Федерер, Надаль нар хагас шигшээд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Федерер, Надаль нар хагас шигшээд тоглоно

АНУ-ын Калифорн мужийн “Индиан Уэллс”-т болж буй WTA-ын “BNP Parisbas Open” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодроод байна. Тус тэмцээний шагналын сан таван сая ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр нэг сая ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртэх билээ.

Хагас шигшээд өрсөлдөх эрхийг Сербийн Новак Жокович (1) болон АНУ-ын Жон Иснэр (11) нар түрүүлж аваад байсан бол өчигдөр болсон тоглолтод тус тэмцээний гурван түрүүт Швейцарийн Рожер Федерер (3) Аргентиний Хуан Мартин дел Потрог (9) 6:3, 6:2-аар буулган авлаа. Федерер хагас шигшээд Испаний Рафаэль Надалитай  (2) тоглохоор боллоо.  Надаль 1/8-д Аргентиний Дэвид Налибандийг (74) 4:6, 7:5, 6:4-өөр буулган авсан юм.

Ийнхүү “Индиан Уэллс”-т болж буй “BNP Parisbas Open” тэмцээний хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчдийн хоорондох тэмцэл болох нээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хагас шигшээгийн тоглолтод WTA ангилалын дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Виктория Азаренка Германы Анжелиа Кербертой (19), тус тэмцээний 2008 оны аварга Сербийн Анна Иванович 2006 оны тус тэмцээний аварга, өдгөө дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Мария Шараповатой өнөөдөр тоглоно.

Тус тэмцээний сүүлийн 10 жилд Швецарийн Рожер Федерер гурван удаа, Сербийн Новак Жокович болон Испанийн Рафаэль Надаль, Австралийн Лэвит Хьюит нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байна. 

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Данийн Каролина Возняцки (2011), Сербийн Елана Янкович (2010), ОХУ-ын Вера Звонарева (2009), Сербийн Анна Иванович (2008) нарын шилдэгүүд түрүүлж байсан байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж