MIT-ийн профессор, оюутнууд Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

MIT-ийн профессор, оюутнууд Монголд ирнэ

Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх “Глобал Шейпэрс” нийгэмлэг байгуулагдсан. Салбартаа манлайлагч 20-30 насны залуус нэгдэн нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө олон ажил зохион байгуулдаг. Манай улсад “Улаанбаатар Глобал Шейпрс” нийгэмлэгийнхэн өнгөрсөн наймдугаар сард 10 гишүүнтэй байгуулагдан тэргүүнээр Дэлхийн залуу манлайлагч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг сонгогджээ. Тэд өнгөрсөн хугацаанд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүйн хөгжилд хандсан багагүй ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид олон зүйл төлөвлөөд байгаа юм байна.

“Глобал Шейпэрс” нийгэмлэгийнхэн дэлхийд чансаагаараа хоёрт жагсдаг АНУ-ын Массачүсетсийн Технологийн Их Сургуулийн хоёр профессор, 24 оюутныг эх орондоо урьжээ. Тус сургуулийн оюутнуудтай энэ сарын 21-ний өдрийн 13.00 цагаас Петровис компанийн байранд уулзах үеэр Монголын оюутан залууст тус сургуульд хэрхэн элсэн суралцах талаар мэдээлэл өгнө. Энэхүү уулзалтад оролцох сонирхолтой залуусыг ирэх даваа, мягмар гаригт Петровис компанийн байранд бүртгэж байна.

Мөн Бизнес, компьютерийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, чадвартай ч ар гэрийн боломжгүй залуусыг сонгон шалгаруулж Малайзын Абухари их сургуульд бүх зардлыг нь даан суралцуулах тэтгэлэгийг “Глобал Шейпэрс” нийгэмлэгийнхэн зарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж