Барилгын салбарын хөгжлийг илтгэж, стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн шийдэлтэй барилга, орон сууцны төслүүд олноор тавигдсан “Барилга-2012” үзэсгэлэн яармаг өчигдөр “Мишээл экспо” төвд үүдээ нээв. Энэ удаагийн хаврын уламжлалт үзэсгэлэн яармагт барилга угсралт, орон сууцны 120 гаруй компани болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчид оролцож байна. Олны сонирхлыг татаж хүний хөлд дарагдсан үзэсгэлэнг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд тус яамны дэд сайд Б.Цэнгэл, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, ОССК-ийн захирал Ж.Алдаржавхлан болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байв. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Монгол Улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ, Засгийн газар баталсан. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжихэд энэхүү үзэсгэлэн ач холбогдол өндөртэй” хэмээн онцлон тэмдэглсэн юм. Үзэсгэлэн яармагт оролцогч аж ахуйн нэгжүүд “Мишээл экспо” төвийн дотор болон гадна талбайд бүтээгдэхүүнээ байрлуулж ЗТБХБ-ын сайдад өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал болон бусад зүйлийг тайлбарлаж байв. Зөөж, тээж болох авсаархан орон сууц үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бодолтой байгаа үйлдвэрлэгч салбарын сайддаа тус орон сууцыг хэрэглэгчийн хүсэлтээр том хэмжээгээр барьж бас зөөврийн хэлбэрээр ашиглаж болно. Үнэ материалын хувьд зах зээлд хамаагүй хямд үнээр нийлүүлнэ гэж танилцуулсан. Харин салбарын сайд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Барилга, хот байгуулалт, орон сууцны чиглэлээр тусгасан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүргэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын өргөн оролцоо, идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй байгааг дурдаж барилгын салбарын бизнес эрхлэгчдийг “БАРИЛГА-2012” үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бизнесийн түншлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан, мэдээлэл солилцох таатай боломжийг үр дүнтэй ашиглахыг уриалсан юм.
Р.САРАНГОО