Б.Мөнгөлдэй: Би өөрөө их том ертөнц | News.MN

Б.Мөнгөлдэй: Би өөрөө их том ертөнц

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөлдэй: Би өөрөө их том ертөнц

Зураач С.Саранцацралтын охидын стилл имиж, амьдралыг үзэх үзэл хийгээд ирээдүйн тухай яриа нь олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Зураач аав, ээжтэй, дуучин эгчтэй, дизайнер Б.Мөнгөлдэйг ярилцлагынхаа буланд урилаа. Түүнийг мэдэх олон хүмүүс өөр өөрсдийнхөө төсөөллөөр хүлээж авдаг байх. Харин өнөөдөр бас нэгэн өөр нүдээр түүнийг харсан юм. Урьд нь ярилцаж байснаас тэр өөр өнгөөр тэр бид хоёр ярилцлаа.

-Чиний зурсан зургуудийг Мерлон Менсоны зургуудтай их адилхан байдаг гэлцдэг. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Мэдээж миний шүтдэг хүн Мерлин Менсон. Тэр хүн яг өөрийнхөөрөө байж чаддаг нь надад таалагддаг юм. Нэг удаа фэн нь би чам шиг болмоор байна гэхэд тэр “Чи өөрийнхөөрөө л бай тэгвэл чи яг над шиг болно” гэж хэлсэн. Тэр үг надад их дотно сэтгэгдэл төрүүлж чадсан. Магадгүй миний зурсан зургууд түүнийхтэй адилхан харагдаж байж болох л юм. Тэглээ гээд миний бүтээл Мэнсоных болчихгүй шүү дээ. Би зөвхөн өөрийнхөөрөө л хийж бүтээх болно.

-Тэгвэл эхнэрийнх нь тухай ярья л даа. Дита Вон Тийс гээд нарийхан бэлхүүсээрээ гиннесийн номд бичигдсэн хүүхэн байдаг?

-Мэнсон анх түүнийг фото зурагчны альбомноос харж байсан гэдэг. Тэр үед Дита 30-аад оны урлагийн бүтээл шиг л харагдаж л дээ. Тэгээд Мэнсон түүнийг клипэндээ тоглуулаад тэр хоёр танилцсан юм билээ. Дита мөн чанар дээрээ Мэнсон шиг л хүн байгаа юм. Тэр хоёр зан чанарын хувьд их адилхан. Дита гоо үзэсгэлэнгээрээ зан авираа халхалдаг байх.

-Энэ хүмүүсийн тухай яриаг үүгээр дуусгая. Хүмүүсийг гадаад байдлаар нь дүгнэх ямар байдаг вэ?

-Хүн гэдэг дотоод сэтгэлийнхээ өчүүхэн хэсгийг л гадаад байдалдаа тусгасан байдаг. Харин хэн нэгний өмссөн хувцас, зүүсэн ээмгийг нь хараад ямар хүн болохыг нь шуудхан тодорхойлчихно гэвэл хэт хийсвэр хандсан хэрэг болно. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тухай ярихад л энэ бүхэн батлагдаж байгаа юм. Жишээ нь, эр хүн хатуу ширүүн, бэрхийг туулахаар бүтээгдсэн юм шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ уян зөөлөн эмэгтэй хүмүүс тэднээс илүү сэтгэлийн хаттай байдаг шүү дээ.

-Эрэгтэй, эмэгтэй хүйсийн асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Хүмүүс эмэгтэй хүмүүстэй их басамжилсан маягаар харьцдаг юм шиг ажиглагдсан. Үнэн хэрэгтээ эрчүүдэд техник талын сэтгэлгээ давамгайлсан байдаг учир зарим рок хамтлагт эмэгтэй соль гитарчин үгүйлэгдээд байгаа юм шиг санагддаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй эрчүүдтэй ярьдаг шигээ хандаж болохгүй. Харин гудамжаар их гоё эмэгтэй явж байвал би “Энэ ямар гоё хүүхэн бэ” гэж хүлээж авч болно биз дээ. Магадгүй эр хүний нүдээр харах ч юм билүү.

-Чамд эмэгтэй хүмүүс их таалагддаг юм уу даа?

