Н.Энхбаяр, С.Баяр нарын шүүхийн танхимд хэлээгүй өчил

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, С.Баяр нарын шүүхийн танхимд хэлээгүй өчил

Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүн­дээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хуралд яагаад гэрчээр оролцсонгүй вэ. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд тэргүүтэй хурандаа нарыг шүүх хурлын үеэр олон нийтийн дунд ийм асуулт үүсэв. “Н.Энхбаярыг Ерөн­хийлөгч, С.Баярыг Ерөн­хий сайд байх үед олныг хамарсан тэр их үймээн дэгдсэн шүү дээ” хэмээн иргэд, бас шүүгдэгчдийн ар гэрийнхэн нулимс унаган асууж байна. Шүүх хурлын танхимд тө­рийн нэрийн өмнөөс ял­луулах “ял” үүрсэн хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, нийслэлийн Цагдаагийн газ­рын дарга асан, хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид ч тэднээс асуух асуултаа аль хэдийнэ бэлтгэчихсэн байв. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэв. Тухайн үед төрийн эрх барьж байсан хүмүүс шүүх хурлын танхимд ирсэнгүй. Харин төрд тангараг өргөсөн шүүгч, цагдаа нар төрийн хуулийн өмнө сүр хүчээ үзүүлж, сөрж тэмцэлдсэн дүр зургийг уржигдар болсон үйл явцаас харлаа.  

Гэвч тэд ирэх байжээ. УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар дуудсан цагт бэлэн байх үүрэгтэйгээр Төрийн ордонд өнгөрсөн лхагва гарагт 20 цаг хүртэл байсан байна. Комиссарууд нь, төрийн тусгай хамгаалалтынхан ч тэднийг шүүхээс дуудахыг хүлээж байж.

Шүүх хуралд гэрчээр оролцох “урилга” хүлээн авсан Н.Энхбаяр ч намын байрандаа хүлээлтийн байдалтай өнжсөн аж. Харин шүүх хурлын үеэр тэдэнтэй манатай юм болов. Шүүгдэгч Г.Ганбаатар өмгөөлөгч нь гадаадаас ирээгүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж, шүүгчид түүнийг тусад нь шүүх гэсэн ч улсын яллагчийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Шүүх бүрэлдэхүүн Ч.Амарболд нарыг цагдан хорих шийдвэр гаргасан нь долоодугаар сарын 1-ний үймээнээс дутахгүй дажин дэгдээх шахав. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр цагдаа, иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн бол энэ удаад шүүгчид болон цагдаа нарын дунд жинхэнэ тулаан өрнөж мэдэхээр байлаа. Энэ “гал” одоо ч намжаагүй.

Хэрэв гэрчүүдийг шүүх хуралд оролцуулсан бол тэд юу гэж хариулж, өмгөөлөгчид тэднээс юун тухай асуух байсан бол. Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийн хувьд, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Та хуульд заасан арга хэмжээнүүдээс алийг нь авсан юм бэ. Таны ярьсанчлан онц байдал гэдэг нь хүмүүсээр шаардуулж байж зарладаг зүйл мөн үү” хэмээн асуух байж. Харин тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяраас “Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан атлаа Онц байдлын штабын бүрэлдэхүүнд орж ажиллаагүйн тань учир юу вэ. Ер нь штабын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байсан бэ. Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил танд хэзээ, юу гэж илтгэж байв” гэж асуух байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилоос “Онц байдлын штабыг удирдаж байхдаа яг юу хийсэн бэ. Үймээнийг тараах ажиллагааны үеэр та хаана юу хийж байв. Штабын бие бүрэлдэхүүнд ямар үүрэг өгч, биелэлтийг нь хэрхэн шалгасан бэ” хэмээн асуух байсан гэнэ.

Ч.Амарболд нарыг шүүгдэгчийн ширээнд дахин суулгахын өмнө гэрчийн үүргийг хамгийн сайн гүйцэтгэж, долоодугаар сарын 1-ний үймээний үеэр чухам юу болсон талаарх “нууц”-ыг дэлгэсэн хүн бол Н.Энхбаяр. Товчхондоо, өмгөөлөгч О.Алтангэрэлийн асуултад эчнээ хариулчихсан. Тэрбээр шүүх хурлын өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуульд маш тодорхой заасан байдаг. Бүр тодруулбал, “Онц байдал зарлалаа гээд Үндсэн хууль болон олон улсын гэрээ, хэлэлцээрт тусгасан хүний эрхийн асуудлыг зөрчиж болохгүй” гэсэн байгаа. Энэ нь хүн буудаж болохгүй, хүнийг эрүүдэн шүүж, тамлаж болохгүй. Хүнд хэрэг тулган хүлээлгэж болохгүй гэсэн үг. Тухайн үед хүмүүсийг буудсан нь Онц байдал зарласантай огт холбоогүй. Тэгээд ч бид “Онц байдал зарласан үед хүн буудаж, галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэж цагдаа, хүчний байгууллагын бүх ажилтанд тодорхой үүрэг өгсөн” гэж дурьдсан. Экс Ерөнхийлөгч энэ үеэр иргэн хүнийхээ хувьд хууль хяналтынхнаас нэг зүйлийг шаардав. “Онц байдал зарласан үед хүн буудаж, амь насыг нь хохироосон нь Онц байдалтай огт холбоогүй. Ердөө л хууль зөрчсөн үйлдэл. Танхай хүмүүс үймээн самууныг далимдуулан хүн буудсан бол цагдаагийн байгууллага шалгаж, олж тогтоох хэрэгтэй. Цагдаа хууль зөрчиж, хүн буудсан бол прокурорын байгууллага шалгаж тогтоох ёстой” гэж. Ерөнхий сайд С.Баярын хувьд ч ялгаагүй. Шүүхийн танхимд хэлэх байсан үгээ хэдийнэ хэвлэлийн хуудаснаа “нийтлүүлчихсэн”. “Төрд хандаж үнэнийг хэлэхсэн” хэмээн байр сууриа хэдэнтээ илэрхийлсэн тэрбээр “Хариуцлагатайгаар мэ­дэгдье. Би “Галт зэвсэг хэрэглэ” гэсэн тушаалыг хэнд ч, хаана ч, хэзээ ч өгч байгаагүй. Харин “Галт зэвсэг хэрэглэж үл болно” гэж хэлж, үүрэг даалгавар өгч байсан” гэсэн удаатай. Шазуур зуумтгай энэ нөхөр шагхийсэн цөөн өгүүлбэрийг ийн хэлсэн ч дээрх “тушаал”-ыг Онц байдлын штабынхан болон хууль хяналтынханд өгч байсан гэдэг нь ойлгомжтой. 

Н.Энхбаяр, С.Баяр нарын шүүх хурлын танхимд хэлж амжаагүй өчил дунд эргэлзсэн, тээнэгэлзсэн утга бүхий үгс ч бий. Экс Ерөнхийлөгч “Уг нь Онц байдал зарлуулах нь Монгол Улсад ч, Засгийн газарт ч, үгүйдээ гэхэд ёс суртахууны хувьд эвгүй шүү дээ. Хуулийн хувьд ч тийм байх ёстой. Төр засгийн бүх байгууллага аливаа асуудлыг ердийн аргаар зохицуулах чадвартай байхгүй бол, бас хариуцлагын тогтолцоогүй бол байнга Онц байдал зарлаад байх юм билээ. Ялангуяа эрх мэдлээ хэтрүүлэх дуртай хүн сав л хийвэл Онц байдал зарлах гээд байна шүү дээ. Гэвч энэ бол хүсээд байх зүйл биш” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг. Ер нь түүний хэлсэн зарим үгнээс “Тухайн үед Онц байдал зарласан минь зөв үү, буруу юу” гэх эргэлзээ, тээнэгэлзэл мэдрэгддэг юм. Харин зөв, буруу байсан эсэхийг нь түүнд чухам хэн хариулна гэж. С.Баяр ч өөрөө өөрөөсөө энэ тухай асуусаар дөрвөн жилийг ардаа үджээ. Экс Ерөнхий сайд “Галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэж би Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд цагдаагийн удирдлагад тушааж, зааварлаж байсан. Гэтэл ингэж тушааж, зааварлаж байсан минь зөв ч байсан юм уу, үгүй ч юм уу гэж байнга боддог” хэмээн ярьсан нь бий. Гэвч тэрбээр энэ асуултын хариултыг олж, эргэлзээгээ тайлж чадаагүй л явна. Яг л Н.Энхбаяр шиг.  

С.Баттулга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж