”Цахим үнэмлэхийг 6 сарын 11 хүртэл хэвлэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

”Цахим үнэмлэхийг 6 сарын 11 хүртэл хэвлэнэ”

Сонгууль ойртсон энэ үед хуучин үнэмлэхийг халж ухаалаг цахим үнэмлэхээр солих ажил өрнөж буй. Гэвч энэхүү цахим үнэмлэхний ажлын үйл явц ямар байгаа талаар УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодруулсан юм.

-Цахим үнэмлэх удаа­ширч бай­на. Энэ юунаас болов. Хэвлэх ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Цахим үнэмлэх хэвлэх ажлыг шат дараалалтай хийж байна. Ир­гэний үнэм­лэхийг хэвлэх тоног тө­хөөрөмжийг оруулж ирэх, иргэний үнэмлэхний бэл­дэ­цийг бэлтгэх гэх мэт. Иргэний цахим үнэмлэхийн явц бэл­дэц бэлтгэх хуваарийн та­лаар манай УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, ХЗДХЯ-ны Тө­рийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд 2011 оны хоёр­­дугаар ули­рал буюу до­­лоодугаар сарын 1-ний до­­тор цахим үнэмлэхийн заг­вар нууц­­лалыг баталсан та­лаар мөн иргэ­ний цахим үнэмлэх ямар байхыг  Зас­гийн газрын төвшинд арваннэгдүгээр сард шийдсэн, үнэмлэхийг хэв­­лүүлэх, бэлтгэх,  олгох ажлын бэлт­­гэл хийгдсэн талаар мэдээлэл хийсэн.

-Хэвлэх ажлыг ямар ком­пани хийхээр болсон бэ?

-Хэвлэх компани нь өн­гөрсөн жил тодорхой бол­сон. Энэ ажлыг “Бодь элект­роникс” компани АНУ-ын “Дата карт” компаниас хоёр хэвлэх машин аваад, оруулж ирээд суурилуулсан. Туршилт хийж байна. Мөн бэл­дэц нийлүүлэх компаниар “Бодь интернэйшнэл” компани ажиллаж байгаа. Ирэх сарын 6-наас эхний ээлжийн бэлдэц орж ирээд хэвлэлт хийж эхлэх юм. Харин сүүлийн ээлжийн бэлдэц зургаадугаар сарын 3-нд ирээд долоо хоногийн дотор хэвлээд дуусчих байх. Хэвлэх ажил дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 11  хүртэл үргэлжилнэ. Үүнээс цааш тараагдаад явах юм.

-Хаяж үрэгдүүлсэн болон ши­­нээр авах гэж байгаа хүмүүс хуучин иргэний үнэм­лэхээ авах шаардлагатай юу. Хаячихаад ир­гэний үнэмлэх нь хэрэгтэй болсон иргэд яах ёстой вэ?

-Ерөнхийдөө хуучин ир­гэний үнэм­­лэхний хэвлэлт зогсчихсон. Үнэ­хээр авах шаард­лагатай бол үнэмлэх авахад өгдөг бичиг баримтаа өгчи­хөөд түрдээ УБЕГ лав­лагаа өгч байгаа.

-Хэвлэх төхөөрөмж өдөр­төө хэчнээн үнэмлэх үйлд­вэрлэх хүчин чадалтай вэ?

-Хэвлэх хоёр машин өдөрт дунд­жаар 48 мянган ширхэгийг хэв­лэх чадалтай. Цахим үнэмлэхний үйл явц нэг иймэрхүү байна. Харин энэхүү ухаалаг үнэмлэхний талаар зарим иргэн ямар бодолтой байна вэ.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Дуламцэцэг: СОНГУУЛИЙГ БУДИЛААНТУУЛАХ ГЭСЭН АРГА БАЙХ

-Иргэний үнэмлэхийг сольж яадаг байна аа. Би ерөөсөө ойлгохгүй байгаа. Их мөнгө зарцуулж иргэний үнэмлэх сольж байхаар цалин тэтгэвэр нэмж, аль эсвэл ажлын байрыг бий болговол дээр санагдах юм. Ер нь улстөрчид сонгуулийг будилаантуулах гэсэн арга байх.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж