-Шүүгчдийн холбоо болон Нийслэлийн шүүхээс “Цагдаа нар шүүх хурлын үеэр хэв журмыг сахиулах үүргээ биелүүлээгүйгээс болж шүүгчийн биед гэмтэл учирч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Цагдаа нар шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож зохион байгуулалтад орсон” гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан. Харин Цагдаагийн ерөнхий газрынхан энэ бүхний хариуд “Цагдаа нар хэв журмыг сахиулах гэж шүүх хурал дээр очсон” гэсэн хариултыг өгч байна. Энэ бүхэнд та ямар хариулт өгөх вэ?
-Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр эмх замбараагүй байдал үүсээгүй. Шүүгчдийн холбооноос гаргасан мэдэгдэл ойлгомжтой. Шүүх хурлын дараа гараад явж байсан шүүгчийг бүсэлж аваад тулган шаардаж юм асуух гэсэн оролдлго гарахад цагдаагийн байгууллагынхан үүргээ гүйцэтгээгүй шүү дээ. Тиймээс шүүгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлтэй би санал нэг байгаа.
-Гэтэл шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгчдийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар “Шүүхийнхэн шийдвэрээ урьдчилаад гаргачихсан байна” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан. Шүүх хурлыг хойшлуулах саналыг хүлээж аваагүйгээс ийм мэдээлэл гарсан байх. Үнэхээр шүүх хурлын шийдвэрт дээрээс нөлөөлөх асуудал байх уу?
-Шүүхийн шийдвэр бол хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Шүүгчид шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэйгээр гаргасан л гэж бодож байна. Гэхдээ одоо бол тэр нь буруутай, энэ нь буруутай гэдгийг хэлэх боломжгүй байна.
-Шүүгдэгч талынхан ерөнхий шүүгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал тавьчихаад байхад ерөнхий шүүгч энэ асуудлын талаар хэлэлцээгүй байхад шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргах эрхтэй юм уу. Шүүгдэгч нарын өмгөөлөгч ийм эрхгүй гээд байсан?
-Энэ талаар би хариулт өгөх боломжгүй. Миний хувьд шүүгчийн хараат бус байдлыг л хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй хүн.
-Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хурал хараат бус шүүх хурал байж чадсан уу. Нэлээд эмх замбараагүй байдал үүссэн шүү дээ. Та өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадсан гэж бодож байна уу?
-Шүүх хурлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах гэж бид бололцооныхоо хэмжээнд ажилласан гэж бодож байна. Харин шүүх хуралдаан завсарласны дараа шүүгчийн болон шүүгчдэгчийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг биелүүлээгүй гэж хэлж болно. Үүнийг хүн бүр л харж байсан. Бид өөрсдөө шүүх хурлын танхимд орж эмх цэгцтэй байдал бий болгох боломжгүй болчихсон байсан шүү дээ. Энэ ч үүднээс шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүрэг биелэгдэхэд хүнд байлаа.
-Шүүх хурлын үеэр ямарваа нэгэн үймээн гарсан тохиолдолд “Цагдаагийн бие бүрэлдэхүүн хөдлөхгүй юм байна” гэдэг ойлголт төрж байсан л даа. Тэгэхээр шүүхийн байгууллага өөрөө хараат бус байдлаа алдчихаж байна гэж ойлгож болох уу?
-Нөхцөл байдал хүнд байсан ч ямар нэгэн үймээн самуун үүсээгүй. Гэхдээ ер нь цаашдаа шүүхийн хараат бус, бие даасан, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай болсон юм байна гэдэг л харагдсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн шүүх хурлын үеэр байсан атлаа тэнд үүсэж буй асуудлыг зохицуулахад гар бие оролцохгүй назгай байдал үүссэнийг тэнд байсан хүн бүр л мэдэж байгаа.
-Шүүхийн хараат бус байдал гэдэгт зөвхөн шүүгчийн аюулгүй байдал орохгүй байх. Энэ ч үүднээс хүмүүс шүүхийн шийдвэрт дээрээс нөлөөлсөн байж магадгүй гэж байсан байх. Та шүүгчийн шийдвэрт ямар нэгэн нөлөө орсон байж болзогүй гэдгийг юу гэж харж байна вэ?
-Үүнд миний зүгээс хариулт өгөх боломжгүй. Ямарваа нэгэн шүүгчийн шийдвэр хамгийн эцсийн шийдвэр байдаг учир тийм боломж байхгүй.
-Шүүгдэгчид ерөнхий шүүгчид хоёр хүсэлт гаргасан. Энэ шийдвэрүүдийг хэлэлцэж байгаа болов уу?
-Ерөнхий шүүгч өөрт нь гаргасан хүсэлтийг хуулийн дагуу хэлэлцээд 48 цагийн дотор хариу өгөх ёстой. Бид шүүхийн байгууллага дотор ажиллаж байгаа ч гэсэн шүүгч ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй. Тийм боломж ч байхгүй. Бидний алын чиг үүрэг өөр учир энэ асуултад хариулт өгөх боломжгүй.
-Г.Ганбаатарт холбогдох хэргийг тусгаарласнаас болоод л асуудал ар араасаа хөвөрсөн. Ер нь хуульдаа ижилхэн хэргээр шүүгдэж байгаа хүмүүсийн нэгнийх нь хэргийг тусгаарлах эрх зүйн боломж бий юү?
-Би энэ хэргийг шийдсэн шүүгч биш учир ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй шүү дээ. Ер нь бол хэргийг тусгаарлан шийдэх тохиолдол гарч байдаг.
-Хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо ирээгүйгээс болж шүүгдэгч талаас нэг шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээж аваагүй. Анхны шүүх хурал болсны дараа дараагийн шүүх хурлын товыг тодорхой зарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлаас өмнө оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм уу?
-Шүүх хуралдааны бэлтгэл хэвийн хангагдаж байна гэж үзэж байсан. Харин шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо энэ сарын 8-нд гадаад руу явсан юм билээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар шүүх хуралдаан хойшлогдсон байна билээ.
-Тэгэхээр хуралд түүнийг ирэхгүй гэдгийг шүүгч нар мэдэж байсан байж шүүх хурлыг хойшлуулж болоогүй юм уу?
-Шүүх хурлыг хойшлуулах эсэхийг хуралдаанаараа л шийддэг. Түүнээс биш “Шүүх хурлаас өмнө нь ийм хүсэлт ирүүлсэн байна” гээд шүүх хурлыг хойшлуулчихаж болдог юм биш.
-Гэрчүүдэд зарлан дуудах хуудас явуулсны дараа тэд ирнэ гэдгээ мэдэгдсэн байсан уу?
-Гэрчүүд ирнэ гэдгээ мэдэгдсэн байсан. Энэ ч үүднээс гэрчүүдийг ирэх бүхий л нөхцөл бололцоогоор хангасан. Тухайлбал, машин орж, гарах боломжоор.
-Шүүх хурал гэрч нарыг ирэх хүртэл хэмжээнд үргэлжлээгүй ч гэрч нар шүүх хурлын үеэр ирсэн юм болов уу. Ирээд хэрэггүй гэдгийг нь мэдэгдсэн юм уу?
-Гэрчүүдийг ирэх боломжоор хангагдсан байсан гэж дээр хэлсэн. Тиймээс шүүх хуралд гэрч нарыг дуудсан тохиолдолд ирэх л байсан.
-Шүүх хуралд оролцсон хүмүүс “Шүүгч нар шүүгдэгчдийг цагдан хорихоор болсон гэдэг шийдвэрээ уншиж танилцуулаагүй. Бичгээр тараасан” гэж байсан. Үүнээс болоод “Шүүгч нар ажлаа хийхгүй, зугтаж байна” гэсэн яриа гарч байсан. Ер нь шүүгч нарт ийм эрх байдаг юм уу?
-Манай шүүгч нар тийм алдаатай асуудал гаргахгүй.
-Таниас хувь хүний тань хувьд асуух асуулт байна. Шүүхийн шийдвэр гарсан л бол тэр шийдвэрийг эсэргүүцэх ёсгүй байдаг. Гэтэл сүүлийн үед “Шүүхийн шийдвэр буруу гарсан” гэж жагсаал цуглаан хийх нь энгийн үзэгдэл мэт боллоо. Тиймээс шүүхийн байгууллага эрх мэдлээ алдсан мэт харагдах болсон. Энэ нь ч өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр ажиглагдсан гэж болно. Тухайлбал, тэнд цугласан байсан цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнө хүчин мөхөсдсөн гэж болох юм шиг ээ?
-Шүүх байгууллага эрх мэдлээ хэвийн хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдааны үеэр ч үүргээ хэвийн хэрэгжүүлсэн. Авах ёстой арга хэмжээнүүдээ авсан.
–Цагдаа наргүй бол юу ч хийж чадахгүй юм байна гэж яриад байгаа. Цагдаа нар төрийн эргэлт хийхэд бэлэн болчихож гээд байгаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Цагдаа нар төрийн эргэлт хийх гэж байна уу, үгүй юү гэдгийг нь би мэдэхгүй байна. Цагдаа нар бидэнтэй л адилхан төрийн албан хаагч. Тиймээс ийм асуудал гаргахгүй. Өнгөрсөн лхагва гарагийн хувьд байдал харьцангуй тайван байсан гэж болно.
-Хэрэв цагдаагийн дарга нарыг яллах шийдвэрийг шүүхээс гаргавал цагдаа нар ажил хаяна гэсэн мэдээлэл тараасан. Хуулиар бол цагдаа нар ажил хаях эрхгүй. Хэрэв ийм юм болбол юу болох бол?
-Мэдээж төрийн дүрэмт хувцас өмссөн цагдаа хүн ажил хаяхгүй.
-Эмнэлэгт байгаа цагдаагийн хурандаа нарын биеийн байдал ямар байгаа юм бэ. Таныг очиж уулзсан гэсэн үнэн үү?
-Тэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэж байгаа. Би тэнд очиж эмчтэй нь уулзсан. Даралт нь их, сахарын өвчтэй гэсэн хариулт өгсөн.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин