100 мянган айлын орон сууц хөтөлбөр мөрөөдөл үү

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

100 мянган айлын орон сууц хөтөлбөр мөрөөдөл үү

Шинийн 1-ний өмнөх орой буюу битүүний үдэш Засгийн газраас иргэдэд 100 мянган айлын орон сууцыг зургаан хувийн хүүтэй зээлээр олгох шийдвэр гарч, үүнд баярласан иргэд цагаан сарыг өмнөх жилүүдийнхээс илүү өргөн тэмдэглэсэн. Залуу гэр бүлүүд, гэр хороололд өссөн жаалууд орон сууцанд амьдрах нь хэмээн баярлаж, хөдөө, гадаадад амьдарч байгаа ах дүү, хамаатан садандаа “Дүү нь удахгүй байртай болно” гэх сайхан мэдээ дуулгаж байсан нь лавтай. Гэтэл бодит байдал дээр тийм байсангүй.

Төрөөс өмнө нь орон сууц эзэмшиж байгаагүй, гэр бүлийн сарын дундаж орлого нь 700 мянгаас доошгүй иргэдэд 50 сая хүртэлх төгрөгийн зээлээр шинэ баригдаж буй орон сууцуудаас сонгох эрх олгосон. Зөвхөн энэ шаардлагын улмаас аавынхаа хажуу өрөөнд, ахынхаа өвлөж авсан байранд амьдарч байгаа, тухайн орон сууцны хамтран эзэмшигч гэсэн бүртгэлтэй өч төчнөөн залуус энэ зээлд хамрагдах эрхгүй болов.

Шинэ хувцас худалдаж авахгүй, хоол унд хэрэглэхгүй, автобус унаанд суухгүй, авсан цалингаасаа нэг төгрөг ч үрэхгүй гүрийлээ ч сарын орлого нь 700 мянгад дөхөж очихгүй олон зуун залуу гэр бүл Монголд байна. Тэд бүгд энэ зээлд хамрагдах эрхгүй гэсэн үг. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих, орон сууцжуулах зорилготой гаргасан шийдвэр хэдэн барилгын компанийн эрэлтийг ихэсгэх, тэднийг дэмжих далд бодлого болоод байна уу гэх хардлага иргэдийн дунд байна. Учир нь орон сууцны ам метр тутмын үнэ тэнгэрт хадаж, хамгийн хямддаа ам метр нь 1.3 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Иргэд 45 ам метр талбайтай орон сууцыг 1.3 сая төгрөгөөр худалдаж авлаа гэхэд л 58.5 сая төгрөг болж байгаа юм. Үүний урьдчилгааг бэлэн гаргаад өгчих бага, дунд орлоготой иргэн манайд хэр олон билээ. Ядаж байхад энэ зээлд хамрагдах иргэн аль нэг банк, банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг өргүй байх ёстой гэсэн. Тэгэхээр хоногийн хоолоо арай ядан хүргэж байгаа иргэдэд энэ нь мөрөөдөл хэвээр үлдэх болоод байна.

Харин Эд хөрөнгийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн үечилсэн лавлагаа авахаар уртаас урт дараалалд зогсож буй цөөн иргэний сэтгэгдэлийг сонслоо. Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн Н.Бямбаа “Өмнө нь орон сууц эзэмшиж байгаагүй гэсэн лавлагаа авах гэж энд бараг таван өдөр дараалалд зогсож байна. Ажилчид нь маш удаан үйлчилж байна. Иргэд ч урдуур, хойгуураа мөнгөөр хүн оруулаад хэцүү байна. Өнгөрсөн сарын 27-ноос эхэлж орон сууц хүссэн бичиг баримт бүрдүүлэх гэж явлаа. Бараг 60-70-аад мянган төгрөг гарч, олон өдрийн ажлаа алдлаа. Эндээс лавлагаагаа авчихвал Орон сууц санхүүжилтийн корпорацид аваачиж өгөх л үлдээд байна. Тэгээд 14-21 хоног хүлээсний эцэст байртай болж болох эсэх нь шийдэгдэх юм гэсэн” гэж ярилаа. Харин Баянгол дүүргийн III хороонд айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг гэх Б.Энхбаатар “Эхнэр бид хоёр таван жил хажуу өрөө түрээсэлж амьдарч байна. Тэгээд бага хүүтэй болохоор нь энэ зээлийг хөөцөлдөж байгаа юм. Гэтэл банкинд өргүй байх шаардлагатай юм байна. Бид хоёр “Голомт” банкинд бага хэмжээний зээлтэй байгаа. Ойрын өдрүүдэд үүнийг төлж чадахгүй. Тэгэхээр байртай болж чадах эсэх нь эргэлзээтэй л байна. Тэгээд ч орон сууцны үнэ энэ зээлтэй холбоотойгоор өдөр ирэх тусам өсөж байна. Залуу гэр бүлүүдэд арай өөр нөхцөлөөр орон сууцны зээл олгож болохгүй юм байх даа” гэв.

Өнгөрсөн сарын сүүлчээс орон сууцтай болохыг хүссэн олон зуун иргэн хөрөнгийн лавлагаанаас эхлээд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн билээ. Гэтэл эцсийн байдлаар 50 гаруйхан хүн Орон сууц санхүүжилтийн корпорацид бичиг баримтаа өгөөд байна. Үлдсэн хэдэн мянган иргэн Нийслэлийн бүртгэлийн газар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын үүдэнд дараалалд зогсож байна. Иргэдийн “Төрийн ажилтнуудын хүнд суртал үнэхээр дэндэж байна” гэж бухимдаж байгаа нь үнэний ортой бололтой.

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж