
Тэгсэн телевизийн сурвалжлагч охинд ярилцлага өгч байгаа МАХН-ын хөгжөөн дэмжигч хэдэн хөгшний даралт дээш, доошоо болсон уу яасан, ам нь “халж” гарав. “Ер нь тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярт хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ муусайн цагдаа хүүхдүүдийн буруу гэж юу байх юм. Тушаал өгсөн бол биелүүлэхээс аргагүй. Гол нь тэр тушаалыг Н.Энхбаяр л өгсөн байх” хэмээн хөгшдийн нэг нь сурвалжлагчид ярив. Түүний хажууд зогсож байсан бас нэг өвгөн яриаг нь өлгөж аваад л явчихлаа. “Н.Энхбаяр шүүх хуралд гэрчээр ирж оролцоно гэж хоёр хоногийн өмнө яриад байсан. Одоо хаана байна. Энэ луйварчид ийм байх..г..үй юу, муу..сай..н”. Байдал бишдээд явчихав бололтой. Тэндээс өөр нэг хөгшин санд мэнд хүрч ирэн тэдний яриаг ийн болиулав. Өнөөх “манарсан” хоёр өвгөн ч болохгүй зүйл ярьснаа тэрхэн зуур ойлгов бололтой. Хэдэн минутын өмнөх дүр төрх нь эрс өөр болж гэм хийсэн хүүхэд шиг царайлав. Гартаа барьсан бичиг, цаасаа дээш өргөх “ажилтай” яваагаа гэнэт санав бололтой нэгийгээ сугадан “Одоо ч баларсан байх аа, хө” хэмээн бүг, бүг ханиасаар цааш явж одов. Тэд ч “цалин”-гаасаа хасуулсан байх даа, зайлуул. Уг нь хоёр хөгшний буруу ч гэж юу байх вэ. Магадгүй тэдэнд “хүчээр” ам дөрвөлжин цаас бариулсан хүмүүс нь “Цагдааг л өмөөрөөд байгаарай” гэснээс биш намын даргыг хэрхэвч муулж болохгүй гэж сануулаагүй байж болно шүү дээ.
Н.Мөнхтөвшин
