Цацраг идэвхт бодисыг саармагжуулах ажил хийж байгаа дүүргүүдийн оршин суугчид өөр мужууд болон дүүргүүд рүү нүүхээр болсон юм. Тэдэнд олгох нөхөн төлбөр нь өөрсдийн гэр орондоо амьдрах боломжгүй болоод байгаа иргэдийнхээ сэтгэл санааг тайвшруулах зорилготой гэжээ. Түүнчлэн Японы Засгийн Газраас үл хөдлөх хөрөнгөө Фукушимад орхих болсон иргэдэд тэдний үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Хавар болж, цаг агаар дулаарахаар Фукушима мужийн цезийн цацраг идэвхт бодисонд бохирдсон хөрсний бохирдлыг саармагжуулах ажлыг өргөн хэмжээний газар нутагт хийхээр төлөвлөөд байгаа юм. Одоо 29 сая куб метр газрыг цэвэрлэх шаардлагатай гэсэн тооцоо хийсэн ажээ. Япон улс хөрсний бохирдлоо саармагжуулах ажилд наад зах нь нэг их наяд иен буюу 13 тэрбум ам.доллар зарцуулах байх гэж шинжээчид үзэж байна.