Хөгжлийн банк 600 саяын бондоо арилжааллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 600 саяын бондоо арилжааллаа

Хөгжлийн банк энэ оноос 600 сая ам.долларын "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийг эхлүүлж, эхний 20 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалж улмаар Монгол банк дахь дансандаа төвлөрүүлээд байсан. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгож үлдэх 580 сая ам.долларын үнэ бүхий Засгийн газрын баталгаатай бондыг өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээл дээр арилжаалахаар санал болгоход нийт 300 гаруй хөрөнгө оруулагчид зургаан тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авах захиалга ирүүлсэн байна.

Хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа нээлттэй байдлаар бонд арилжаалж байгаа юм. “Энэ явцад бондын хүү өндөр тогтоогдох вий гэсэн болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч үнэхээр гайхалтай үр дүн гарлаа” гэж Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал ярилаа.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75%-ийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалж чадлаа. Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Standard & Poor’s байгууллага нь Монгол Улсын Хөгжлийн банкны энэхүү өрийн бичигт (BB-) буюу Монгол Улсын Засгийн газартай адил төвшний үнэлгээг өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан Б.Батжаргалаас зарим асуултад хариу авлаа.

-Гайхалтай үр дүн гэж хэллээ. Энэ арилжаа юугаараа онцлог болсон талаар тайлбарлана уу.

-Нэгдүгээрт, Энэхүү бондын арилжаа нь Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо. Яагаад чухал алхам гэж тодотгож байна вэ гэхээр Монгол Улсын Хөгжлийн Банкны бондын хүүгийн энэхүү тогтоосон бага түвшин нь цаашид Монгол Улсын засгийг газар, Банкууд, аж ахуйн нэгжүүдийн олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах санхүүгийн хэрэгслүүдийн хүү болон бусад үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд салхийг хагалж өгч байгаагаараа онцлог юм.

Хоёрдугаарт, Монгол Улстай адил зэрэглэлтэй бусад улсын Вьетнам, Шри Ланка зэрэг улсуудын бондын нөхцөлтэй жишиж үзэхэд Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг анх удаа гаргаж буй гэхэд хүү нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан хамгийн бага хүү болж байгаа юм.

Гуравдугаарт, Манай банкны 580 сая ам.долларын бондоос 10,7 дахин их худалдан авах санал ирсэн нь маш ховор тохиолдол бөгөөд үүнийг Солонгосын хөгжлийн банктай жишиж үзвэл Солонгосын хөгжлийн банкинд хамгийн ихдээ 4,2 дахин их захиалга ирж байжээ. Мөн Finance Asia мэдээллийн агентлагийн мэдээлснээр "олон улсын санхүүгийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн Банкны бондыг маш удаан хүлээсэн" гэж мэдээллэсэн нь манай улсад итгэх итгэл, манай улсын хөгжлийн ирээдүй улам баттай болж буйг илтгэж байгаа юм.

Дөрөвдүгээрт,  Монгол Улсын Хөгжлийн Банкны бондыг худалдан авахаар санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдийн газарзүйн байрлалын тархалт нь жигд байсан. Арилжаанд оролцогчдын хувьд Азийн хөрөнгө оруулагчид 32 хувь, Европын хөрөнгө оруулагчид 36 хувь, Америкийн хөрөнгө оруулагчид 32 хувийг тус тус эзэлсэн. Манай "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийн дагуу манай бондыг АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаггүй хөрөнгө оруулагч худалдан авах бөгөөд төрлөөр нь авч үзвэл хөрөнгө оруулалтын сангууд 85 хувь, хувийн банкууд 12 хувь, бусад хөрөнгө оруулагчид 3 хувийг тус тус эзэлж байсан байна.    

-Бондыг бага хүүтэй гаргасны ач холбогдол нь юу вэ? 580 сая ам.доллар яг хэзээ Монголд орж ирэх вэ?

Энэ мөнгийг бага хүүтэйгээр зээлж ашиглах боломж бүрдлээ гэсэн үг. Дотоодын зах зээл дээр хүүгийн түвшин дундажаар жилийн 15 хувьтай байгаа энэ нөхцөлд энэ их хэмжээнии хямд эх үүсвэрийг оруулж ирж суурь дэд бүтэц болон үйлдвэрлэлийн бусад онцгой ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлснээр манай эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь бүрдэх юм. Нөгөө талаас манай Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж давхар бүрдэж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын банкуудтай байгуулсан баримт бичигт зааснаар Хөгжлийн банкны зүгээс өгсөн "хамгийн сүүлд өгсөн үнийн мэдэгдэл" өгсөн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор мөнгө манай банкны дансанд орж ирэх ёстой.  "Хамгийн сүүлд өгсөн үнийн мэдэгдэл" гэдэг нь сонирхож буй бүх хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг худалдан авах сонирхол буюу захиалгаа ирүүлж дууссаны дараа Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондоо хүүгийн түвшинг хамгийн сүүлийн удаа дуудах үйл явц юм. Энэ үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрсөн. Тиймээс 580 сая ам.доллар энэ сарын 21-ний өдөр манай банкны дансанд орж ирнэ гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж