
Шүүгчдэгчдийн зүгээс өмгөөлөгч өвдсөн, гадаадад явсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн нь шүүн таслан үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл гэж үзэж цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл энэ нь хууль ёсны эрхээ эдэлсэн өмгөөлөгчдийг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа хэрэг гэж үзэж байна. Өмгөөлөгч нь шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсоор байтал үйлчлүүлэгчийг нь дарамтлах, цагдан хорих явдал хавтгайрч байгаа гэж мөн мэдэгдлээ. Дээрх хэрэгт шүүгдэж буй цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих шийдвэрийн талаар Монголын шүүгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд бас шүүмжлэлтэй хандаж байгаа гэв. Цагдан хорих тухай тогтоолын талаар гаргасан гомдлыг албан ёсоор хэлэлцээгүй байхад тэрхүү тогтоолын зорилго, үндэслэлийн талаар шүүгчдийн холбоо зөвтгөсөн шинжтэй мэдэгдэл гаргаж байгаа үйлдэл нь энэ хэргийн талаар гарах эцсийн шийдвэр нь урьдчилан төлөвлөгдсөн гэж харагдуулахуйц үйл явдал гэж н.Алтангэрэл нарын өмгөөлөгчид мэдээллээ.