УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа.
Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.
Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.
Харин 05 дугаар сарын 01-нээс дахин нэмснээр тэтгэвэр энэ онд 53,8 хувиар, 2008 оныхоос 2 дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэтгэврийг 5 дугаар сарын 01-нээс нэмэх үед эрх зүйн зарим өөрчлөлт гарч болзошгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг НХХЯ дахин оруулж хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байна. Жагсаалтад өнөөдөр нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц юм.
Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа. Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо.
Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний 3 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.