Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол хэн нэгнийг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр биш. Шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх хүртэл эсвэл хэрэг мөрдөн байцаалтад байх үед ямар нэгэн саад учруулах, оргон зайлахаас сэргийлж ийм арга хэмжээ авдаг хуультай. Хэрэг түвэгт орооцолдсон хэнбугайд ч ийм арга хэмжээ авч л байдаг. Гэтэл цагдаагийн хурандаа нарыг болохоор хорьж болдоггүй юм гэнэ. Цагдаа дарга нараа хорьж зүрхлэхгүй гэж байна. Тэдэнд хууль хамаагүй гэнэ. Шүүгдэж буй дөрвөн хурандаагийн эрх ашиг долоодугаар сарын 1-нд буудуулж нас барсан дөрвөн иргэний амь наснаас үнэтэй юм байж. Цагдаагийн хурандаагийн эрх ашиг дөрвөн хүний амь насны рангтай болж таарлаа. Ямар үнэтэй эрх ашиг вэ.
Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа шүүгдэгч нарын гэр бүлийнхэн элдэв лоозон бариад хашгирч зогсоо харагдсан. Энэ бол ардчилсан нийгэмд байх л зүйл. Угаасаа гэр бүлийн гишүүд хэн нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй байх эрхтэй. Тийм болохоор гэргий хүүхдийг нь ойлгож болно. Харин тэдэнтэй нийлээд цагдаагийн албан хаагч нар дүрэмт хувцастайгаа ирчихсэн “бэлэн байдал”-д зогсож байсныг юу гэж ойлгох вэ. Тэд аажим аажмаар хүчээ зузаатгаж байсныг ч энд дурдах хэрэгтэй. Цагдаа бол тушаалаар хөдөлдөг. Хэрвээ тэдэнд Ч.Амарболд нар команд өгсөн бол дахиад буудах нь ээ. Дөрөв биш 40, бүр 400 хүнийг буудахад бэлэн байна биш үү тэд. Үүний нэг нотолгоо нь Тухайн үед ЦЕГ-ын дарга юу хийж байсан юм бол. Тэр хэдэн цагдаадаа тарах тушаал өгч чадаагүй юм уу. Эсвэл тушаал өгөөд нөгөөдүүл нь бас биелүүлэхээс татгалзсан уу. Хэрвээ тийм бол Монголын нийгэмд бодит аюул нүүрлэсэний дохио мөн. Цагдаа зэвсэгтэй. Дотоодын цэрэг ч тэдэнд харъяалагддаг. Хэрэв ЦЕГ-ын дарга Сандаг-Очир генерал цагдаа нартайгаа ижилхэн үзэл бодолтой бол яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтох нь, Ц.Нямдорж сайд аа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч та ч гэсэн ҮАБЗ-ийн хурлыг яаралтай хуралдуулж сэргийлэх арга хэмжээ авахгүй бол зэвсэгтэй техниктэй цагдаагийн байгууллага төрийн эргэлтэд бэлэн байгаа юм биш биз. Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт шүүх хурлын танхимд шүүгч нар руу хандан “Та нар хурдан ялаа өгөөдөх. Би дараагийн арга хэмжээг авна шүү” хэмээн хашгирсан явдал юм. Хурандаагийн хэлээд буй “Дараагийн арга хэмжээ ” гэдэг нь чухам юу юм бол.
Одоогоос 13 жилийн өмнө 1999 онд УИХ-ын гурван гишүүнийг казиногийн хэргээр ялласан юм даг. Тэдний бүрэн эрхийг УИХ-аар дөнгөж цуцлаад л цагдаагийнхан чирч гулдчин бүхээгтэй машиндаа ачаад Ганцхудагт хорьж байсныг санаж байна. МАХН үнэмлэхүй ялалт байгуулж дарангуйлагч Н.Энхбаяр төрийн толгойд байсан 2000-2004 он. Тэгэхэд сөрөг хүчний дуу хоолойг ганцаараа тунхаглаж байсан УИХ-ын гишүүн Л.Гүндалайг цагдаа, тагнуулынхан нисэх онгоцны буудал дээрээс баривчилж Ганцхудагт хорьж байлаа. Ч.Амарболд нарыг бодвол тэр УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй байсан юм шүү. Тэгэхэд цагдаагийн албан хаагчид “Бид дархан эрхтэй хүнд халдахгүй ээ. Буруу тушаал байна” гэж дуугарсан билүү. Үгүй. Тэгэхээр дөрвөн хүний амь насыг буудан хороосон хэрэгт шүүгдэж буй дөрвөн хурандаа цагдаагийн байгууллагыг одоогоор алсын зайнаас удирдаж байна. Энэ бол тоглоом биш. Сүржин үг түүж би нийтлэл бичсэнгүй ээ. Зөвхөн болсон явдлыг эргэцүүлэн бодоход ийм л айдас төрж байна. Тийм ээ, би айж байна. Зэвсэгтэй цагдаагаас айж байна. Тэдний суманд өртөх вий гэхээс айж байна. Тэд хувийн эрх ашгаа хамгаалж төрийн эргэлт хийх вий гэхээс айж байна. Тэдний энэ дүйвээнээр Монголын төрийг үймүүлэх сонирхолтой улс төрийн хүчнээс айж байна. Долоодугаар сарын 1-ний хэргээс улбаалж дахин цус урсах вий гэхээс айж байна. Айдаст автаж цагдаа нарыг жигшиж буй иргэдээ хамгаалж чадахгүй байх вий гэхээс бүүр ч их айж байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин