-УИХ-ын ээлжит Чуулган завсарлаж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та Завхан нутаг руугаа явсан уу?
-Монголчуудын сар шинийн баяр-Цагаан сарын өмнөхөн аймгийнхаа хэд хэдэн сумдад ажиллаж, сайн малчнаар шалгарсан тэргүүний малчинд “ Монгол улсын сайн малчин”, ”Алтан төлийн эзэн” хүндэт шагналуудыг малчны хотонд хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Завхан аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч, нийт нутгаар өвөлжилт сайхан болж, малчин түмэн сэтгэл тайвуу сайхан, анхны төлийн дуу цангинасан сайхан хавар болох төлөвтэй байна. Олон малчин улсын сайн малчнаар шалгарсан нь аймгийн маань малчин түмний хөдөлмөр бүтээлийн томоохон үр дүн байлаа. Өнөөдрөөс тойргийнхоо сумдад ажиллахаар гарах гэж байна.
-Та нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн зөрүү арилгах, боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааны тухай гээд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан.Чуулганаар хэлэлцэж амжив уу?
-Намрын чуулган улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон сорилт, гарааны эхлэл, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй түүхэн онцлог үед хуралдаж завсарлалаа. Нийгмийн хөгжил, улс төрийн гэнэтийн шийдлүүдийг дагаад бид аль аль шатандаа хурдтай ажиллах шаардлага ч тулгарч байна. Төр засгийн өөрчлөлт, улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийн олон асуудлаар хуралдаж, оновчтой хувилбарыг олох гээд ер нь бол ажил их, зав зай муутайхан байж энэ намрын чуулган завсарласан. Эрх зүйн орчныг нь шинэчлэх, боловсронгуй болгох нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, сонгууль, цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай гээд олон чухал хуулиуд батлагдлаа. Санаачлан өргөн барьсан Нийгмийн даатгал болон боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэгдсэн. Тэтгэврийн зөрүү олгох, цалингийн нэмэгдлийн тухай асуудал шийдвэрлэгдсэн. Тэтгэвэр бодох цалин хөлс, орлогыг хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт, дундаж цалингийн өсөлт, тэтгэврийн худалдан авах чадвар зэргийг харгалзан жил бүр тогтоох асуудлыг хуулиар зохицуулаагүйгээс тэтгэврийн үндсэн бодлого, шинэчлэлд сөргөөр нөлөөлж, иргэдийн дунд тэтгэврийн зөрүү гэдэг ойлголтыг бий болгосон байна. Тэтгэврийн зөрүүг арилгах арга бол тэтгэвэр бодох итгэлцүүрийг тогтоох явдал гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар тэтгэвэр бодох суурь цалинг өөрчлөх итгэлцүүрийг шинэчлээгүйгээс тэтгэврийн худалдан авах чадвар буурсан, тэтгэврийн өсөлт нь цалингийн өсөлтөөс хоцорсон байна. Өнөөдөр өндөр насны тэтгэвэр авч байгаа 300668 ахмадын 163367 хүний тэтгэврийн зөрүүний асуудал хөндөгдөн яригдсан. 2012 оны Улсын төсөвт тэтгэвэрийн нийт зардал 212 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. Үүнээс 21 тэрбум төгрөг нь шинээр тэтгэвэр авагчдад зарцуулагдах хөрөнгө, 191 тэрбум нь тэтгэврийн зөрүү, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар төсөвт сууж батлагдсан байгаа. Эх орныхоо нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтанд өөрийн үнэлж баршгүй хөдөлмөрөө зориулж байсан 160 гаруй мянган ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүг арилгах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Одоо НХХЯ хуулийн дагуу дүрэм журмаа яаралтай боловсруулж ажиллах ёстой юм. Олон жил ярьж төрөөс ийм шийдвэр гаргахыг хүлээж суугаа ахмадууд маань баяртай байгаа гэж бодож байна.
-Тэгвэл боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааны тухай хуулийг яах бол гэсэн олон мянган хүний хүлээлт бас байгаа. Энэ хуулийн талаар?
-Төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгахаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хууль санаачлан өргөн барьсан. Хуулийн төслийг Их хурлын дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж байгаад Чуулган завсарласан. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй 839 цэцэрлэгт 16,6 мянга, ерөнхий боловсролын нийт 751 сургуульд 45 гаруй мянган ажиллагсад ажиллаж байгаагаас дотуур байрын багш 611, номын санч 528, эмч 432, тогооч 1142 байна. ЕБС-ийн захирал 722, сургалтын менежер 1295, нийгмийн ажилтан 664, үндсэн багш 26,358 байна. Иймээс бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын байгууллагын ажиллагсадын нийгмийн асуудлыг анхаарсан тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа 6 сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллагаас нь олгох, бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарлалаа. Таны өргөн барьсан гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэр бүл хүн ам хөгжлийн агентлаг байгуулах асуудлыг хөндсөн байсан. Монгол төрийн эмэгтэй түшээгийн хувьд өрхийн хөгжлийн талаар таны санал бодол?
-Манай төрийн бодлогын үндсэн цөм нь өрх гэр бүл. Монголчууд бид дэндүү цөөхүүлээ байна шүү дээ. Тиймээс өрх гэр бүлийн хөгжлийг дэмжин, хүн амаа өсгөх, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн яаж хүргэх, эдийн засаг уул уурхайн орлого өсөлтийг өрх иргэндээ яаж наалдацтай хүртээх асуудлууд шийдлээ хүлээж байна. Бага орлоготой өрхийн амьжиргааг нийгмийн халамжийн хуулийн хүрээнд хэрхэн дээшлүүлэх, идэвх санаачлагатай ажиллаж байгаа гэр бүлд төрөөс ямар урамшуулал олгох вэ гээд олон олон асуудлыг халалмжийн хуулиар шийдэхээр болоод байна. Өнөөдөр Монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, үр хүүхдээ өнчрүүлж, гэрийн бүлийн хариуцлагаасаа зугтаж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байна. Архины асуудалгүй, архины хамааралгүй гэр бүл өнөөдөр ховорхон боллоо. Олон ээжүүд сэтгэл санааны хүнд дарамтанд нүдэндээ, сэтгэлдээ нулимстай явж байна шүү дээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшлийн асуудал ч чухал боллоо. Хүүхдийн эрх зөрчигдөж, Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд багачууд маань нийгмийн тэгш бус байдалд, өөртөө ахадсан хүнд ачааг бяцхан биедээ үүрч байна шүү дээ. Амьдралдаа алдаж гэнэдэгсдэдээ туслах, иргэнээ нийгэмшүүлэх хүмүүнлэгийн олон ажлууд шинэ арга барил, шинэ стандарт бий болгохыг хүлээж байна. Баян хоосны ялгаа, хот хөдөөгийн ялгаа улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед төрийн зохицуулалтыг түргэн шуурхай хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гэр бүл хөгжлийн агентлагийг байгуулах цаг болсон гэж үзэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Орон тоо төсөв мөнгө шаардахгүйгээр Хүүхдийн төлөө газрын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, гэр бүл хөгжлийн асуудлыг цогцоор авч үзэх гарц бий гэж үзсэн юмаа.
-Ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахгүй үүнд эмэгтэйчүүд илүү их өртөмтгий байна гэж олон жил ярьсаар ирсэн. Ядуурлыг бууруулах талаар таны бодол санал юу байна даа?
-Нийгэм, өрх гэр бүлийн хамгийн амин чухал шийдэх асуудлын нэг нь яах аргагүй ажилгүйдэл. Хотын хүн амын 32.2 хувь хөдөөгийн хүн амын 37.8 хувь нь ядуу амьдарч байна. Улаанбаатар хотын хүн амын 29.8 хувь нь ядуурлын төвшингөөс доогуур орлоготой байна. Уул уурхай хөгжиж байгаа манай орны хувьд тэнд ажиллагсдын гэр бүл, эмэгтэйчүүдийн нь хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ч цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. 2011 оны статистик мэдээгээр хүн амын 39,2 хувь нь ядуу байгаа судалгааны дүн гарсан. Халамжид зарцуулсан мөнгө 5 дахин өсөөд байхад ядуурал 7 хувиар өссөн дүн ч байгаа. Ядууралд хамгийн их өртөөд байгаа нь эмэгтэйчүүд тэр тусмаа өрх толгойлсон 80 гаруй мянган ээжүүд, эмэгтэйчүүд байна. Ажилгүй иргэдийн 54.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь сэтгэлийг маань түгшээдэг. 149.8 мянган эмэгтэйчүүд өрхийн бизнест цалин хөлсгүй оролцож байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, өнөө маргаашийнхаа амьжиргааг биш өндөр цалин, орлоготой болгох гарцыг эмэгтэйчүүд бид хайж байгаа. Эмэгтэйчүүдийнхээ ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судалгаа тооцоог хийж байна. Тулгарч байгаа асуудалдаа гарц хайж, эрж олдог хэрэгжүүлж шийддэг хориннэгдүгээр зууны эмэгтэйчүүд бид олон жил улиг домог болтол нь ярьсан ядуурлаас салах гарцаа олноо гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн дэмжсэн банк байгуулсан дэлхийн улс орнуудын туршлага амжилттай үр дүнд хүрсэн байдаг. Орлого багатай иргэд, эмэгтэйчүүд банкны үйлчилгээ хүртэж, өрх бүр үйлдвэрлэгч болж, амьдралын чанартаа өөрчлөлт гаргаж ядуурлаасаа салах ийм бэлээхэн туршлага байхад даяаршиж байгаа дэлхийн ам бүлд аль хэдийнээ багтсан “Монголчууд бид ядуу байгаагаа хичнээн жил ярьж суух вэ? Одоо санал, хүчээ нэгтгэе. Эр зориг гаргая. Эрсдэл ихтэй ч буянтай үр дүнд хүрэх шинэ ажил эхлэхэд гар бие оролцож сэтгэл оюунаа нэгтгэе” гэж иргэддээ уриалмаар байна. Бидний санал санаачлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар дэмжихээ илархийлсэнд хүүхнүүд маань маш их баяртай байгаа.
-МАН-ын “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахад НАМЭХ-ноос ямар саналууд оруулсан бэ?
-Намынхаа хөгжлийн хөтөлбөрт эмэгтэйчүүд ядууралд илүү өртөмхий байгаа байдлыг анхаарч, ЖДҮйлдвэрлэл, бизнес эрхлэх бололцоог хангах, санхүүгийн асуудлыг шийдэх зорилгоор барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бага хүүтэй урт хугацааны зээл олгох бодлого хэрэгжүүлэх, хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдэд хоёр жилийн тогтмол цалинтай чөлөө олгох/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ нийгмийн даатгалыг нь төрөөс төлдөг хууль эрх зүйн орчинг хангаж хүн ам зүйн бодлогоо дэмжих, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хуультай болгох, эх барихын тусламж үйлчилгээний төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй хослуулж, зардлаар нь тооцдог болох, “Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт”-ын дагуу эхийн орны 2/3-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төрсөн нярайд олгодог болох, малын эмч нарын ажиллах нөхцлийг хүнд /хортой/ нөхцөлд шилжүүлэх, ажилгүйдлийг багасгах хүрээнд өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эхчүүд, оюутан, ахлах ангийн сурагчид боломжит цагаараа хийж болохуйц цагийн ажлын байр, зуучлалын товчоог байгуулах, архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, Монгол улсын аймаг, дүүрэг бүрийг ахмадын амралт сувилал, хүүхдийн зуслантай болгох гээд олон чухал асуудлуудыг тусгана.
-Нийгмийн салбарын тулгамдсан асуудлаар дуугардаг цөөхөн гишүүдийн нэг гэж иргэд, олон түмэн таныг хүндэтгэдэг юм билээ. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Та юу хийх ёстой гэж үздэг вэ?
-УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Сонгуулийн тухай хуулиудыг баталсаны үр дүн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Аливаа хууль иргэн бүрт хүрч хэрэгжин, үр дүн нь эерэг бодитой байх явдал хамгийн чухал байдаг гэж ойлгодог. Эрх баригч намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан ажиллаж байгаагийн хувьд хариуцлагаа ухамсарлаж, манай хүүхнүүд идэвхтэй ажиллаж байгаа.Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү их хүч чадал заяасан гэж эрдэмтэн мэргэд үздэг юм билээ. Тиймээс эрчүүдийн жижиг гэж орхидог асуудал бүрийн цаана өрх гэрийн, нийгмийн хамгийн эмзэг тулгамдсан асуудлууд үлддэг. Эдгээрийн дотоод мөн чанар руу эхчүүд эмэгтэйчүүд илүү гүн гүнзгий мэдрэмжтэй ханддаг. Аливаа асуудалд хандахдаа эмэгтэйчүүд бид илүү эерэг уян зөөлөн, намуун дөлгөөн, үнэнч шударга, итгэл сэтгэлээрээ ханддаг. Энэ бүхэн бол цөм эмэгтэйлэг шинж чанар юм даа. Эмэгтэйчүүд бид гадна талын хувирлыг биш дотоод өөрчлөлтийг мэдэрч чаддагаараа онцлогтой. Тиймдээ ч хаан төрд хатан ухаанаар түшилцэхэд эмэгтэйчүүд бидний оролцоо чухал байгаа. Өнөөдөр нийгэмдээ танигдсан, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийсэн бүтээснээрээ овоглогдсон эмэгтэйчүүд нийгмийн салбар бүрт ажиллаж байгаа. Малчин эмэгтэйчүүд дүн өвлийн хүйтэнд ч мал сүргээ хариулж, эх орныхоо торгон хилийн баганан дээр тусгаар тогтнолоо хамгаалж буй олон эмэгтэйчүүд байгаа. Ийм болохоор эмэгтэйчүүд ажилладаггүй нэг ч салбар байдаггүй ээ. Тэд маань төрийн хариуцлагатай албыг найдвартай хаших ард түмнийхээ итгэл сэтгэлийг бүрэн даах чадвартай гэж үнэлдэг.
-Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмж, үнэ цэнэ өсч байна гэж үзэж болох уу?
-Өнөөдөр хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын чанар хүртээмж гээд тулгамдсан олон асуудлын гарцыг хайж, нийгмийн шударга ёсыг хүсэмжилж байна. Уяхан сэтгэлээрээ хатууг зөөллөж, уужим ухаанаараа амьдралыг тэгшилж яваа Монгол ижий нар эх орныхоо тусгаар тогтнол, бїтээн байгуулалт, нийгэм, өрх гэр бүлийнхээ хөгжлийн төлөө оюун ухаан, хүч чадал, мэдлэг ур чадвар, соргог торгон мэдрэмж, итгэл сэтгэлийн хатаараа томоохон хөрөнгө оруулалтыг гэр бүлдээ төдийгүй улс орныхоо хөгжилд оруулж байгааг онцлон хэлмээр байна. Иймд эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсч, төрийн бодлогод тусгах явдал чухал байгаа учраас нийгэмд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага илүү байна. Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлж, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсролтой эмэгтэйчүүдийг гаргаж ирэх ажил, аль ч түвшинд бодлого стратегигүй явж ирлээ. Эмэгтэйчүүд маань бие биесээ хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, сэтгэлгээний их өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд ч энэ тал дээр илүү түлхүү хамтран ажиллах ёстой. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд зөвхөн намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах бодлого баримтлан, үйл ажиллагаагаа явуулж байна. Олон нийтэд танигдсан боловсрол, мэдлэг өндөртэй, ажлын дадлага туршлагатай эмэгтэйчүүд олон байгаа. Тэдний соргог торгон мэдрэмж, ажлын дадлага туршлага, хичээл чармайлт, мэдлэг чадвар, шударга зан чанар юу юунаас илүү үнэ цэнэтэй байгаа. Иймээс эмэгтэйчүүд бид өөрсдийн нөөц боломж, хүч чадал ажлын туршлага, үр дүн, бодит ажлаа харуулах боломжийг баталгаажуулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд бид санаачлагатай ажиллах ёстой.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хуульчилсан. Хууль хэрэгжих боломж бий юу?
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль өмнөх хуультай харьцуулахад хариуцлагын тогтолцоо нь илүү сайжирсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа чухал байгаа. Сонгуулийн хуулиар нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байхаар хуульчилсан. Квотын зарчим нь сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл бага тусдаг мажоритар системийн сул талыг нөхөх арга, эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараас үл хамаарах олон сөрөг хүчин зүйлээс хамгаалсан тэгш байдлыг бий болгох үндэс юм. Монголчууд ухаантай оюунлаг ард түмэн шүү дээ. Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг тусган нь чухал болохыг хэлж ярьдаг болсон. Иргэд сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлж, эмэгтэйчүүдэд хандах хандлагыг өөрчлөхөд Парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран ажиллах Тунхаглал гаргасан. Өнөөгийн Монголын нийгэмд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, 2012 оны УИХ-ын болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд эмэгтэйчүүд илүү идэвхтэй оролцох бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эмэгтэй хүн бүрийн үүрэг оролцоо маш чухал байгаа. Монголынхоо нийт эмэгтэйчүүдтэйгээ хамтран санаачлага үр бүтээлтэй ажиллаж, бие биендээ урам зориг, дэмжлэг өгч, бусдынхаа амжилтыг хүлээн зөвшөөрч, эерүү зөөлөн уур амьсгал бүрдүүлэх нь бидний нийгэм дэх үнэлэмжийг эрс дээшлүүлнэ гэдгийг хэлэх байна даа.
-Нийгэмд улс төрч эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нэмэгдэж байгаа. Энэ талаар та бүхэн юу хийх ёстой гэж үзэж байгаа вэ?
-Улс төрчийн хөдөлмөр хүнд хөдөлмөр. Тэр тусмаа эмэгтэй хүн гэр бүл, цаг зав, бүхий л зүйлээ золиолслоход хүрдэг. Нэг талаараа зөвхөн гэр бүл төдийгүй төр нийгэм, ард олныхоо өмнө өндөр хариуцлага, үүрэг хүлээдэг хатуу хүнд хөдөлмөр байдаг. Улс төр л болсон юм хойно хөөрхий дээ эмэгтэй хүн юм гэж толгойг минь илж, санал өгдөггүй шүү дээ. Иймээс асуудалд эрчүүдтэй зэрэгцэн заримдаа эмэгтэй хүн, эх хүнийхээ нарийн ухаан мэдрэмжийн боловсролоо нэмэгдүүлж, торгон мэдрэмжтэй ажиллах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагаар эмэгтэйчүүдийн талаар сөрөг мэдээлэл давамгайлсан энэ үед эмэгтэй улс төрчдийн дүр төрхийг бүрдүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байгаа. Энэ цаг үед эмэгтэй улс төрчдийг дэмжих эмэгтэй сэтгүүлчдийн “Даймонд” клубыг санаачлан зохион байгуулсан сэтгүүлч бүсгүйчүүдэд баярлаж байгаа. Энэ ажилд эмэгтэйчүүд бидний хамтын ажиллагаа, нэгдмэл том эрх ашгаа эрэмбэлэх улс төрийн соёл маш чухал. Хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн арми нэгдэж чадвал өрх гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хуримтлагдсан олон тулгамдсан асуудлыг шийдэх асар их нөөц боломж, хүч байгаа. Эмэгтэй хүн эр хүнээс илүү хариуцлага хүлээх чадвартай шүү дээ.
-Өнөөдөр Монголын улс төрчид сонин, хэвлэл, ТВ-үүдийн эзэд байгаа тухай олон түмэн ярьдаг. Таныг ч бас Өглөөний сонины хувь эзэмшдэг гэж саяхнаас чих дэлсэх болсон? Энэ үнэн үү?
-Монголын улс төрд байгаа хамгийн муухай, ёс суртахуунгүй зүйл бол улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд болж, улс төр хийдэг буруу, гаж үзэгдэл бий болсон гэж боддог. Хэн ямар ТВ, сонинг өмчилж, улс төр хийж байгааг олон түмэн мэднэ. Өглөөний сонинд миний эзэмшдэг нэг ширхэг хувьцаа ч байхгүй, оролцоо ч байхгүй. Би сонины эрхлэгчтэй нь найз. Мэдээж тэр хүний хувийн бизнес рүү нь би оролцон хутгалдах боломжгүй юм даа.
-Хэдхэн хоногийн дараа Монголд зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр тохиох гэж байна. Энэ салбарын эмэгтэйчүүдэд хүргэх үг таны үг?
-Монголынхоо зэвсэгт хүчинд ажиллаж байгаа үе үеийн ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн, эрчүүддээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Манай улсад 3000 орчим эмэгтэй офицер албан хаагчид цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэрэгт алба хааж байна. Улс орныхоо дархан хилийг, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг, дэлхийн улс орнуудын халуун цэг, галын шугаманд Монголынхоо нүүр царай болж энх тайвныг хамгаалж яваа нийт эмэгтэйчүүддээ Монгол улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт ойн мэндийг хүргэе. Чухамдаа энэ салбарынхан маань улс орныхоо энх тайван, тусгаар тогтнолын алтан шугамыг эрчүүдтэйгээ хамт манаж, идэр есийн хүйтэнд зовлон тоочилгүйгээр тангараг өргөн зүтгэж, гэр орныхоо арын албыг амжуулж байдаг ёстой л энэ цагийн эгэл даруу баатарууд гэж бодож явдаг юм. Энэ салбарын хүүхнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдчих юм сан гэж ажилладаг. Цэргийн алба хүнд алба, залуу насаа эх орондоо зориулаад ид насандаа тэтгэвэрт гардаг. Байр орон сууцны асуудлаа тэтгэвэрт гартлаа шийдэж чадаагүй олон албан хаагч байдаг. Алба хааж байгаа эмэгтэйчүүдэд төрөөс тусгай бодлогоор хандах цаг ирсэн.
"Үндэсний шуудан" сонин