“DEEP” сэтгүүлд Монголын тухай нийтлэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

“DEEP” сэтгүүлд Монголын тухай нийтлэл гарчээ

Танин мэдэхүй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “DEEP” сэтгүүлээс Чингис хааны нутгаар аялал зохион байгуулах хүсэлт гаргаж байжээ. Түүний дагуу Монгол Улсаас Хятадад суугаа элчин сайдын яам, мөн манай улсын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газартай хамтран 2011 оны наймдугаар сард уг сэтгүүлийн гурван хүний бүрэлдэхүүнийг Чингис хаантай холбогдолтой дурсгалт газруудаар аялуулсан юм. Тэд Чингис хааны агуу их амьдралын түүх-газар зүйн учир шалтгааныг эрж хайхаар Монголын тал нутгаар аялаж, Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогоос эхлэн түүний Хамаг Монгол Улсыг тунхаглан байгуулсан Хар зүрхний Хөх нуур хүртэл  “Чингис хааны аян замаар” гэсэн нийтлэлийг сэтгүүлийнхээ энэ хоёрдугаар сарын дугаартаа гаргажээ. Энэхүү нийтлэлийг танилцуулах арга хэмжээг 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас Хятадад суугаа элчин сайдын яам зохион байгуулав. Уг арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд мөн “DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь болон  Монгол судлаач, эрдэмтэд, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид оролцлоо
 
Элчин сайд Ц.Сүхбаатар хэлэхдээ, “DEEP сэтгүүлийн нийтлэл нь Монголын түүх, ард түмний аж амьдрал, ёс заншлыг бодитойгоор харуулсан нийтлэл болсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын аялал, жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд цаашид ч хоёр талын энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” гэв.

“DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь “…энэхүү нийтлэл нь Монголын тухай бодит ойлголтыг Хятадын олон мянган уншигчдад өгч, улмаар Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар монголын аялал, жуулчлалын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Арга хэмжээний үеэр “DEEP” сэтгүүлээс Монголын тухай фото зургийн цомгийг хүрэлцэн ирсэн зочдод үзүүлж сонирхуулав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж