С.Цогтсайханы агсны гэр бүлд байр өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

С.Цогтсайханы агсны гэр бүлд байр өглөө

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг “Хонхны дуу”-ны эзэн, олон түмнээ “ардчиллын дууч” хэмээн хүндлэгдсэн С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа болон төрсөн ах С.Майнбаяр нарыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

“Ардчилсан үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудад орон сууцны эрх өгөх тухай хууль УИХ-аас батлагдаж надад орон сууцны эрх хуваарилагдсан юм. Би өмнө нь УБХ-ын гишүүн байхдаа төмөр замд нэг байртай болж байсан. Энэ бол хоёр дахь нь. Би хувьдаа өдгөө төр засгийн өндөр алба хашиж байгаа, УИХ, Засгийн газарт гишүүнээр ажиллаж байгаа хүмүүст энэ хөнгөлөлтийг хэрэггүй байх гэсэн байр суурьтай байсан. Нэгэнт хууль гараад байр хуваарилагдаж ирсэн учраас өөрийн журмын нөхөр, ардчилсан хувьсгалын магнайд нь явж шинэ цагийн нийгмийн өөрчлөлтөд их гавъяа байгуулсан  С.Цогтсайхан агсныхаа гэр бүлд өөрт ирсэн байрны эрхээ өгье гэж бодсон юм. Ер нь Ерөнхийлөгчид байр орон сууцны мэдэл гэж үгүй, иргэдийн маань зүгээс ч тийм хүсэлтүүд их ирдэг. Гэвч энэ удаад олдсон ганц боломжийг сайн нөхрийнхөө дэм тусыг санаж ийнхүү өгч байгаа юм шүү. Бид сайн нөхрийнхөө гэр бүл, үр хүүхэдтэй байнга холбоотой байж туслаж дэмжихийг хичээдэг” хэмээв. Мөн дараа нь Ерөнхийлөгч С.Цогтсайхан агсныг дурсч, түүний хийж бүтээсэн өөдрөг үйлс, монгол түмнийхээ төлөө, ардчилал, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэж чадсан нэгэн байсныг дурсан ярилаа.

Дараа нь С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа хэлэхдээ, “Хэрвээ хань маань амьд сэрүүн байсан бол Монгол Улс Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсонд маш их баярлах байсан байх. Миний бие Ерөнхийлөгчөөс байрны асуудал шийдэж өгөхийг хүссэн өргөдөл бичиж түүнийг маань Ерөнхийлөгч дэмжиж өөрт олгогдсон байраа бидэнд өгсөнд туйлаас их баярлаж байна. Мөн биднийг байнга дэмжиж байдагт талархаж явдаг. Миний охин Ц.Санта бас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр АНУ-ын Бриджфортын их сургуульд сурч байгаа. Манай гэр бүлийг байнга дэмжиж байгаад баярлаж байна” хэмээн талархал илэрхийлэв.

С.Цогтсайхан агсны төрсөн ах С.Майнбаяр өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Ерөнхийлөгч маань өөрийн төрсөн хийгээд өргөж авсан маш олон хүүхэдтэй. УИХ-ын депутатаар ажиллаж байсны төлөө олгосон байраа тэдэндээ өгөлгүй хамгийн түрүүнд анд нөхрөө дурсан ийнхүү бидэнд хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээв.

Дашрамд дурьдахад ЕТГ-ын дарга Д.Баттулгад мөн Үндсэн  хууль батлалцсан АИХ-н депутатынх нь хувьд орон сууцны эрх хуваарилагдсан бөгөөд түүнийгээ Дархан-Уул аймагт ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг, өндөр настан Ш.Гандаръяад өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж