Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай: Цагдаа нар албан үүргээ гүйцэтгэсэн
-Шалгуулж байгаа албан хаагчид болон ар гэрийнхнийх нь зүгээс эрүүгийн хуулийн зүйлчлэлээр буруутгаж байгаа талаар санал, хүсэлт тавьж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалт, прокурор, шүүхийнхэнд зүйлчлэлтэй холбоотой асуудлыг судалж үзэх талаар хүсэлт тавьж байна. Шүүхийн байрны гадна байсан цагдаа нарын хувьд шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгчдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байсан. “Шүүх үйл ажиллагааг тасалдуулахад оролцсон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж мэдээлж байгаа нь үндэслэлгүй. Мөн үзэл бодлоо илэрхийлэхээр очсон. Цагдаагийн албан хаагчид ажил хаяхыг хуулиар хориглосон байдаг. Одоогийн байдлаар цагдаагийн бие бүрэлдэхүүний хэмжээнд “Ажил хаясан. Ажил хаяна. Тэмцэл хийнэ” гэсэн мэдээлэл байхгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цагдаа нар шүүн таслах үйл ажиллагааг тасалдуулж болохгүй
-Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдол гаргах эрх нь нээлттэй. Харин шүүн таслах үйл ажиллагааг тасалдуулж, шүүгчдийг заналхийлээд байж болохгүй. Зарим нэг хүмүүст цагдаа нарыг бослого, тэмцэлд турхирах сонирхол байх шиг байна. Цагдаагийн удирдах албан тушаалтнууд, цагдаагийн хурандаа нар арьсаа хамгаалахын тулд албаа хааж байгаа цагдаа нарыг хөөргөж байгаа нь зохисгүй үйлдэл. Цагдаа нарыг дуртай үедээ иймэрхүү байдлаар ашиглаад, зодож, занчаад, тушаагаад байж болохгүй. Энэ системийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Цагдаагийн дарга нарыг шүүх үеэр жирийн цагдаа нарыг ажлаа хийж байхад нь авчирч зогсоосон байна лээ. “Цөөн хэдэн хурандаа нар шантааж, заналхийлэлээр хөрөнгөжиж, цагдааг цагдаа биш болгож байгаа” гэсэн шүүмжлэлийг жирийн цагдаа нар хэлж байгаа. Энэ хөрөнгөлөг хурандаа нар болон тэдэнд базуулсан улс төрчид цагдаагийн нэр хүндийг шавхайтай хутгаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Цэргийн гэмт хэргээр зүйлчилж болохгүй
-Шүүн таслах ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам хөндлөнгийн дүгнэлт хийх эрх байхгүй. Цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхний зүгээс шалгагдаж байгаа цагдаагийн албан хаагч нарт хууль, эрх зүйн туслалцаа өгөх хүсэлт гаргасан байдаг. Албан тушаалтнуудыг цэргийн гэмт хэргээр зүйлчлэн яллаж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг цэргийн гэмт хэргээр зүйлчилж, ял шийтгэхгүй гэсэн хуулийн заалт бий. Ийм хууль зүйн орчин 2008 оны хоёрдугаар сард байхгүй болсон. Долоодугаар сарын 1-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн удирдлагууд нийтийг хамарсан эмх замбараагүй үйлдлийг таслан зогсоохдоо галт зэвсэг хэрэглэх тушаал огт өгөөгүй, буу тавьж олгоогүй.