Чин сэтгэлээсээ хөөрөн догдолж, баясч цэнгэх нь урлагийн өрөм зөөхийг хүртсэний үйлчлэл. Урлаг бол хамгийн дээд түвшний хэрэгцээ. Оюун санааны сэрэл тэмүүлэл хүртэх охь өгөгдөхүүн. Хүний тунгалаг гэгээн хүслийн эрэмбийн дээд шат. Амьдралд талархах, эх газарт хөл өлмийдөн оршихын үнэ цэнийг хамгийн үнэнээр, баяр баясалтайгаар эргэцүүлэх орон зай гагцхүү жинхэнэ урлагийн хүрээнд илэрдэг санагдана. Бродвейн энэхүү тоглолтыг үзэгсэд үзэгдлээс үзэгдэлд шилжих тэрхэн мөчид мөндрийн шаагианыг санагдуулам чимээг үүсгэн өөрийн эрхгүйгээр хоёр гарын алгаа эг маггүй таших ажээ. Бродвейн театр бол жинхэнэ алга ташилтыг мэдрэх, мэдрүүлэх театр. Уулын горхины урсгал шиг тийм цэвэр тунгалаг чин сэтгэлийн алга ташилт Бродвейн театрынх. Урлаг жинхэнэ алга ташилтыг хүлээн зөвшөөрүүлэхэд оршдог шиг. Ийм жинхэнэ алга ташилтын чимээнд урлагийн их хүч чадал хуримтлагддаг байх гэж бодогдоно. Энэ их хүч чадлын нь шидээр хүний сэтгэлийн дээд гэрэл гэгээ зулладаг болов уу хэмээн бодсоор гарч ирэхүл Нью-Йоркийн төв гудамж бүгчимдэн угтаж авах нь амаргүй. Угтаан бол мөнөөх гэрэл гэгээний зул сэлбэн асаагдсан сэтгэлийн мэдрэмж, баясалт давалгаагаа цалгиулан тэнүүн хээр талд гардагсан бол оюун санаа юутай сайхан жигүүрлэхсэн билээ гэж бодогдом.
Гэхдээ сэтгэлийнхээ дохиурт энэ гэгээн эрэллэг мэдрэмжийнхээ хөрөнгийг авч тээсээр Панам улсын Панама хотын онгоцны буудалд буусан юм. Панам улсыг газрын зураг дээрээс харахад жирхний арьсыг тэлж татсаныг санагдуулам тийм хэлбэр дүрстэй. Эрх чөлөөний хөшөөний дэргэдээс, эрх чөлөөний орноос ийнхүү энэ улсад буухдаа гагцхүү эрх чөлөөний орон бол Панам хэмээн бодсоноо нуух юун. Учир юунд хэмээвээс Панамын суваг бол дэлхийн усан замын хамгийн том зорчин өнгөрөх боомт. Их далайгаас их далайд шилжин орох хамгийн дөт зам. Аялал жуулчлал энэ улсын үндсэн үйл ахуй. Тиймээс ч тэр биз, нэг далайгаас нөгөө далайд-арван цагт хэмээх уриа хэллэг нь энд аялан ирэгсдийг далладаг байхтай гэлтэй. Панам чийглэг дулаан уур амьсгалтай. Дулаанаас дулаан, чийглэгээс чийглэг тэрхүү уур амьсгал нь бие сэтгэлд таатай сайхан мэдрэмж төрүүлэхийн дээр Панамын баруун эргээс өртөөлөн явбал тийм ч алсгүй орших Мексикийн Акапулко хотноо өнгөрүүлсэн дурсамжит сайхан өдрүүдийг эрхгүй санагдуулна. Ерөөс эелдэг урьхан, чийглэг дулаан уур амьсгал бол монгол хүний бие махбодийн хүсэмжлэн эрж байдаг хэрэгцээ байж магадгүй.
Хоёр Америк тивийг холбон гинжилсэн газар зүйн байршил бүхий Панам баруун талаараа Коста Рико улстай хиллэнэ. Хөлбөмбөгийн хүсэл дурын бас нэгэн эх орон л доо. Коста Рико хэмээх энэ нэрийг хөлбөмбөгийн ертөнцөөс илүүтэй сонсож танилцсан гэвэл хилсгүй. Панамын зүүн талаар аугаа их зохиолч Габриель Маркесийн эх орон, хар тамхи, гэмт бүлэглэлийн дэлхийн нэгэн цайз хэмээгдэх Колумб улс айлсана. Умар зүгээс Атлантын далай шуугиж, өмнө дорноос нь Номхон дөлгөөн далай хүлхэлзэнэ. Энэ дөрвөн хязгаарын дотор Панам улс оршино. Панам их хөлийн газар. Аялан жуулчлах хүмүүсийн тоо жилээс жилд өсдөг. Эдийн засгийг дэмжин, бэл бэнчингээ арвижуулж байдаг гол салбар нь аялал жуулчлал. Монголоос найман зуун мянган хүнээр илүү. Монголоос найман найм дахин дутуу газар нутагтай.
Хөлгүй их усан далайн хөвөө хязгаараар Панама хотын төв тийш довтолгож явахад Нью-Йоркт буцаад буучихав уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Панамчуудын барьсан байшин нь нэн өндөр. Усан униарт тэнгэрийн савслага тийш өөдөө зэвлэсэн өндөр байшин олон. Эрийтэл барьжээ. Тэр нь алсаас харахад их аварга том эрээн хүжүүдийг их далайн хөвөө эргээр эгнүүлэн хатгачихсан мэт төсөөлөл төрүүлэхээр. Газар нутаг бага байхын зохилдол биз дээ. Панама хот энэ улсын нийслэл. Нийслэлийн төвд орших Риу Панама зочид буудал маань хотын аль ч хэсгээс дэргэд мэт харагдана. Явж явж, байшин барилга ороон ороон ирэх нь нажидтай. Энүүхэнд л байгаа шүү дээ гэж бяцхан цухалдмаар. Тавиун тэнүүн газар нутаггүй панамчууд маань давхар замыг тийнхүү баахан барьсан нь чулуу шидэм газарт буй буудалдаа хүрэхэд ийнхүү явдгаас энэ л. Газар нутаг өргөн ихээр заяана гэдэг дээд хишиг буян юм даа гэж нэг бус газарт явахад бодогдох нь энд бас давтагдав.
Панамын эх тоонотын язгуур анхдагч иргэд индианчууд. Америк тивийн анхны эдгээр иргэд Христофер Колумбаас эхтэй европын далайчдаар ирээдүй хэтээ залуулсан хувь заяатай. Энэ нь гашуун болоод үнэн. Америк тивийн уугуулууд маань эдүгээ хүн төрөлхтөнд ховор үзмэр мэт болсон бөгөөд түүхийн хуудсанд улам улмаар бүдгэрсээр шиг ээ.
Арванзургадугаар зуунд Панамд эхлэн ирэгсэд испаничууд. Панамын эх хэл нь испани, англи. Ихэвчлэн испаниар ярина. Ихэд түргэн хэмнэлтэй ийн ярихыг нь хоёр дугуйтын моторын уухилаатай зүйрлэж егөөдвөл “тийм тийм” хэмээн эелдгээр зөвшөөрөн инээж байна билээ, үйлчилж явсан жолооч эр. Монголоос явааг асууж мэдчихээд Чингэс хааныг хэлж байна. Танайхны тэр гуай сайн уу гэсэн шиг тийм танил дотноор хээвнэг асууж байна. Монголын энэ хааныг дэлхийд мэддэггүй хүн гэж үгүй бололтой. Дөрвөн тивд мэдэж байна билээ. Мэдэх мэдэхдээ энгийн энэ мэт үйлчилгээний жолооч нар нь хүртэл шүү. Алс нь хойт тивд очиж бас нэгэнтээ асуухад нь миний өвөг дээдэс шүү дээ гэж хэлээд бах бүүр нэг ханана даа хэмээн мөрөөдөх билээ. Мөрөөдлийн цараа шанг өөрийн алдар нэрээр тивээс тивд дэлхийг бүчүүлэн дуурсуулан дайдалсан аугаа их Чингэс хаанд монгол хүн бүр зүрх сэтгэлийн тольтоос үргэлжид дээдлэн шүтэж явах нь аян замын, амьдрал замын ер бусын дээд ерөөл буюу.
Панамчууд найрсаг сайхан хүмүүс. Боргилдуу гэмээр янз байдалтай. Ихэнхдээ инээмсэглэж явах бөгөөд бов бор царай зүстэй. Том алаг нүдтэй, том том хондлой ташаатай үзмэн бор хүүхнүүдийн нь бие лийрэн. Тийм ч өндөргүй. Монголчуудын дундаж өндөртэй. Нүд зүс нь амьдралын аар саарханд огтоос үл зовнидог болов уу гэмээр намуун тогтуун. Эдэлж хэрэглэж байгааг нь үзвэл баахан шуналгүй, үүнээс илүүгээр яана гэсэн шиг байдалтай. Хараад байхнаа нь сэтгэлд дулаан эерүү хандлага төрүүлэхээр. Местизо, мулатууд хүн амыг голлон бүрүүлдэг. Местизо нь европ индианы холимог цусны хүн. Мулат нь негр буюу хар арьстан индиан хоёрын дундаас үүссэн хүмүүс. Панамын ард түмэн христийн шашинтай. Энэ нь европ соёл нөлөө төлөвшин цэцэглэсний шууд тусгал.
Панамын мөнгөн тэмдэгт балбоа болой. Панама хотод Балбоа нэртэн олон. Зочид буудал, дэлгүүр, элдэв эдлэл хэрэглэл, ийм нэртэй шар айраг ч буй. Балбоа ойролцоогоор нэг ам. доллартай тэнцэнэ. Зориуд хойд ахынхан нь ногоон өнгөт мөнгөнийхөө ханштай бодлогоор зэрэгцүүлж байдаг юм уу даа. Яагаад балбоа нэршил олон байна вэ хэн ч асуухаар. Чингэтэл, Балбоа нь энэ газар эхлэн ирсэн Испанийн далайчин, цэргийн зүтгэлтэний нэр ажээ. Васко де Балбоа. Энэ испани эр арванзургадугаар зуунд Панамын эргийг онгоцныхоо хитгээр зүсэн буусан нь хоёр Америкийг холбосон эдгээр улсуудыг хоёр зуу шахам жил эрхшээх суурийг тавьсан байна. Түүний өлмий өсгийн мөр Панамыг эзлээд зогссонгүй, мөн үеийн Венесуэл, Колумб, Панам, Эквадор, Нюуда Гранадын улсуудын нутаг заагийг илд болоод стратегийн хүчээр нэгтгэж даруй мянга найман зуун гучаад оныг хүргэжээ. Европ зүгийн далайч ноёдын хэнээ хийрхэл ч гэмээр, эр зориг, эрдэм ухаан ч гэмээр ийм аялан дагуулал дөрвөн далайн цалгианыг үнэндээ өдөөж байж дээ гэж хэлмээр болгодог. Малайз, Сингапур, Энэтхэгийн зүүн эргийн бүхий л орчлоор эдгээрийн хүмүүс урилгагүйгээр морилсоны улбаа захаас аваад байдаг. Өгөршиж зэвэрсэн ширмэн буу л гэхэд өдгөө саяын нэрлэсэн улсуудын эрэг хөвөө, үзмэр музейд ертөнцийн түүх хүүрнэн байж байх нь олонтоо.
Панамчуудын тусгаар тогтнол өмнөх зууны эхээс эхтэй. Энэ нь Панамын ард түмнийг дэлхий дахинд таниулж, овоглол нь болдог нөгөө алдарт Панамын сувгийг барьж эхэлсэнээс эхлэлтэй. Түүх нь богино боловч санаа нь их америкчууд энд түүхэн үүрэгтэй. Тэд Панамыг хэтийн ашигт түншлэгч, түшиц нутаг гэдгийг юун түрүүнд олж харсан бололтой. Тиймдээ ч өмнөх зууны дөрөвдүгээр онд Америкийн армийн цэргүүд Панамын сувгийг барьж эхэлсэн байна. Тэднийг их далайн гүн усыг эрхшээн эзэмдэж суваг шуудуу татахаас өмнө францчууд оролдож үзсэн түүхтэй. Их Европын нэгэн эцэг үндэстэн тэд яаж үүнээс дутаж болнов дээ. Гэвч францчуудын энэ төсөл төлөвлөл үр дүнд хүрсэнгүй. Жорж Сименоны “Негрийн хороолол” зохиолд ихээхэн тодорхой өгүүлдэг дээ. Энэ үйл явцыг. Ихэмсэг Францаас их мөнгөний ажил хийхээр, эдүгээгийг алдарт сувгийг барихаар очсон цагаан арьстан залуу сармагчнаас үл ялгагдам негрийн амьдралд дасан зохицохоор үйлээ үзэн мунгинаж байгаа тухай дурайтал бичсэн нь бий. Панамын сувгийг барихаар очсон олон мянган хүн хумхаа өвчнөөр үрэгдэж, амьдралын хэт ялгааны улмаас францчууд үүнийг орхижээ. Энэ бол Панамын сувгийн их үнийн, их алдар цууны эхлэл, үндэс шав. Хорин мянган хүний амь хямдад тооцогдохгүй нь лав. Үүний дараа бүх дэлхийн түүхэнд өөрийнхөө гортигийг тодосгох эрмэлзэл шаналалт америкчууд Панамын сувгийг барихаар ханцуй шамлан орсон нь зорилгоо хангасан юм. Их усан далай дунд уулын хөндийн чинээ, зуун километр шахуу суваг барина гэдэг яаж хялбар байх вэ. Нуур биш, тэнгис ч биш, хөлгүй их далайг яран байж хийж бүтээнэ гэдэг оюун санаа ээдрүүлэхээр . Гэвч америкчууд хийж чаджээ. Төлөөсөнд нь зургаан мянга шахам хүний амь. Их усанд бүтээн байгуулалт хийгсэд ханцуй шамлахаасаа илүүтэй загас жараахайн амьдралд илүүтэй дадан суралцаж байсан байхдаа гэж хэнд ч бодогдоно. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хэмээгдэх, франц, америк олон иргэний амь нас их далайн ёроол руу үйж одсон нь эргэлзээгүй санагдана. Үнэ цэнэтэй бий болсон зүйл үнэ цэнээ олохыг шаарддаг нь зүй тогтол. Америкчууд сувгийг барьсаныхаа хэргийг гаргав. Энэ сувгаар дамжин өнгөрөх ачаа бараа, хөлөг онгоцоос олох орлого бүхий эрх мэдлийг зуун жил атгана гэдэг аварга бүүрэлхэл биз. Зуун жил ингэж сампин тооцоо хийгээд саяхаан, арван хоёрхон жилийн өмнө миний эрхэм панам нөхдүүдэд “Май, үүнийгээ ав даа” хэмээн өгсөн байна. Америкчууд уг сувгийг бүтээсэн туурвил төслөө дэлхийн долоон гайхамшигийн нэгд зүй ёсоор тооцдог байна. Гэвч үндсэн хүлээн зөвшөөрөгдсөн долоон гайхамшигт энэ багтдаггүй нь үнэн. Энэ их дэлхий маань өргөн уудам юм болохоор ихийн их гайхамшгийг элэг бөөрөндөө хадгалсаар байна. Тэр жил, Мексикт явахад эртний наран, сарны пирамидаа мөн л ийм өнгөөр тайлбарлаж байсан. Хэн ч үгүйсгэж болохооргүй бас нэгэн гайхамшигт туурвил тэр мөнөөс мөн нь хар аяндаа ойлгогддог.
Панамын сувгаар хөлөг онгоцын хүрдийг эргүүлэн аялах сайхаан. Хөх номин цэнхэр далай хөлөг онгоцоор дүүрэн. Арал хөвж явна уу даа гэмээр аварга аварга хөлөг онгоцууд ямар ч анир чимээ үгүй нааш цааш хөвөлдөнө. Алтан уул ачаад явж байна даа гэмээр бүтээмжтэй, гайхамшигтай. Далайн тээвэр бол дааж болохын туйлыг гүйцээсэн хүний бүтээлийн оргил юм. Хөлгийн тавцан дээр дээш харж хэвтэхэд үүл бидэн хоёр зөрж нүүнэ, нүүн зөрнө. Мишигийн Цэдэндорж найрагчийн
Чи бид хоёр үүлэн дээр унтнам
Чи бид хоёр наран зүг нүүнэм хэмээх мөр санаанд орно. Бид одоо Панамын сувгийг гэтлэхээр наран зүг далайгаар нүүж яваа юм. Тэртээд мөнөөх Нью-Йоркийн мэт өндөр байшингууд далайн цагаан манан дунд дал мод сарайж сэрийгээд цацагт хийгээд тэмээн хяруулыг санагдуулам харагдана. Аянч цахлай хөлгийн дээр эргэлдэж “наран зүг, наран зүг шамдан яваач” гэх шиг элин халина. Элин халихдаа эгшиглэнт Урд голын маань элсний ногоон цахилдгийг жимбүүрдэн исгэрүүлэх шиг дуун үүсгээд салхи цүүцлэн одно. Энхэр бага, эрдэм сургуулийнхаа насанд эвлэн зүүж асан улаан бүчээ хийсгэсэн юм шиг энтээ нэг, тэнтээ нэгэн жигүүрлэх ажгуу, наран туяанд алтдагдсан цахлайхан минь.
Далай бол ихийн тухай бидний мэдэх дээд утга хүрээг илэрхийлдэг. Их юм ихийг агуулна. Яг энэ мөчид Панамын хүзүүвч хавийг харахуйд, хөлөг онгоц зайгүй дүүрээд газар юм бол хотолзож байна уу гэхээр. Балбоа шар айраг тааваар залгилж, амтат гуан үр уруул бүлтрүүлэнхэн далайд “залж” явах аятай сайхан. Сувгийн хоёр эргээр битүү ширэнгэ ой баглайж, эртний балар цаг юмсан бол эндээс ч, тэндээс ч эндхийн уугуул индианууд эвэр завиндаа суугаад гараад ирнэ шүү гэж бодогдохоор. Илбийн юм шиг гэнэт нээрээ гарч ирээд дайрвал яана гэж хүүхдийн сэтгэлээр төсөөлөхүй дор их усны алсын долгион хөлгийн бөөрийг алгадаж энэ “хөөрхөн” бодлыг сарниана.
Хойноос урагш хөвөн явсаар Панамын сувгаар нэвтрэх гол байгууламжид тулж ирлээ. Энд иртэл хоёр цаг шахам явав. Панама хотын баруун хойт эргээс нар зөв даялан ийн зорчиход ийм цаг зарцуулав гэсэн үг. Сувгийн гол өндөрлөгөөр давахад л энэхүү байгууламжийн гол бүтээмж зориулагджээ. Мөнхүү гол төвөөр даван гатлахын тулд далайн төвөөс гадаргуу тийш хэлбэсэн усны түвшинг нэгэн хэмжээнд байлгах шаардлагатай болдог байна. Иймийн тул мөнөөх суваг-уулын хөндийг таваас зургаан усан санд хувааж хөлөг онгоцыг хөвүүлнэ. Уулын хөндий мэт тэрхүү усан доорхи аварга сувгийн хоёр ханыг битүү цементэн ханаар бүрж, энэ ханаас усыг зохих эзлэхүүнд боож шүүрэхгүй болгодог үлэмж том хаалга хоёр талаасаа нийлэн гагнагдах мэт болно. Усан дотор усны түвшин жигдлэх усан сан байгуулах төхөөрөмжийг Панамын сувгын бүтээн байгуулалт гэж ойлговол буруугүй. Ийм маягаар дөрвөөс таван удаа усыг нь боож жигд түвшинд хүргэсэн усан сан дамжин аялж Панамын сувгийг гэтлэнэ. Ийм гэтлээн нь Панамын сувгийн суу алдар, цуу домог юм. Үүний төлөө хичнээн амь сүйдсэнийг дахин тоочоод яана. Панамын сувгаар өдөрт өчнөөн төчнөөн хөлөг онгоц нааш цааш нэвтэрнэ. Дэлхийн хүмүүсийн хэрэглээний үлэмж хувь түүгээр дамжина. Панамын суваг бол мөнгөний суваг. Аялал жуулчлалын суваг. Дэлхийн хүмүүсийн амь амьжиргааны суваг. Ганцхан баримт дурдахад, өмнөх зуунд Панамд төмөр зам барихаар тавин мянган хятад очсон юм билээ. Энэ бол Панамын суваг ямархуу үнэ цэнэтэй газар нутаг болохыг тодруулах нэгэн жишээ.
Панамчуудын үндэсний өөр нэгэн гол орлогыг бүдүүлдэг бүтээгдэхүүн гадил. Бас сам хорхой, нефтийн бүтээгдэхүүн. Дэлхий дахинд тэтгэвэртээ гарагсдын, тэр дундаа Америк тивийнхний хувьд Панам таатай бодлого явуулж байгаа юм билээ. Тэтгэвэрт гарсан хүнийг оршин сууж амьдрахад ямар нэгэн татваргүй амьдран суух бололцоог олгосон байна. Ажилгүйдэл долоохон хувьтай, хөгжиж байгаа орон. Панамд очоод “Та юу үзсэн бэ” гэж хүн асуувал Панамын сувгаар аялж үзсээн гэвэл муу хариулт болохгүй байх. Гэхдээ тусгаар энэ нэгэн гайхамшигт улсын бүхий л сайхныг мэдэрнэ гэвэл гуравхан хоног хаанаа хүрэх билээ.
Хээр талын монголчууд бидний зан заншилд сонин содон зүйл олон. Монгол малчид гэртээ дааган холбоо хэмээх өвөрмөц нэгэн зүйлийг нандигнасан байх нь цөөнгүй. Энэ бол адууны сүүлний хялгасаар сүвлэгдэн холбогдсон хомоол. Байгаль дээрээс үүнийг олж авсан малчин бэлгэшээдэг. Гэрийнхээ баруун урд унь хананд зүүнэ. Ингэх нь эд агуурсаар арвин байх, хот мал руу нь хээрийн нохой гэтдэггүй гэх бэлгэ дэмбэрэлийг агуулдаг. Эд хуримтлалын даллага хурайлдаг гэж ойлгогддог.
Сайхан орноор аялаж, суваг шугуйг нь сүвлэж явахдаа аугаа их Америкийн хоёр тивийг холбосон дааган холбоо нь энэхүү Панам юм даа гэж бодов. Панам хоёр Америкийн эд баялгийн, зээл худалдааны том холбоос. Соёл, зан заншлын том гүүр. Ертөнцийн аялан жуулжлагч олны сэтгэлийн таталцал. Сэрээд унтахын завсарт санаанаас гарамгүй сайхан нутаг юм. Би ч хувьдаа Монгол Панам хоёр орны хэтийн сайхан нөхөрлөл, алсын гэгээн харгуйд дааган холбоо нь байхсан гэсэн ахадсан бодол тээж эх нутагтаа буцав. Хэрэг дээрээ ертөнц дэлхийн дааган холбоо хүмүүн бидээс өөр юусан билээ. Бродвейн театраас авч гарсан сэтгэлийн сайхан таашаалыг Панамд зорчин иртлээ бодолдоо үүцлэн ирсэн шиг, саатаж зуур зуурхан хоносон зочид буудлын мухлагаас цагаан сийрсэн малгай авч өмсөв. Сар гийсэн цагаан үдэш Туулынхаа хөвөөнд Панамаа бодож алхахдаа өмсье. Салхи сэвшиж үлээвэл гартаан барьж харъя.