Оросын шинэ эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Оросын шинэ эдийн засаг

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль саяхан өндөрлөж манай мөнхийн хөрш энэ орон улс төрийн хувьд ямар замаар замнах нь хэсэгтээ л тодорхой болж байх шиг байна.

Манай хоёр оронд түүх, эртний соёл, найрамдалт ба төрлийн холбооноос гадна адил юм олон бий. Хоёр орны эрхзүйн систем төстэй зүйл ихтэй, зөвлөлтийн нийтлэг эрхзүйн системээс урган гарсан гэж хэлж болно. Монгол, оросуудын сэтгэлгээ мөн олон төстэй чанаруудтай. Хамгийн гол нь хоёр орны эдийн засгийн суурь байдал их төстэй. Орос улс Монголын адил байгалийнхаа баялаг дээр үндсэндээ тулгуурлаж байна.   
  
Ийм нөхцөлд Монголд идэвхтэй хэлэлцэж эхэлж буй инновацийн сэдэв Оросод яаж хөгжиж байгааг харж судлах нь чухал юм.

Манай хойд хөрш  иновациийн шинэтгэлээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
       
Орос улс өөрийн эдийн засгийн инновацийн хөгжилд нухацтайгаар хандахаар шийджээ.  Тэнд баялаг бол мөнхийн биш, инновацийн хөгжил нь нэг өдрийн, бүр нэг жилийн ч шийдвэр биш гэдгийг ойлгосон байна. Хувийн бизнест шинэтгэгдсэн, инновацийн эдийн засгийг өөрсдөө босгож, хөгжүүлж эхлэх хүсэл эрмэлзэл, мэдлэг чадварын нөөц бололцоо байгаагүй учраас төр инновацийг хөгжүүлэх ба дэмжихийг өөрийн хөгжлийн стратегийн чиглэл болгон тодорхойлжээ. Энэ зорилгоор  Улсын корпорацууд болох “Ростехнологи” ба “Роснано” байгуулагдсан байна. Мөн “Сколково” инновацийн төв бий болсон.
       
“Роснано” саяхан улсын бус корпорац буюу энгийн хувьцаат болсон боловч 100% төрийн оролцоотой компани болжээ. Гэхдээ урьдын адил “Роснано” –гийн зорилго нь нано үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Ингэхдээ “Роснано” нано технологийн төслүүдэд эдийн засаг, нийгмийн асар их боломж бүхий хөрөнгө оруулалтын түншлэгчээр оролцож байна. Амьдрал дээр, хэрэв чамд нано технологийн салбарт хийсэн ямар нэгэн бүтээл байгаа бол тэнд очоод өөрийн төслөө хамгаалж, улсаас шаардлагатай санхүүжилт, дэмжлэгийг авч болно.
       
“Сколково” төв бол шинэ технологийг боловсруулах ба арилжаалах зорилгоор баригдаж байгаа шинжлэх ухаан технологийн цогцолбор юм.

Цогцолборт хамаатай Оросын эдийн засгийг боловсронгуй болгоход давуу эрх бүхий салбаруудад үйл ажиллагаа явуулж буй компаниудад эдийн засгийн онцгой нөхцлүүдийг хангаж өгөх юм байна. Энд телефон холбоо, сансар, эмнэлгийн техник, үр ашигтай эрчим рүч, мэдээллийн технологи болон мөн цөмийн технологи хамаарагдана.
       
“Ростехнологи” улсын корпораци нь иргэний ба байлдааны (дайны) зориулалтын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх ба экспортлоход түлхэц өгөх зорилгоор байгуулагджээ. Оросын төр энэ корпорацид 439 үйлдвэр аж ахуйн газруудыг нэгтгэн, тэдгээрийн хувьд бүгдэд нь инноваци бодитоор хийгдэхээр, хоорондын уялдаа холбоотойгоор хөгжихөөр өөрийн машин төхөөрөмж үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл, электроник, хими болон бусад салбаруудын активуудаа нэгтгэсэн байна. Орос улсын хувьд “Ростехнологи” маш чухал байгууллага. Түүний бүтцэд орж буй үйлдвэрүүдийн хувьд  Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн цогцолборын бүтээгдэхүүний 23%, дэлхийн титаны үйлдвэрлэлийн 30%, жил бүр 50 мянган ачааны автомашин, 600 мянган хөнгөн тэрэг, оросын иргэний ба байлдааны нисэх тэрэгний бүх үйлдвэрлэл ба засвар үйлчилгээ болон бусад олон зүйл багтдаг.
       
«Ростехнологи» Монголд хэдийнэ танил. Энэкомпанид «Эрдэнэт» УБҮ ба «Монголросцветмет» нэгдэл дэхь оросын эзэмшлийн хувийг удирдан зарцуулах эрхийг оросын төр олгосон. Энэ жилүүдэд бид уг компанийн тухай их бага мэдээлэлтэй байсан. Гэвч «Эрдэнэт» ба «Монголросцветмет» компаниудад өнгөрсөн хоринжил оросыг төлөөлж байсан өмнө үеийнхнээсээ ялгаатай нь «Ростехнологи» энэ компаниудын үйл ажиллагаанд байнга оролцож байгаа юм. Сүүлийн жилүүдэд энэ үйлдвэрүүдийн ажиллагаа тогтворжсоны нэг шалтгаан энэ байж болох юм.      

Өнгөрсөн хэдэн жил «Ростехнологи»-ийн хувьд манай  улс оронтой танилцах жилүүд байсан гэж хэлж болно. Монгол хэдийгээр бусад улсууд шиг том улс биш боловч анх харахад энгийн амар санагдах нь хэрэг дээрээ тийм биш гэдгийг оросууд хүлээн зөвшөөрч байна. «Ростехнологи» корпорациийн цар хэмжээг бодолцвол монголын бизнесийг сонирхож эхлэх магадлал өндөр. Ингэхдээ монголын олон компаниудын болон төслүүдийн инновацийн хөгжилд оролцох боломж байж болох билээ. Гэхдээ энэ нь «Ростехнологи»-гийн өөрийнх нь үйл хөдлөлөөс төдийгүй манай улстөрчдөөс ч хамаарах нь ойлгомжтой.      

Инновацийг дэмжих хөтөлбөр  Орост зөвхөн төрийн өмчит компаниудад байнауу гэвэл үгүй бололтой. Олон их сургуулийн суурь дээр шинэ технлоги, шинэ бүтэгдээхүнийг боловсруулах эрдэм шинжилгээний төвүүд үүсгэн байгуулагдаж хөгжиж байна. Эрхүүгийн технологийн их сургуульд боловсруулсан одоогоор Монголд туршиж байгаа монгол гэрийн цахилгаан дулаалга нь ийм бүтэгдэхүүний нэг юм. Том хотуудад төрийн болон хувийн хэвшлийн хүчнээр инновацийг дэмжих дэд бүтэц байгуулагдаж байна. Энэдэд бүтцэд зөвлөгөө, санхүүжилт, бусад үйлчилгээ орж байна.
       
Орос улстай хөрш зэргэлдээ манай байдал, олон жилийн соёлын болон эдийн засгийн харилцаа холбоог бодоход оросын компаниудтай шинэтгэлийн хөгжлийн асуудлаар харьцаа зайлшгүй үүсэх юм. Асуудал энэ хамтын ажиллагааны цар хүрээ, зорилго ба үрдүн ямар байх  вэ гэдэгт л оршино.    
                                                                          

   А.Даян
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж