Зүүн талынх нь эгнээнд байрлах махны павилонуудын ихэнх нь үүдээ хааж худалдаа үйлчилгээ хийгээгүй байсан юм. Нарийн учрыг лавлахнээ сүүлийн үед махны олдоц муу байгаагаас ийнхүү үүдээ хаагаад байгаа гэх хариултыг цөөн хэдэн онгорхой лангууны нэгэнд суух эмэгтэй хэлж байлаа. Захын хашаан дотор ачааны тэргэнд ачсан хонь, ямааны гулууз махыг бөөний үнээр нь зарж байв. Үнийг нь сонирхвол ямааны мах килограмм нь 4600, харин хонины мах 5500 төгрөгөөр тус тус зарагдаж байсан юм. Махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа шалтгааныг худалдагч эмэгтэйгээс асуухад “Цаанаас ирж байгаа үнэ нь үнэтэй байгаа шүү дээ.Тэгээд ч сүүлийн үед мах нэлээд хомсдоод байна. Ченжүүд ч өөрсдөө мах олж чадахаа болиод байна шүү дээ” хэмээн хариулсан. Ерөнхийдөө уг зах бусад хүнсний захуудын бодоход харьцангуй бага үнээр зарагддаг учраас ахиухан хэмжээгээр мах авахыг хүссэн иргэд нааш зорих нь элбэг. Ерөнхийдөө 1000-1500 төгрөгөөр бага үнээр зарагддаг гэхэд болно. Ямааны мах машинд ачиж гулуузаар нь зарж байсан нэгэн залуугаас олон килограмм мах бөөндөж авахад яриа хөөрөө байгаа эсэхийг асуухад 10-аас дээш гулууз мах авахад 50 төгрөгөөр хямдруулж болно гэсэн хариултыг өгнө лээ. Гулуузаар нь мах ачсан машинуудаас “бараа” худалдаж авахаар ирсэн иргэд ихэнхдээ л зоогийн газар болон дэлгүүрийн лангуунуудаар мах худалдаалдаг жижиглэнгийн наймаачид байх. Уг нь нийслэлчүүдийн махны хэрэглээг хангах, махны үнийн хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сарын 15 нд нөөцийн махыг худадаанд гаргаж килограммыг нь 2000-3500 төгрөгийн хооронд худадаалсан. Нэр бүхий 20 компани 12 мянган тонн махыг нөөцөлж ийнхүү зах зээлийн үнээс хямдаар худалдаанд гаргасан нь иргэдэд хямд үнээр мах авах боломжийг нээж өгсөн ч сая гаруй хүн амтай манай хотын хувьд хүртээмж, олдоц тэр бүр сайн байгаагүй гэдгийг хэлэхэд хилсдэхгүй. Хаа нэг хотын захиргаанаас иргэдэд хүртээмжтэй байх үүднээс гулуузаар нь худадаалах аяныг зохион байгуулсан ч түүн дээр нь хямд үнэтэй мах ахиуханыг авчих санаатай иргэд эгээтэй л биенээ дарч алчих шахан очерлож “алалцаж” байсан. Зарим жижиглэнгийн махны худалдаачид хүмүүст таван мянган төгрөг өгч оочерлуулаад баахан гулууз мах аваад дарчихсан гэх яриа ч байгаа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч гэлээ сар шинийн өмнө гулууз, гулуузаар нь зарсан нөөцийн мах өнөөдөр махны үнийг магнаг болоход нөлөөлчихсөн илт. Нөөцийн мах худалдаанд гаргаж махны үнийг тогтворжуулна хэмээн том эндүүрдэг дарга нар ямар килограмм махыг 10 мянгаар авлаа гээд хотойх биш дээ. Ганц шөнийнхөө үмх махны төлөө цалингаас цалин, тэтгэврээс тэтгэвэр, тэтгэмжээс тэтгэмжийн хооронд амьдарч байгаа хүмүүст л хүндхэн цохилт болчихоод байна.
Зарим иргэд нөөцөлсөн гэх 12 мянган тонн махыг үнэн хэрэгтээ урьдаас нөөцөлж бэлтгэж чадаагүй, харин ч томоохон захуудаас туранхай мах их хэмжээгээр худалдаж аваад нөөцийн мах хэмээн зарсан талаар ярьж байна лээ. “Хүчит шонхор” захын махны ченж залуугаас энэ талаар асуухад “Цагаан сарын өмнөхөн тиймэрхүү наймаа явагдсан нь үнэн. Гэхдээ яг хэн нь хэдий хэр хэмжээний мах зарсанийг мэдэхгүй. Угаасаа нөөцийн махыг ийм их хэмжээгээр нөөцөлж чадаагүй нь үнэн шүү дээ” гэсэн. Ченжүүдийн ярьж байгаачлан нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж мах нөөцөлж чадаагүй, Хүчит шонхор захаас туранхай мах бөөндөж аваад зарсан эсэхийг лавлахаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лачинбалаас тодруулахад: “Энэ худлаа мэдээлэл. Нөөцийн махыг ченжүүдээс худалдаж аваад эргүүлээд зарна гэдэг чинь боломжгүй шүү дээ. Хэн ч гэсэн ченжүүдээс үнэтэй мах аваад хямд үнээр нөөцийн мах гэж зарахгүй шүү дээ. Эдийн засгийн хувьд ч алдагдалтай. Нөгөөтэйгүүр наад хардаад байгаа шалтгаан чинь биднийг төрөөс нийлүүлсэн махныхаа үнэн дээрээс мөнгө нэмж авч байга болохоор ингэж хамаагүй хямд зараад байна гэсэн хар байх шиг байна. Үнэн хэрэгтээ бид төртэй анхлан гэрээ байгуулж мах бэлтгэхдээ килограмм тутамд 800 төгрөгийн урамшуулал авна гэсэн гэрээ байгуулсан. Гэвч энэ урамшууллын мөнгө гэж одоо болтол нэг ч төгрөг аваагүй. Гэрээнд зааснаар бол сар бүрийн сүүлчээр энэхүү урамшууллыг бодож олгохоор тусгасан. Нөгөөтэйгүүр би төрийг ямар ч эдийн засгийн мэдрэмж байхгүй энэ асуудалд хандаж байна гэж хэлмээр байна. Үнэндээ нөөцөлсөн 12 мянган тонн махнаас одоо үлдээд байгаа нь долоон мянган тонн нь байгаа.Таван мянган тонн махыг өнгөрсөн хугацаанд зараад дуусчихсан. Бид ийм хямд үнээр махаа зарах боломжгүй гэдэг саналыг төрд олон удаа, албан бичгээр хүртэл хүргүүлж байсан. Бүр аль нэгдүгээр сарын 25 нд л энэхүү саналаа хүргүүлж байсан шүү дээ. Харин төр биднийг ядаж цагаан сарын дуустал энэ үнээрээ зараач гэж гуйсан. Бид ч цагаан сарыг дуустал энэ үнээрээ зарсан. Өнгөрсөн хугацаанд зарим нэрийн маханд килограмм тутамд 500 төгрөгийн алдагдалтай үнээр худалдаалж ирсэн. Гэтэл өнөөдөр мах ямар үнэтэй байгаа билээ. Ийм үнээр цаашид нөөцийн махыг зарах бодомжгүй нэсэн байр суурин дээр манай компаниуд хатуу зогсож байгаа. Тиймээс ч нөөцийн махны борлуулалтыг эрчимжүүлэх зорилгоор нөөцийн махны үнийг шинэчлэн тогтоох талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт албан бичиг хүртэл хүргүүлэхээр болсон.
Хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр арга алга. Магадгүй зарим компаниудад энэ нь ч бараг дээр байж болох талтай” гэсэн юм. Монголын махны холбооноос Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хүргүүлж буй албан бичгэнд тусгаснаар бол “ эдгээр компаниуд төрөөс ямар нэгэн урамшуулал авахгүйгээр үхрийн махыг 5500 төгрөгөөр хониын махыг 5100 төгрөгөөр ямааны махыг 4000 төгрөгөөр тус тус худалдаалах үнийн саналыг хүлээн зөвшөөрөөсэй гэх саналыг хүргүүлэхээр болоод байгаа аж. Нөөцөлсөн махнаас үлдсэн долоон мянган тонн махыг яаралтай борлуулатап оруулах, эрчимжүүлэх нь хойшлуулашгүй шаардлага байгаа хэмээн тусгасан байсан юм. Үүнээс харахад төр болоод мах нийлүүлэгч компаниуд зөвшилцөлд хүрлээ гэхэд энг бол нэмэгдсэн үнээр махаа авах эсвэл үлдсэн долоон мянган тонн мах нөөцийн махны үнээр зарагдахгүй болох нь ойгомжтой. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас бүх аймаг сумдаар явж 10 мянган тонн нөөцийн махыг дахин бэлтгэж иргэдэд хүргэнэ гээд буй. Гэтэл нөөцийн мах бэлтгэх ажил яг үнэндээ гацаанд орчихоод байгаа бололтой. Манай улсад ганцхан мах боловсруулах үйлдвэр бий. Тэр нь Багахангайн мах бодовсруулах үйлдвэр. Түүндээ эдгээр 10 мянган тонн махаа татаж авчираад нөөцөлж болох юм аа гэхэд өвлийг өнөтэй давсан малчид хаврын мал төллөлтийн үеэр малаа нядлаад мах болгох нь юу л бол. Тун удахгүй мах монголчуудын хувьд тансаг хэрэглээнд орох нь ээ дээ, энэ янзаараа.