Энэ хөтөлбөр нь Зүүн Хойд Азийн бүсийн улс үндэстэн бүрийн соёлын язгуур, өвөрмөц уламжлалыг өөр хооронд нь танилцуулах, харилцан суралцах, урлагийн бүтээлч чанарыг хөхиүлэн дэмжих замаар бүс нутагт төдийгүй дэлхийд гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, хамтран ажиллах, шинэ зах зээл нээх сайхан боломжийг олгож байгаагаараа онцлог ажээ.
Хөтөлбөрийн бүсийн шалгаруулалт хоёр үе шаттай болох бөгөөд оролцох бараа бүтээгдэхүүнийг тавдугаар сарын 1-нээс хүлээн авах юм байна. Харин шалгаруулалт долдугаар сарын 1-10-ны өдрүүдэд болох гэнэ. Шалгарсан бүтээгдэхүүнийг ЮНЕСКО-гийн Зүүн Хойд Азийн “гар урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн”-д нэр дэвшүүлэн бүсийн шалгаруулалтанд оролцуулна. ЮНЕСКО-гоос сонгогдсон шүүгчид журмын дагуу ирсэн бүтээлүүдэд нэг бүрчлэн үнэлгээ хийж дүнг гаргах юм байна. Шалгаруулалтын дүнг аравдугаар сарын 15-нд олон нийтэд мэдээлэх бөгөөд шалгарсан бүтээлд “Гар Урлалын Чанарын Батламжит Бүтээгдэхүүн” өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа болох гэнэ.
ЮНЕСКО энэ оноос Зүүн Өмнөд Азийн орнуудад улс үндэстний соёлын өвөрмөц уламжлал, онцлогийг хадгалсан бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд гар урлалын хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Гар урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн шалгаруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ньТөв болон Өмнөд Ази руу хүрээгээ тэлсэн бөгөөд Монгол Улс анх 2006 онд нэгдэн оржээ. Үүнээс хойш ЮНЕСКО-гийн Зүүн Хойд Азийн энэхүү хөтөлбөрийн бүсийн шалгаруулалтанд Монгол улсаас 11 шилдэг бүтээгдэхүүн “Гар чанарын батламжит бүтээгдэхүүн”-ээр шалгарсан аж.