриа Төрийн ордонд дуулдах болжээ. “Бор шувуу” ч байж мэднэ. Сангийн сайд С.Баярцогт, АН-ыг гайгүй сайн чихдэж хэрүүл уруулыг нь намжаасан ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нартай МАН-ын О.Чулуунбат, МХЕГ-ын дарга Р.Содхүү нар өрсөлдөж мэдэхээр дуулдана. Сүхбаатар аймгийн хоёр мандат уртаашаа ганц болсон. МАН-ын дархан гишүүн Ч.Улаан, Р.Буд нартай АН-аас аймгийн Засаг дарга Ж.Сүхбаатар, МҮАН-ын Б.Дэлгэрцогт нар өрсөлдөх бололтой. Ч.Улаан гишүүн пропорциональ талд шилжиж магадгүй юм байна.

Төв аймгийн дөрвөн мандат хоёрхон дээр буусан. Өнөөдрийн МАН-ын дөрвөн гишүүнээс Д.Дондог, Н.Энхболд нарыг пропорциональдаж М.Энхболд, Су.Батболд нарыг тойрогт өрсөлдүүлэх бол АН-аас ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал дуун дээр зоолттой байна. Ховд аймгийн гурван мандат хоёр болсон. МАН-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн С.Бямбацогт нар тойр­­гоо алдахгүйг хичээж бай­на. АН-аас аймгийн Засаг дар­га Б.Пүрэвдорж өрсөлдөх магадлал хамгийн сайн байгаа дуулдана. Хэнтийн гур­ван мандат хоёр болсон. МАН-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нараас нэг нь “унана”. Харин АН-аас “Монроуд” –ын Н.Гарамгайбаатар даагаа нэхэх бол “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, МАН-ын залуучуудын байгууллагын дарга Б.Оюун-Эрдэнэ нарын өрсөлдөгч мундахгүй олон байна. Бас МАХН-ын дарга Н.Энхбаяр нийслэлээс биш Хэнтийгээс нэр дэвших магад­лал их байгаа аж.

Монголын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймаг дөрвөн мандатаа мөн л хоёр болтол тануулсан ч хамгийн олон нэр дэвшигч тэнд тулцалдаж байна. МАН Ө.Энхтүвшин гишүүнийг пропорциональ талд шилжүүлж магадгүй байна. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл ч пропорциональ хэсэгт жагсах боломжтой дуулдана. Тэгвэл МАН-аас Ц.Даваасүрэн гишүүн “MCS”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, АН-аас Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, мөн төрийн албаа тушаагаад буй УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Батхуяг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нар Хөвсгөлд нэр дэвшихээр тунарчээ. Харин АН-ын Ардчил­сан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл албан тушаалаараа пропорциональ талд жагсч мэдэх юм.

Увс аймгийн гурван мандат хоёр болсон. Ц.Нямдорж гишүүн Улсын дээд шүүхэд очих сураг дуулдаж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар МАН-аас, АН-аас аймгийн АН-ын дарга Н.Цэндсүрэн өрсөлдөж магадгүй байна. Дархан-Уул гурван мандатаа хоёр, Орхон аймаг хоёр мандаттай хоцорсон.
Улаанбаатар хотын Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж гурван мандат нь хоёр, Баянзүрх дүүрэг Налайхтай нэг тойрог болж дөрвөн мандат нь гурав,  Сүхбаатар дүүргийн гурван мандат хоёр, Чингэлтэйн гур­ван мандат хоёр,  Баянгол дүүр­гийн гурван мандат хоёр, Сонгино­хайрхан дүүргийн дөрвөн мандат гурав болж хорогдсон.

Пропорциональ 28-д нэр дэвшинэ гэдэг үндсэндээ нэр дэвшээгүйтэй ижил учир той­рогт өрсөлдөхөөр бүртгүү­лэг­сэд намын дарга нараа шанал­гаж эхэлжээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж