Монголын Хөгжлийн банк 580 сая долларын бонд гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Монголын Хөгжлийн банк 580 сая долларын бонд гаргав

Монголын Хөгжлийн банк олон улсын хөрөнгө оруулагчдад таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын бонд гаргах ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн тухай “Евразиа Капитал” банк өчигдөр мэдээллээ. Монголын Хөгжлийн банк энэ сарын 8-ны өдрөөс эхлэн бонд худалдан авах хүсэлтэй хөрөнгө оруулагч нартай уулзаж эхэлсэн байна. Монголын Хөгжлийн банк бонд гаргах ажилд “Дойчи банк”, “HSBC холдингс” болон “ING групп” зэрэг санхүүгийн байгууллагуудыг хөлслөн ажиллуулж байгаа ажээ.

Урьдчилсан байдлаар бондын хүүг 6-6.25 хувьтай байхаар тооцоолж байсан ч эрэлт ихтэй байсан учир хүүг нь 5.75-6 хувь болгон бууруулжээ. Бонд худалдан авахыг хүссэн захиалгын хэмжээ гаргасан хэмжээнээс 10 дахин давжээ. Өөрөөр хэлбэл бондын худалдааны нийт эрэлт 5 тэрбум ам.долларт хүрчээ.

Монголын Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох томоохон төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоо биелүүлэхэд нь бондын арилжаа ихээхэн үүрэгтэй байх нь тодорхой юм. Гэхдээ бондын хүү харьцангуй өндөр байгаа нь улсын эдийн засагт очих дарамтыг нэмэгдүүлж мэдэх юм. Хөгжингүй улс орнуудын Засгийн газрын орлогын багагүй хэсэг нь бондоос эх үүсвэртэй байдаг ч манай улсын хувьд бондын санхүүжилт рүү хошуурах нь одоохондоо эрт байна гэхэд болно.

Гэхдээ цаашид хэрэгжих төслүүдэд хөрөнгө санхүүжилт ус агаар мэт хэрэгтэй нь тооцоо судалгаанаас илэрхий харагддаг. Засгийн газрын тооцоолж буйгаар 100 мянган орон сууц төслийг бүрэн хэрэгжүүлэхэд 6.2 тэрбум ам.доллар, төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэхэд 7 тэрбум доллар, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад 10-14 тэрбум доллар шаардагдахаар байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж