Хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай амьжиргааны доод түвшинд амьдарч буй өрхийн гишүүдэд зориулсан хүнсний талон олгох ажлыг НХХЯ-ны дэргэдэх тус хөтөлбөрийн нэгжээс орон даяар зохион байгуулж байгаа ажээ. НХХЯ-ны дэргэдэх Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хүнсний талон олгох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хариуцаж байгаа аж. Иргэдээс цуглуулсан мэдээллийн сангаас хамгийн бага үнэлгээтэй өрхөд хүнсний талон олгож байна. Талоноор дотоодод үйлдвэрлэсэн арван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгох гэнэ. Үүнд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ орно. Архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хориглох гэнэ. Албаны хүний мэдээлсэнээр “Эхний ээлжинд Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон 4271 өрхөд хүнсний талон олгох ажил явагдаж байна. Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Орхон, Сэлэнгэ аймгийн өрхүүдээс асуулга авах ажил дуусаад байгаа. Ингэснээр өрхийн амьжиргааны түвшний үнэлгээ хийгдэж, хүнсний талон авах өрхийн дүнг гаргаж дээрх орон нутагт хүнсний талон олгох бэтгэл ажил хийгдэж байна” гэв.
Өнгөрсөн онд нийслэлээс зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 368 өрх хүнсний талоны хөтөлбөрт хамрагдаж, сонгогдсон хүнсний дэлгүүрээс бүтээгдэхүүн авсан байна.
Д.Жаргалсүрэн