Замын цагдаагийн газар болон замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын түгжрэлийг багасгах зорилгоор судалгаа хийсэн байна. Үүнээс шалтгаалан ШУТИС, ЭМШУИС, Барилгын коллеж, ХААИС гэх мэт сургуулиудын хичээлийн цагийн хувиарт 20 минутаас нэг цагийн өөрчлөлт оруулахаар шийджээ. Энэ тухайгаа Замын цагдаагийн газрын дэд дарга Л.Жаргалсайхан, Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч C.Энхбат нар БСШУЯ-нд болсон уулзалтын үеэр Их, Дээд сургуулиудын удирдлагуудад хүсэлт тавьсан байна. Ирэх долоо хоногоос ихэнх сургуулиуд тавьсан хүсэлтийн дагуу хичээлийн цагийн хувиарыг өөрчлөхөөр болжээ. Зайсангийн районд амьдардаг гэр бүлийн гишүүн бүр хувийн машинтай, American school нь 700 шахам сурагчтай бөгөөд ихэнх нь машинаар сургуульдаа очдогоос энэ чиглэлийн авто замын түгжрэл хамгийн их байдаг аж. Мөн ХААИС-ийн хичээл ачаалал ихтэй цагт буюу 8.40 цагаас ордог байна. Иймээс ХААИС-ийн хичээл ирэх даваа гарагаас 10 цагт орохоор болжээ. Инэгснээр оюутнууд 16.50 цаг хүртэл хичээллэх гэнэ. Одоогийн байдлаар ХААИС-д эчнээ ангийн 900 гаруй оюутан суралцдаг байна. Эдгээр оюутаны хичээлийн хувиарыг оновчтой шийдвэрлэх боломж байгаа аж. ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор Б.Баасансүх “ХААИС-ийн оюутанууд хичээлийн цагийн хувиарыг хүчтэй эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл бол ор үндэсгүй мэдээлэл. Одоогийн байдлаар энэ асуудлыг эсэргүүцэж нэг ч оюутан хандаагүй байна” гэв.
Д.Жаргалсүрэн