Алдар, амжилтын бартаа

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Алдар, амжилтын бартаа

Хүндэлдэг зохиолчийнхоо хамгийн сүүлд гаргасан эссэний номоос ийм хэдэн өгүүлбэр уншлаа.


..Тамирчдыг харахад заримдаа их атаархмаар байдаг. Алтан медалийн тавцан дээр зогсож буй арван зургаахан настай аварга хүүд өөрийнхөө авьяас, чадварт итгэх, өөрөөрөө бахархах боломж маш эрт гарч ирж байна. Тэр яах гэж энэ спортод өөрийгөө зориулсан, юуг даван туулсан, юунд одоо хүрчихээд байгаагаа, хойшид юунд хүрэх боломжтойгоо эцэг, эх, багш, ойр дотныхондоо төдийгүй өөртөө батлан харуулж чадлаа. Тэр ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөрлөснийхөө хөлсийг, урам зоригийг, итгэлийг, амьдралын турш нэрийнх нь хуудас болох нэр төрийн баталгааг авч байна. Хамгийн гол нь тэр ялагч!…

Тийм л дээ. спорт бол гайхамшиг. Спорт бол баатарлаг. Спорт хүн өөрөө бүтээсэн ид шидийн дасгал. Хүн бүрт дуртай спорт, хайртай тамирчин, үздэг тэмцээн байдаг. Хөлбөмбөгийн талбайд шүтдэг баг нь ялалт байгуулахад, рингэн дээрх тулаанчийг тамираа дуустал тэмцэлдэхэд, бөхчүүдийг цаг дуусахын өмнө уран мэхээр цэвэр ялахад, зүүний үзүүр шиг тэр жижигхэн цэг дээр мэргэн буучдын сум тусахад бид өөрийн мэдэлгүй сэтгэлийн хачин их омогшил, цэнгэлийг мэдэрдэг.

Төрийн дуулал эгшиглэхэд, түүнийг ялалт байгуулсан МОНГОЛ ХҮН зүрхэн тушаа гараа тавьж зогсоод дуулахад бид бүгдээрээ л уярч, уясдаг. Тэднээр бахархдаг. Угаасаа ч монгол хүн бусдыг ялан дийлэхэд өөрөө ялсан мэт баярладаг. Гэтэл…Гэхдээ л бид нар яагаад ч юм энэ бүхнийг бий болгож байгаа "спорт"-ын  цаана ямар адармаатай, хэрхэн тэмцэлтэй амьдрал буцалдгийг заримдаа мартдаг. Спорт эгэл нэгэнд харагддагаасаа өөр амьдрал байдаг ажээ. Тамирчид далд ч, ил ч дандаа тэсвэрээр “хооллож” амьдардаг гэж би боддог. Тэд заримдаа хачин их гунигладаг. Тэсэрч байсан тэр их хүч чадал нь нуран унаж, тэвчээр хатуужлын төрөлхийн чанар нь гунддаг. Тиймээс тамирчдын сэтгэлзүй, тэдэнд ирдэг бэрхшээлийн тухай, зөвхөн тэдний мэдэрдэг зовлонгийн тухай бичмээр санагдлаа.

БЭЭЛИЙ НИМГЭРДЭГ

2008 он. Бээжингийн олимп. Монголын ард түмэнд домог шиг түүх “бэлэглэсэн” наадам. Нөмрөөд хэвтэхгүй, өлсөхөөрөө идэхгүй МЕДАЛЬ гэдэг “төмөр”, ЯЛАЛТ гэдэг үг хоёр ямар үнэ цэнэтэйг хэний ч тайлбаргүйгээр ойлгуулсан тэр өдрүүдэд Монгол хүн бүр чин сэтгэлээсээ хайртай. Сүүлийн олимпийн буудлагын тэмцээнийг бодохоор одоо ч хааяа дотор арзасхийдэг юм.

Түрүүлж явсан түүний буу гацахад зүрх зогсчих шиг тийм сонин мэдрэмж та бидний олонхид нь төрж байсан байх. О.Гүндэгмаагийн энгэрт гялалзаж болох байсан олимпийн алтан медаль тэгэхэд хэдхэн долийн хугацаанд, хэдхэн мм-ийн зайгаар хэмжигдээд л өөр хүнийх болчихсон. Бээжингийн олимпод тохиолдсон энэ асуудлаас хойш хүмүүс энэ хүн буу хэрэглэдэг шүү дээ гэдгийг бараг анх удаа анзаарсан ч байж мэднэ. Тийм ээ, тамирчин хүн бүр өөр өөрийн зэвсэгтэй. Шатарчдад шатар, буудлагынханд сум, боксчдод бээлий, жүдочдод өмсгөл, дугуйчдад дугуй хэрэг болдог. Мэдээжийн юм шиг боловч одоог хүртэл шийдэж чаддаггүй хамгийн том бэрхшээл бол Монголын тамирчдын гачигдал юм.

Техник хэрэгсэл, орчин, хангамжаар дутна гэдэг тэдний хувьд өлөн зөлмүүн өдрийг өнгөрүүлж байгаагаас ялгаагүй зүйл. Нэг үеэ бодвол хангамж харин ч сайжирсан гэж хүмүүс ярьдаг. Тамирчид ч хэлдэг. Гэлээ ч анзаардаггүй зүйл зөндөө. Хөнгөн атлетикч Б.Сэр-одод хөлөө цэврүүтүүлэхгүй, хөнгөн сайхан гүйдэг байхад жилд дор хаяж арав гаруй гүйлтийн гутал, зориулалтын пүүз хэрэгтэй байдаг. Тэр пүүзнүүд хамгийн хямд нь 250 мянга. Дундаж нь 500 мянган төгрөгийн үнэ хүрдэг. Зөвхөн пүүзэндээ энэ тамирчин жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гаргаж үзвэл гүйдэг хүн бүрт тийм бололцоо байхгүй.

Хөнгөнийхөнд зориулсан олон улсын стандартад нийцсэн 400 метрийн гүйлтийн зам Монголд нэг ч байдаггүй гээд бод л доо. Өвлийн хүйтэнд, саарал утаанд дунд байцаа шиг олон хувцас давхарлаж өмсөөд, нүүрээ битүүлж боон, кросст гүйдэг тамирчдаа харахаар өрөвддөг. Дэлхийн аварга П.Сэрдамба ердөө саяхан 2009 оны дэлхийн аваргын үеэр авсан бэртлээ сэдрээсэн. Яагаад сэдэрсэн гэхээр бээлийнээс болсон. Бээлий нимгэрсэн учраас гар нь цохилтын хүчээ дэндүү мэдэрсний улмаас энэ хүний сарвууны бэртэл сэдэрч, эмнэлэгт сувилуулсан юм. П.Сэрдамба бокс тоглохын тулд бээлий хэрэглэдэг шүү дээ. Хувийн болоод “хувьсгал”ын хүчин зүйлээс шалтгаалах ийм асуудал спортын төрөл бүрт, тамирчин хүн бүхэнд ирдэг. Тамирчдын бээлий нимгэрдэг… Дээсэнд орж, сүүдэртэйгээ “тулалдаж” яваа боксчны бээлий нимгэрдэг юм.

 
ГОМДОЛ

Би заримдаа тамирчдын тухай мэдээ бичихээсээ айдаг. Шөнөжин үзсэн тэмцээнийхээ тухай, жил тойрон хүлээсэн амжилтынх нь тухай, тэдний тухай мэдээ бичихээр элдвийн хараалаар интернетчид булдаг болохоор айдаг. Энэ нь ихэнхдээ энгийн хүмүүсээс тэнгэр, газар шиг ялгаатай тамирчдад сэтгэлзүйн маш том дайсантай тулахад хүргэдэг. Асашёорюү Д.Дагвадоржийн асч явсан үед бид хангалттай их цэнэглэгдсэн. Асашёорюү аварга шиг аварга. Хүч шиг хүч явсан. Харин одоо бүгд түүнийг муучилдаг. Женко Х.Баттулга нэгэнтээ Асашёорюүд нутагтаа эргэж ирээд жүдогоор барилдахыг санал болгож байсан гэдэг. Их аварга тэгэхэд энэ саналыг хүлээж авахад бэлэн байсан ч нэг зүйл дээр торсон нь түүнд хаягласан монгол хүний доромжлол байсан юм билээ. “Залуу хүний сэтгэл эмзэг байдаг. Их спортын хүнээс ямар их хөдөлмөр, тэвчээр, цаг шаарддагийг би биеэрээ мэднэ. Д.Дагвадоржийн гомдол миний сэтгэлд хүндээр тусч, эмзэглэл төрүүлсэн” хэмээн их хурлын гишүүн тэр эрхэм бичиж байсан удаатай.

Тамирчин хүний сэтгэл эмзэг байдаг. Тийм хардлага, доромжлолыг хамгийн их мэдэрдэг тамирчдын нэг бол Х.Цагаанбаатар. Гэтэл тэр дэлхийн супер жүдоч. Улсын аварга, Зүүн Азийн аварга, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын аварга, Дэлхийн аварга, бас “Дэлхийн цом”, “Их дуулга”, Гран-при, “World Masters”-ын аварга. Олимпийн наадмын алтаас бусад бүх тэмцээний АВАРГА-ын титэмтэй, энэ цагийн хамгийн алдартай тамирчны нэг. Өвдгөндөө маш хүнд бэртэлтэй байсан Х.Цагаанбаатар өнгөрсөн жил 12 тэмцээнд оролцож, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, гурван тэмцээнд шагналт байрт орсон байдаг. Бүр тодорхой хэлбэл, 2011 онд тэр гадаадад болсон тэмцээнд 51 барилдаан хийхдээ 41 ялж, арав ялагдсан, 41 ялалтын 30 нь цэвэр ялалт байсан.

Ийм хүнийг гэтэл мөн ч олон хүн сэтгэл рүү нь ус цацдаг даа. 2004 оны олимпоос ганцаархнаа медальтай ирж байсан түүнийг Бээжингийн олимпод сайнгүй барилдсанд гомдсон хүмүүс их л байдаг. Энэ талаараа Цагаанаа “Олимпод явахаас арваад хоногийн өмнө Нүхтэд бэлтгэл хийж байх үедээ хэвтээ барилдаан давтаж байгаад хавиргаа хугалаад… (хэсэг чимээгүй болов). Үнэхээр юу ч гэмээр юм бэ дээ. Дөрвөн жилийн хөдөлмөр шүү дээ… Тухайн үед нэр сольж, тамирчдын мэдүүлэг өөрчлөх боломжгүй, цаг хугацаа ч байхгүй байсан. Багш нар барилдах хэрэггүй гэж зөвлөсөн ч би арав хоног хичээж байгаад болчих юм шиг санагдаад явах зөвшөөрөл хүссэн. Хавирганд сайн гэсэн бүх юмыг хэрэглэсэн дээ. Тарваганы элэг, алтангагнуур. Зэс хуурайдаж хүртэл ууж үзсэн. Хавиргаа эдгээж байна гээд зүгээр суугаад байж болохгүй учраас хугарсан хавирганыхаа толгой руу өвчин намдаах тариа хийлгээд бэлтгэлээ хийдэг байлаа. Тэгээд эхний барилдаандаа ялагдаж, олимпийг орхисон. Би өөрөө ч, надад итгэж байсан хүмүүс ч яг л зэрэг уналтад орсон. Хэрэв санаж байгаа бол тухайн үед би энэ талаар тайлбарлаж, ард түмнээсээ уучлал гуйж байсан” гэж ярилаа. УУЧЛАЛ ГУЙХ. Уучлал гуйсныхаа дараа энэ хүн жүдо бөхийн дэлхийн аварга анхны Монгол хүн болсон. Ийм хүчирхэг хүмүүсийн сэтгэлд сэв суулгаж, уул шиг хүчийг нь битгий эмтлээрэй гэж олон хүнээс хүсмээр байна. Тэд хүн л юм чинь гомддог.


ТЭМЦЭЛ

"Найз нь ер нь боксоо орхидог ч юм уу гэж бодох боллоо. Бэртэл сэдрээд болохгүй байна. Үнэхээр сэтгэлээр унаж байна шүү…" Бадраа (Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг хэлэв) нэг удаа ингэж хэлээд хоолой нь зангирсан юм. Үнэхээр хүнд байсан. Ингэхэд Бээжингийн олимпод түүнийг яс нь цуурсан шахам гартай тулаанд ороод явчихсаныг мэддэг хүмүүс хэр олон бол? Н.Түвшинбаяр аварга байна. Бас л олимпийн өмнө эв эрүүл хүн байгаагүй. Тийм хүнд хагалгааг давж, бэртлээ бүрэн эдгэрэх хүртэл гам барьж, жиндээ буцаж ороод, дэвжээндээ ирнэ гэдэг энэ хоёр аваргын хэн хэнд нь маш хүнд байсан. Ямар ч тулаанаас, ямар ч тэмцээнээс хэдэнтээ их хатуужил шаардаж байсан. Э.Бадар-Ууган аварга 2009 онд гарны хагалгаанд орсноосоо хойш жил гаруй хугацаанд гам барьсан юм. Тэгээд 2010 оноос бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн ч ачаалалтай бэлтгэл хийх бүрт хуучин бэртэл нь сэдэрдэг байлаа. Боксынхон хөдөө гадаа цугларалтад гардаг. Бадраа нуруу нь татаж, гар нь чилээд бэлтгэлээ зогсоох үе хэд хэд гарсан. Яг одоогийнхоо хэмжээнд хүртлээ тэр хоёр жилд хорин жил шиг л урт хугацаа туулсан байх. Бэртэл, эмчилгээ эзнээ зовоогоод байсан учир нь онош буруу тавьж, эмчилгээ буруу эхэлснээс болсон гэж бодохоор хэлэх ч үг олддоггүй юм.

Дэлхийн чансаатай хүмүүст ингэж хандаж, дэлхийн энтэй хүмүүсийг бид ингэж л эмчилж байна даа. Азаар одоо аюул холдсон гэж найдаж байна. Хамгийн сүүлд тэр өнгөрсөн оны сүүлээр болсон Казахстаны олон улсын тэмцээнд дээд жиндээ тоглосон юм. Нүд нь хөх эрээнтэж, хавдсан ч олимпоос хойш анх удаа аваргын тавцанд зогссон нь энэ тэмцээн байсан. Хамгийн хөөрхөн нь Бадраа энэ тухайгаа ирээд сонинд ярихдаа “Рингэнд гарахдаа сандарч тэвдсэн юм байгаагүй ээ. Харин медаль авахдаа л их сандарлаа (инээв). Мөнгө, хүрэл медалийг гардуулчихаад сүүлд нь “MONGOLIA” гээд зарласан чинь сонин санагдсан. Ойрд медалийн тавцанд гараагүй болохоор нэг л эвгүй байлаа” гэж ярьсан байж билээ. Ийм л энгийн, даруу аварга. Түүнийг монголчуудыгаа олон удаа баярлуулна гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жил бэртэл гэмтлээ ялан дийлсэн өөр нэг тамирчин нь дэлхийн аварга Х.Цагаанбаатар. Өвдөгний холбоос эд нь арай л тасарчихаагүй байхад нь хагалгаанд оруулах шийдвэрийг олон талаас ярилцаж байгаад гаргасан юм. 2011 оны дэлхийн аваргад өвдгөө мэдээ алдуулаад, битүү боож барилдсан гэвэл хүмүүс одоо юу гэдэг юм бол доо. Үүний өмнөхөн хүүхдээ тэврээд суудлаасаа өндийхдөө л өвдөг нь мултраад гарчихаж байхыг нүдээрээ харсан болохоор сэтгэл өвддөг. Манайхан тамирчдаа тэмцээнд явуулах мөнгө, санхүүгийн асуудлыг шийдэж сурч байгаа ч хамгийн чухал нь болох тамирчдынхаа эрүүл мэндэд тэгж сайн санаа тавихгүй л байгаа юм даа. Тамирчид бол биднийг бодвол тэсвэр хатуужлийн дээд хэмжүүрийг тогтоодог хүмүүс. Тийм хатуу чанга тэсвэр тэвчээртэй хүмүүсийг эмзэглүүлсэн гэмтэл бэртлийн шаналал, сэтгэлийн зовлон бидэнд тохиолдвол бид давах уу?.