-Үгүй шүү. Надад хувцаслалтаараа ч тэр, байгаа байдлаараа ч тэр эрчүүд таалагддаг. Тэдэнд чөлөөт загварын хувцаснаас илүү бие барьсан, дундад зууны готик маягийн хувцас их зохих юм шиг ээ. Харин эмэгтэй хүний тухайд гэвэл надад гоё ганган зүүлт чимэглэл, гялтгар гоёл таалгаддаг болохоор би модель хүүхнүүдэд дуртай. Гэхдээ Монголын моделууд биш л дээ.

-Гэр бүлийн тухай яриаг чинь хүмүүс их гайхширсан маягаар хүлээж авдаг. Энэ талаар жаахан ярилцах уу?

-Би өөрийнхөө үзэл бодлыг хэлснийхээ төлөө хэн нэг хүнээс шүүмж хүртэх дургүй. Энэ бүхэн миний л хүсэл сонирхол, миний л амьдрал. Харин бусад нь өөрийнхөөрөө л яваг. Би багаасаа л ганцаараа байна гэж боддог байсан. Хүн ганцаараа ирээд ганцаараа явдаг. Харин амьдралдаа өөр хэн нэгэнд дасаад, өрөөлийг ч өөртөө татаад, буцахдаа хэн нэгнийг шаналгаж, зовлонгийн үр тарих хэрэггүй. Гэхдээ байгалийн жамаар гэр бүл болж, үр хүүхэд үржүүлдэг хүмүүсийг би буруутгахгүй. Би тэдний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй. Тэгээд л боллоо.

-Тэгвэл чиний бодлоор оюун ухааны хувьд бусадтай зөрчил үүсгэхээргүй хүнийг нэрлээч гэвэл хэн байх байсан бол?

-Ээж. Би ээжийнхээ оюун ухааныг тэр дайтай мэдэрч байсан.

-Ээжтэйгээ зөрчил үүсгэдэг үү? Эсвэл чамд өөртэйгөө зөрчилдөх асуудал тулгардаг уу?

-Намайг ямар ч зүйл хийж байсан буруутгадаггүй шүү. Эсвэл би буруу зүйл хийдэггүй байх. Гэхдээ энэ чинь хүн хүний ухамсарын асуудал. Өдөр болгон шүү. Өглөө босоход, орой унтахад янз бүрийн хүмүүс энд тэндээс шулганаад л. Шийдвэр гаргахад их төвөгтэй. Би өөрөө ч энэ их шуугианд ядарчихдаг. Би өөрийгөө бүрэн таньж мэдэхийн тулд маш олон жил шаардагдах байх аа. Одоохондоо би анхан шатаа ч дуусгаагүй байна. Би өөрөө их том ертөнц. Би гэлтгүй хүн болгон л том том ертөнцүүд.

-Эх хүн үрдээ санаа тавих нь ухамсаргүй явдал гэж үү?

-Үгүй дээ. Харин ээж надад итгэдэг байх. Намайг буруу зүйл хийсэн ч алдаагаа засах өдөр ирнэ гэдгийг ойлгодог гээд хэлчихэж болно.

-Чиний бүх үйлдлийг алгаа ташин хүлээж авдаггүй л байх. Ямар зүйлд дургүйцлээ илэрхийлдэг вэ?

-Хэн нэгэн миний дургүйцлийг төрүүлэхэд би тэр хүнээс илүү гарахыг хүсвэл ээж огт хүлээж авдаггүй. Түүний үзэл баримтлал хийгээд шүтлэг, сургаал нь намайг номхруулж чаддаг. “Хэн нэгэн хүн чамруу муухай хялалзвал чи өөдөөс нь инээмсэглэ. Тэр хүнийг чи дийлнэ. Харин өөдөөс нь муу зүйл хийвэл түүний хорон санаа чамд шингэнэ” гээд л. Ээж их бодууштай сайхан үгс хэлдэг шүү.

-Ээж чинь буддын шашин шүтдэг. Харин чиний шашныг үзэх үзэл?

-Христ, буддын шашны үзэл бодол надад их ойр санагддаг. Зөв зүйлийг сургадаг юм шиг. Харин би өөрөө nature Power шашны Wiccan Rede урсгалыг шүтэж, амьдралынхаа мөрдлөг болгодог. Энэ шашны гол зарчим нь байгальтай илүү ойр байж, амьтдыг хүнээс илүү тавих юм. Оюун ухаанаараа өөрийгөө амьтнаас дээгүүр хэмээн үзээд бүх муу муухай аллага хийдэг амьд бие бол зөвхөн хүн.

-Байгальтай ойр байна гэдэг нь ямар учиртай вэ?

-Байгаль дэлхийтэй ойр байна гэдэг өвсөн дээр хөл нүцгэн явахаас тэс өөр. Харин өөрийгөө байгалийн эд эс гэдгийг дотоод ертөнцөөрөө мэдрэх, байгалийг өөртэйгөө ижилсүүлэхийг хэлэх байх. Энэ бүхнийг би шашинд автаж эхэлсэнээсээ хойш мэдэрсэн.

-Хэрэв чи байшин барилга хөглөрсөн XXI зуунд төрөөгүй байсан бол хэддүгээр зууны иргэн байх байсан бол?

-Тэгвэл… Орчин үеийн хотуудаас илүү дундад зууны үеийн Европын харанхуй цайзнууд миний сонирхлыг татдаг. Хүмүүсийнх нь амьдралын хэв маяг ч юм уу, хувцаслалт зэрэг нь нэг л гоё. Их чамин хийцтэй, тансаг харагддаг.

-Тэр үеийн кино, зохиолууд их байдаг. Аль нь чамд ийм бодол төрүүлчихэв?

-“Adam’s family” гээд кино байдаг даа, тэр их гоё. Бас “Харри Потер”-ын номыг уншиж байхад төрсөн төсөөллөө кинон дээрээс үзсэн маань их сайхан байсан. Гэхдээ кино гэхээсээ илүү ном надад их ойр тусдаг. Зохиолчийн санааг өөрийн төсөөллөөрөө хүлээж авах сайхан. Вампиризмын фантастик зохиол бичдэг Харрисоны “Vampire mystere” гэдэг номоор кино хийгээсэй гэж хүсдэг.

-Тэгвэл киноны дүрүүдээс сэтгэлд чинь хүрсэн эрэгтэй дүр бий юу?

-Миний ертөнцөд хийсвэр төсөөллөөс бүрдсэн хүн байдаг юм. Түүнийг Арлеки гэдэг. Би байнга түүнийг зурчихдаг. Яагаад ч юм тэр надад их ойр байдаг юм шиг. Магадгүй миний дотор оршдог байх. Жаахан байхдаа л зурж эхэлсэн. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй эсэхийг нь мэдэхгүй. Би хүн зурахдаа нүд нь тийм, гар нь ийм, хувцас нь улаан гэж боддоггүй. Зүгээр зурахаар л Арлеки босоод ирдэг. Зурсан зураг болгон дээр Арлеки орчихсон байдаг. Гутлаа тайлаад суучихсан, хүний ард нуугдчихсан. Заримдаа маш жижигхэн болчихно. Яг л надаар өөрийгөө зуруулаад байдаг юм шиг.

-Ямар сонирхолтой юм бэ. Чи Арлекиг бодит болгож, ямар нэгэн дүрээр бүтээх юмсан гэж боддог уу?

-Тэр их гунигтай царайтай л даа. Уг нь клипэнд ч юм уу оруулчихъя гэж бодсон боловч хайран санагдаад байсан. Тэглээ ч гэсэн хүйсийг нь мэдэхгүй болохоор бодитоор бүтээнэ гэхэд хэцүү. Магадгүй би түүнийг зөвхөн уран бүтээлдээ л илэрхийлэх ёстой байх. Биежихээрээ утгаа алддаг зүйл олон байдаг шиг Арлеки маань цаасан дээр л амилж байхаар миний сэтгэлд ирсэн байх.

 Т.Нипонь /2007 оны 12 сарын 27/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2010-03-02 182.160.61.103

Арлекино ch их гунигтай царайтай л даа.Арлекиноd ene ertontsod toroh ni yaagaad gunigtai baidag yum boldoo

Avatar

2010-03-02 182.160.61.103

Менсонiig harahaaraa aidaggyi yum baihdaa yaagaad iim urlagiin hymyys tam shig aimaar baraan ertontsod durtai baidag yum bol chotgor ch ooroo aimaar

Avatar

hoooh13 2010-03-02 127.0.0.1

dajgui shvv goy yriltslaga sanagdlaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж