Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүгдэгчдийн өмгөөлөгчидтэй өчигдөр уулзаж, цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээснээ танилцуулжээ. Гэхдээ тэднийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шүүх хурал болтол цагдаагийн хяналт дор эмчилгээ хийлгэхээр болсон байна. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй байвал, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөд, шүүх хурлын товыг зарлах аж.
Одоогоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй дээрх нэр бүхий гурван хүний биеийн байдал сайнгүй байгаа гэнэ. Хошууч генерал Ч.Амарболдын эхнэрээс биеийн байдлын талаар тодруулахад “Даралт нь буурахгүй гэнэт өсч байна. Сахар нь ихсээд 18-20 хувьд байгаа. Энэ бол хүнд байна гэсэн үг. Олон жил цагдаагийн байгууллагад эрүүл мэндээ умартан ажилласан. Одоо энэ өвчин нь сэдэрч байна. Нөхрийн маань биеийн байдал дээрдээгүй учир би байнга сахиж, хоол цайг нь зөөж байгаа” гэлээ.