Энэ оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт улсын нийт экспортын 34.6 хувийг эзэлж байна. Улсын нийт экспортод эзлэх хувиараа бусад эрдсийн бүтээгдэхүүн тухайлбал, зэсийн баяжмал 24.1 хувь, төмрийн хүдэр болон баяжмал 16.2 хувь, түүхий нефть 8.9 хувьтай байгаа ажээ.
Монголбанк тайландаа цайрын хүдэр, төмрийн хүдэр, жоншны экспорт жингийн хувьд буурсан ч коксжих нүүрс, нефть, алтных тодорхой хэмжээгээр өсч, улсын экспортын хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлснийг дурдсан байна.
Монголбанкны судалгаагаар өнгөрсөн хоёр сарын байдлаар улсын нийт импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар өсч, 939.3 сая ам.доллар, экспорт 27.4 хувиар өсч, 529.9 сая ам.долларт хүрснийг тэмдэглэжээ.
Импорт ийнхүү багагүй хувиар өсөхөд шатахууны импорт өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн болон тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн импорт 20-40 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Б.Төгс