-Ашигт малтмалын газрын даргын албан тушаалаа өгснөөс хойш тань багагүй хугацаа өнгөрчихөж. Харин хэдий үеэс Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллах болов. Гүйцэтгэх засаглалын тэргүүний зөвлөх байна гэдэг улс орны бодлого шийдвэрлэх түвшинд саналаа нэмэрлэх хариуцлагатай ажил байх шүү?
-Мэдээж тэгж ойлгож болно. Миний бие 2007 оноос эхлэн төр засгаас томилсон ажлуудад тасралтгүй л зүтгэж байна. Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд байхдаа ч тэр, Ашигт малтмалын газрын даргаар ажиллахдаа ч улс гэр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хойч үед нүүр улайхааргүй олон л ажил амжуулсан гэж боддог. Харин энэ он гараад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
-Ашигт малтмалын газрын дарга байсны тань хувьд нэг зүйл асууя. Монгол Улсын ашигт малтмалын салбарын ирээдүй цаашид ямар байх бол?
-Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг уул уурхайн салбар авч явах нь нэгэнт тодорхой болсон. 2010 оны байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70.6 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн нийт экспортын 87.7 хувийг ашигт малтмал эзлэх боллоо шүү дээ. Гэхдээ уул уурхайн баялаг шавхагддаг, маш эмзэг, өндөр хариуцлагатай ажил гэдгийг л хэн хүнгүй сайтар ухамсарлах нь чухал. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас эхлээд төрийн үйл хэргийг явуулж буй бүх шатны албан хаагч нар ажилдаа хариуцлагатай хандаж, сонор сэрэмжтэй ажиллаж байж Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг зөв гольдрилоор урагш авч явна гэдгийг л дахин дахин хэлэх байна даа.
-Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт “Өнгөрч буй гурван жилд Монгол Улсын түүхэнд байгаагүй олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдсан” гэж хэлдэг. Энэхүү хэл амтай, эрсдэлтэй хүндхэн ажлыг нугалах амаргүй биз?
-Амар хялбар байгаагүй л дээ. Намайг анх ажил авч байсан 2009 оны эхний улиралд манай орны газар нутгийн 32 хувьд буюу нийт 47 сая га талбайд 5250 тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Төр засгаас намайг энэ хариуцлагатай албанд томилохдоо “Үүрэгт ажилдаа шударга хариуцлагатай байж хууль зөрчсөнтэй нь хатуу тэмц” гэсэн шаардлага тавьсан. Миний хувьд бусдаас айх, нууж хаах зүйл огтхон ч байгаагүй учир Ашигт малтмалын газрын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга явуулах үндсэн зорилго дэвшүүлсэн. Ингэж ажилласаны үр дүнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрлийн тоо эрс хумигдаж тусгай зөвшөөрөлтэй газар нутгийн 17 хувийг төрд буцаан өгөх ажил хийгдсэн. Хяналт шалгалтын үр дүнд 2000 гаруй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх.
-Хөвсгөл аймгийг бусадтай нь харьцуулахад лизензит талбай харьцангуй бага олгогдсон зэрлэг байгальтай нутаг гэж олон нийт үзэх нь бий. Гэхдээ бас ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах компанит ажлын үеэр нэлээд хумьсан тухай нутгийнхан ярьдаг. Харьцуулбал ямар тоо гардаг вэ. Хөвсгөлчүүд таныг “Нутгийн хүү” гэдэг. Газар нутгаа хамгийн сайн мэдэх хүний нэг байх?
-Таны хэлсэнчлэн бусад аймгийн газар нутагт олгогдсон тусгай зөвшөөрөлтэй харьцуулбал багассан. Ашигт малтмалын газрын даргын ажил авч байх үед буюу 2009 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 788 мянган га талбайд 131 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Бид хуулийн дагуу шалгалт хийсний үндсэн дээр зөрчилтэй нь тогтоогдсон 54 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Өнгөрсөн 2011 оны байдлаар Хөвсгөл аймгийн газар нутгийн 314 мянган га талбайд 77 тусгай зөвшөөрөл үлдсэн. Эндээс харахад Хөвсгөл аймгийн хэмжээнд олгогдоод байсан нийт тусгай зөвшөөрөл 50-иад хувиар багасч, уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулж байсан талбай 2.5 дахин хумигдсан гэж ойлгож болно. Ингэснээр аймгийн нийт газар нутгийн 50 хувь тусгай хамгаалалтад орж тусгай зөвшөөрөл дахин олгогдохоос хамгаалагдаж чадсан. Хөвсгөл бол Монголын төдийгүй дэлхийн байгаль экологийн онцгой бүс учраас уул уурхайн хайгуул, олборлолт явуулахыг хөхүүлэн дэмжиж болохгүй санагддаг. Ядаж л үйл ажиллагаа явуулахаасаа өмнө орон нутгийн иргэдийн саналыг заавал сонсдог байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг хэмээн монголчууд ярьдаг биз дээ.
-Сүүлийн үед Хөвсгөлд фосфоритын ордыг ашиглахаар уул нуруудыг тэгшилж эхэлж байгаа талаар шуугих боллоо?
-Монголчууд Хөвсгөлийг цаатан, далай ээж, хамгийн олон хүн ам, мал аж ахуй гэсэн нүдээр хардаг байснаа сүүлийн үед фосфорит гэдэг нүдээр харах болсонд нь үнэхээр харамсалтай санагддаг. Өвөг дээдсийн өнөө хүртэл хамгаалж ирсэн ариун дагшин газар нутгийг үр хойчдоо үлдээх нь бидний үүрэг шүү дээ. Би хувьдаа Хөвсгөл нутгаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогддоггүй жишиг аймаг болгох юмсан гэж их боддог. Үүнийгээ ч нутгаа гэсэн сэтгэлтэй зон олонтойгоо нийлээд хийчих байх гэж мөрөөддөг шүү. Ямар ч байсан миний бие Ашигт малтмалын газрын дарга байхдаа Хөвсгөл аймагт олгосон тусгай зөвшөөрлийн тал хувийг шалгаж, хууль зөрчсөнд нь хариуцлага тооцож, заримыг нь цуцалж чадсан. Зөв бурууг нутгийн зон олон, үр хойч минь хэлээд өгөх байлгүй. Бид чинь хойч үе, цаг хугацаа гэсэн хоёр том шалгуурын өмнө явна шүү дээ.
-Хөвсгөл аймаг хүн ам, мал сүргээрээ улсад тэргүүлж байгалийн үзэсгэлэнт сайхнаараа дэлхийд гайхагддаг ч ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн тулгуур үзүүлэлтээр их тааруу гарсан байдаг. Энэ юутай холбоотой байна вэ. Мөн тулгамдсан асуудал гэвэл. Өнгөрсөн өвөл та сумдад түлхүү ажилласан. Нуруу нь харагдаа болов уу?
-Таны хэлсэн шиг айхтар доройтоод, уруудаад байгаа нь харин юу бол. Их хөдөлмөрч, тэсвэр хатуужилтай, бас их шударга ард түмэн шүү дээ. Хэний ч гарыг харалгүйгээр бор зүрхээрээ амьдарсаар ирсэн. Мэдээж Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг учраас шийдлийг нь олох ёстой асуудлууд бий л дээ. Хөвсгөлчүүдтэйгээ уулзахад “Ажил хиймээр байна, ажлын байр бий болгоод өгөөч. Аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон авто зам тавигдчихвал зам дагаж хөгжил ирэх гээд байна шүү” гэж асуудал тавьдаг. Хөгжил дагаад хүн зоны маань сэтгэхүй хүртэл өөрчлөгдөж байна, энэ бол том ололт юм даа. Гэхдээ миний бодлоор Хөвсгөлд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүүхэд залуусын боловсрол хүмүүжил, жил ирэх бүр цөөрч байгаа цаатан үндэстний ахуй соёл, алслагдсан сумдын иргэдийн эрүүл мэнд, мэдээж дээр нь монгол орны хаа сайгүй бий болсон архидалт, ажилгүйдэл юм даа. Харин эдийн засаг талаасаа дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, нутаг орондоо үр өгөөжөө өгөхүйц үйлдвэрлэл байгуулахад түлхүүтэй анхаарал хандуулах ёстой гэж боддог. Мөн манай аймгийн хүн амын дийлэнхийг хүүхэд залуус эзэлж, төрөлт жил ирэх бүр нэмэгдэж байгаа учраас эх орны ирээдүйг авч явах энэ бүлгийнхэнд маш сайн анхаарах ёстой.
-Та тэгээд залуу үеэ яаж дэмждэг юм бэ. Улстөрчдийг харахад бэлэн ам л байдаг шүү дээ. Амьдрал дээр биелэлээ олсон ажил ховор?
-Миний бие Хөвсгөл нутгийнхаа хүүхэд залуусыг дэмжихэд гол анхаарлаа хандуулдаг. Хөвсгөлийн залуучууд хүчит бөх, сагсан бөмбөгөөр илүүтэй хичээллэж амжилт гаргадаг учраас спортын эдгээр төрлийг хөгжүүлж, эгнээг нь өргөжүүлэхэд нэлээд бодож хийсэн зүйлүүд бий. Тухайлбал, улсын чанартай уралдаан тэмцээнд орох бүрд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, аймагтаа “Хөвсгөл-Алтан дуулга” компани болон “Хөвсгөл-Нэг үе” клубынхээ нэрэмжит спортын наадмуудыг тогтмол ивээн тэтгэн зохион байгуулдаг. Анх “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээг үүсгэн байгуулах зардал мөнгийг шийдэж өгч байсан. Өнөөдөр энэ дэвжээнээс олон сайхан залуу бөхчүүд төрөн гарч амжилт дүүрэн яваа шүү дээ. Сондгой тоотой сар болгонд зохиогддог бөхийн барилдаанд оролцсон өсвөр үеийнхэн бай шагналынхаа гурилийг нутгийн эмзэг бүлгийн хүмүүст өөрийн гараар тараан өгч, нийгмийн хариуцлага гэж юу байдгийг ухамсарлаж байна. Мөн үе тэнгийхэнтэйгээ эрхэлж наадах хувь дутсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан кабинетийг тохижуулж, оюутан залуусын эрдэм шинжилгээний бага хурлуудыг тогтмол зохион байгуулдаг боллоо. “Хөвсгөл-Нэг үе” клуб маань цэцэрлэгт хүрээлэн хөшөө дурсгалуудаас эхлээд хүүхэд залууст үгүйлэгдэж байсан маш олон ажлуудыг санаачлан хийж яваа. Үнэхээр ч залуусын хүч ямар их байдгийг энэ клубын нийт гишүүд харуулж чадаж байгаа гэж боддог.
-“Хөвсгөл-Алтан дуулга” ХХК орон нутагт газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхэд үлгэр жишээ болж чадсан гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай онцолж байсан санагдчихлаа. Гэхдээ экологийн эрүүл хүнс гэдэг ойлголттой таны нэр хамт явж байхаар их гайхсан шүү?
-Би чинь төрийн албанд томилогдохоос өмнө бусдын л адил бизнест хүч үзэж байлаа шүү дээ. Анх 1990-ээд оны эхээр “Тэс трейд” компанийг Хөвсгөл нутагтаа байгуулж байлаа. Харин “Хөвсгөл-Алтан дуулга” компани маань бүр 1943 онд Тариалан сангийн аж ахуй нэртэй байсан гэдэг. Үе үеийн газар тариалангийн мундгууд анжисны мөрөө гаргаж байсан уудам хөндийд тариа тарина гэдэг буян дэлгэрсэн сайхан ажил шүү дээ. Тийм ч учраас 1996 онд энэхүү Сангийн аж ахуйн төрийн өмчийн 70 хувийг нь хувьчилж авснаар ажил амьдрал минь газар тариалантай салшгүй холбогдож өнөөдөр улсад дээгүүрт орох компани болтлоо өргөжөөд явж байна. “Хөвсгөл-Алтан дуулга” компанид гэрээт болон үндсэн 80 гаруй хүн ажиллаж үр тариа, буудайн гурил, тэжээл мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Үүсгэн байгуулсан компани маань бүрэн биеэ дааж, олон хүнийг ажлыг байраар ханган, өөрсдийн зардлаар дэлхийд тэргүүлэгч техник тоног төхөөрөмж нийлүүлэн үйлдвэрлэлээ улам өргөжүүлж байгаа. Зөвхөн энэ онд л гэхэд 4000 тонн үр тариа хадгалах хатаалтын системтэй иж бүрэн механикжсан байгууламжийг ашиглалтанд оруулсан. Компанийн маань хамт олон Хөвсгөл аймгийн иргэдээ хямд үнэтэй чанартай гурилаар хангаад зогсохгүй ойролцоох аймгуудад борлуулалтын сүлжээгээ өргөжүүлсэн байна лээ. Атрын шан татаж байсан агуу хөдөлмөрч хүмүүсийн хөлс хүчээр бүтээн босгосон сангийн аж ахуйг өдий зэрэгтэй өөд татсан нь хамт олны маань хүч хөдөлмөр гэж боддог.
-Таныг мал аж ахуйн салбарт их үгүйлэгдэж байсан “Хөвсгөл-Таван эрдэнэ” төслийг санаачилсан нь “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход үлгэр жишээ болсон гэж салбарын яамныхан нь онцлох нь бий. Энэ ажлын эхлэл Хөвсгөлд одоо ямар шатанд явна вэ?
-Юуны өмнө УИХ-аас баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд “Таван эрдэнэ” төслийг бүх аймаг, суманд хэрэгжүүлэхээ зарласан. Ерөнхий сайдын энэхүү санаачлагаас үүдэн Хөвсгөл аймгийн бүх сум багаас тав таван малчин айлыг сонгон авч бүтэн таван жилийн хугацаанд энэхүү төсөлд хамруулах боллоо. Миний хувьд Хөвсгөл нутгийн малчдаар бууж мордоод явдаг, тэдний аж амьдрал, зовлон жаргалыг сайн мэдэх болсны хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг олж, тусалья л гэж бодсон. Ямар ч байсан, энэ ажил маань хэдхэн сарын дотор бужигнаад өнгөрөх хөнгөн хуудуу зүйл биш, 2015 он гэхэд эхний ээлжийн төслийн ажил албан ёсоор өндөрлөж үр дүнгээ харцгаах болно. Төсөл хэрэгжүүлж байгаа багийнхан болон төсөлд оролцогч малчин өрхийн хамтын ойлголцол, бие биенээ дэмжсэн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална гэдгийг энд онцолж хэлмээр байна.
-УИХ-ын гишүүн Р.Раш гуай таныг “Нутаг орноо гэхээр амиа тавьдаг ёстой нэг ядаргаатай хүү дээ” гэж хэлсэн байдаг. Юм болгонд сэтгэл гаргах амаргүй биш үү?
-Унасан газар, угаасан ус гэж монголчууд яагаад ярьдаг вэ. Амьдралд нухлагдаж ядрахын цагт унасан газартаа очиж хөрвөөн, угаасан усандаа нэг ороход шууд л босоод ирдэг гэж ярьдгийн учир юусан билээ. Залуус бид эрийн цээнд хүрч төрсөн нутаг, ахан дүүсээ орхиод “нисдэг” ч ард минь биднээс бусад бүх зүйл үлдэж хоцордгийг мартаж болохгүй. Миний энэ үгийг олон олон залуус ухаарч мэдрээсэй гэсэндээ хэлж байгаа юм. Хараад байхад сүүлийн хорин жилд монголчууд захаасаа төв рүү хэдэн зуун мянгаараа нүүж, хүн амынх нь тал хувь хотдоо суурьшчихлаа. Тэгээд энэ монгол нутгийн хөдөөд чинь хэн нь үлдэж, хэд нь тусалж хөгжүүлэх болж байна гэх олон эргэцүүлэл Хөвсгөл нутагтаа хэрэгтэй бүхэнд оролцож, зүтгэх ухаарлыг өгсөн. Яахав нутгаасаа гарсан үеэс хөвсгөлчүүддээ тусалсан цаг үе маань эхэлдэг. Их эртнээс л туслахсан гэж гүйж явсан учраас хөвсгөлчүүдэд маань хэрэгтэй гэж бодож хийсэн ажил маань таны хэлснээр олон хуудас болсон байх. Тусалж дэмжсэн бүхнээ бичиж тэмдэглээд явдаггүй болохоор заримыг нь бас мартчихсан л явна. Гэхдээ Хөвсгөлд явж байхад нутгийнхнаас хэн нэг нь гэнэт гар бариад “Хүүдээ баярласан шүү”, “Ахаа та надад үнэхээр тус хүргэсэн” гэхэд нь зарим нэгийг санах нь бий шүү. /инээв/