МӨНГӨТЭЙ Ч БОЛООСОЙ

Ер нь тамирчид амжилт гаргаж, спорт төрөл тутамдаа хөгжихийг улс хөгжиж байгаатай холбон ярьж болно л доо. Мөнгөтэй улс спортоо харж хандаж эхэлдэг. Хувцас хэрэглэл, хоол унд, нэмэлт тэжээл, витамин, тэмцээний зардал, заал танхим. Дэвжээнд гараад тулалдахаас бусад үе шат мөнгөний оролцоотой байж амжилтад хүрдэг. Манай улс Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-нд элссэнийхээ дараахан буюу 1963 оны наймдугаар сард Сайд нарын Зөвлөлөөс “олимпийн наадамд оролцох бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 375 дугаар тогтоол гаргаж, улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хангах таван сарын цугларалт зохион байгуулж, 80 шилдэг тамирчинтай I шигшээ багийг, 70 залуу тамирчинтай II шигшээ багийн хамт байгуулж, сар бүр 100-200 төгрөгийн нэмэгдэл цалин олгохоор зааж байжээ.

Монголын төр засаг иймэрхүү маягаар олимпод албан ёсоор бэлтгэж эхэлсэн байна. Өнөөдөр ч гэсэн олимпийн наадамд бэлтгэх хороо ажиллаж, Лондон явах бэлтгэлийг хангаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн олимпод зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөн, үүнийхээ 3.5 тэрбумыг нь шигшээ багт хамааруулжээ. Бээжингийн олимпоос хойш шигшээ багийг 2009 онд 800 сая төгрөгөөр, 2010 онд нэг тэрбум, 2011 онд 1.8 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн байна. Манай шигшээ баг 133 тамирчин, 33 дасгалжуулагчтай. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2011 онд тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд шалгарч, амжилт гаргасан 106 тамирчин, 43 дасгалжуулагчийг 586 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан шагнасан гэх бас нэгэн мэдээлэл байна. Харахад их тоо юм шиг ч хазахад бол багавтар л байдаг гэдэг. Спортыг угаасаа хувийн хэвшлийнхний туслалцаагүйгээр бүрэн дүүрэн авч явахад манай төсөв, сэтгэлийн аль аль нь дутна.

Сонин юм шүү. Адууны соёл, хурдан морьдын уралдаан манай түүхэн өв гэлээ ч хоёр хөлтэй хүн дэлхийн оргилд гараад ирж байхад дөрвөн хөлтэй адгуусыг сойж уралдуулахаа монголчууд илүүд үздэг. Тавын даваа шувтарч, шинэ начин төрөх сайхан ч таван тивийг хуйлруулж яваа их спортынхныг гэх хүн цөөхөн байдаг нь харамсалтай. Бөхчүүдийг, морьдыг аймгаараа овоглон, зөвхөн монголд нь тэмцэлдүүлэхдээ сэтгэл ханамжтай байдаг баячууд дэлхийд компанийнх нь биш Монгол гэдэг нэр гардаг болохоор харамчхан бөгөөд дурамжхан байдаг. Тийм болохоороо их спортыг цөөхөн хэдэн сэтгэлтэй хүмүүс дэмжээд байх шиг харагддаг.

О.Гүндэгмаа нэг удаа их сайхан түүх ярьж байсан. 2004 оны олимпод оролцохын өмнө түүнийг “Мобиком” корпораци дэмжиж, санхүүжүүлдэг байсан юм байна. Тэгтэл Афины олимпод шагналт байрт ороод түүний хамгийн их санаа зовсон зүйл нь өөрт нь санхүүгийн туслалцаа үзүүлж байсан улсын болоод хувийн байгууллагуудын улаан нүүрийг яаж харна аа гэдэг айдас байжээ. Тэгтэл онгоцноос буухад нь "айж" байсан “Мобиком”-ынхон нь цэцгийн баглаа тэвэрчихсэн, хөрөг зургийг нь бэлэглэсэн юм билээ. Гүндэгээ одоо ч тэр хүмүүст өөрийгөө өртэй гэж бодон, амжилтаараа ачийг нь хариулна гэж ярьдаг. Манай спортынхон өөр ямар ч орны тамирчдад байхгүй сэтгэлийн ийм хариутай улс юм.

Харьж яваа тамирчдад би хамгийн санаа чилээдэг. Залуу нас, амьдралаа, бүр амь насаа зориулсан спортын тавцнаас буухдаа тэд эмзэглэдэг. Нэг л мэдэхэд тэдний босгосон амьдрал, бүтээсэн гавьяа нь залуу насны эрч хүчтэй нь хамт ихэнхдээ бүдгэрдэг. Тамирчдын амьдрал өдөр ирэх тусам өөдөө гэхээсээ уруугаа урсдаг. Ийм үед тэд мэргэжлээрээ ажиллах, бизнес хийх, хөгжих, сурах бололцооныхоо ихэнхийг алдсан байдаг нь ил тод харагддаг л зүйл. Тамирчдыг тэтгэлэгтэй болгоё. Цэргийнхэн шиг… Ингэж ярихыг спортынхноос олонтаа сонссон. Тамирчдын ирээдүй бол эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяагаа эрт, орой хэзээ нэгэн цагт эдлэх эрх байх гэж бодож байна. Тэгээгүй цагт ирээдүйнхээ төлөө өөр улсын нэр дээр уралдаж байгаа тамирчдадаа буруу өгөх боломжгүй, тэднийг буруутгах үндэсгүй юм. Лондонгийн олимпийн дараа зарим тамирчид маань санаанд ороогүй СОНГОЛТ хийж магадгүй. Гэхдээ түүнийг энд одоо бичмээргүй байна.

Хятадад хүндийн өргөлтөөр хичээллэдэг хоёр сая эмэгтэй байдаг. Бразилд хоёр сая гаруй хүн жүдо барилддаг гэж сонсч байсан. Харин монголчууд бүгдээрээ нийлээд хоёр сая гаруйлахнаа. Гэтэл миний Монголд дэлхийн тэрбум тэрбум хүмүүсийн бахархал болсон амжилтууд байна. Тэднийгээ бид чин сэтгэлээсээ хайрладаг баймаар байна.

Эмэгтэйчүүд. Спортын бүсгүйчүүдээр би бахархдаг. Залуу нас, гоо үзэсгэлэнгээ тэмцэл тулааны талбар дунд хайр найргүй үлдээсэн эмэгтэйчүүдийг хайрлахаас аргагүй. Хүндийг өргөлтийн бүсгүйчүүд хүнд туухай, хатуу шалтай тэр өрөөнд амьдралынхаа хэдий хугацааг элээснийг бодохоор хөнгөн зугаа, тансаг зөөлөн орчноос заримдаа ичдэг. Бүсгүй хүн дэлхийн дээвэр, Эверестийн оргилд гараад ирсэнд бахархдаг. Бөхийн дэвжээ, боксын ринг, сурын талбай, шатрын нүүдэл, буудлагын галын шугаман дээр ч МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД тулалдаж байна.

Эверест гэснээс… Үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй, өрсөлдөгчгүй, зөвхөн өөртэйгөө болоод байгальтай тулалддаг энэ спортынхонд би чин сэтгэлээсээ хайртай. УУЛЧИД дэлхийн хамгийн супер хүмүүс. Гэхдээ монголд хамгийн дэмжигчгүй спорт. Хамаг л үнэтэй цаг хугацаагаа, олсон мөнгөө ууланд авирахад зориулдаг уулчдыг хэзээд гайхдаг ч хэрвээ би БАЯН бол байгаа бүх мөнгөө уснаас "үхтлээ" айдгаа "Далайн төвшнөөс доош зүйл ярихгүй" гэж хошигнодог уулчин найздаа өгөөд, өндөр ууланд нь авируулна аа.

 Б.БАДАМГАРАВ

Эх сурвалж: http://toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж