“Шүүн таслах ажиллагаанд саад учруулсан явдал гэж үзэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

“Шүүн таслах ажиллагаанд саад учруулсан явдал гэж үзэж байна”

Гуравдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр бүхий цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүх хуралдаан хойшлогдсон. Шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг танилцуулсны дараа шүүхийн танхимд эмх замбараагүй байдал үүссэн билээ. Үүссэн нөхцөл байдлын талаар байр суурийг  нь тодруулахаар Монголын Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Дамирансүрэнтэй уулзлаа. 

-Өнөөдрийн болсон үйл явдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Би шүүх хуралдааны явцыг биеэр очиж үзээгүй. Зөвхөн тус шүүхийн тамгын албанаас авсан мэдээллийн хэмжээнд л ойлгож байна. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүссэн нь цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Шүүгдэгчийн ар гэрийхэн болон тэнд цугласан бусад өөр сонирхолтой хүмүүс шүүх хуралдааны танхимд дайрч орсон,  шүүгчийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан асуудал гарсан нь үнэхээр харамсалтай байна.

-Шүүх хуралдаан бас л хойшлогдлоо. Шүүгдэгчийн зүгээс хугацаа хожих гэсэн эсвэл шүүхийн үйл ажиллагаанд саад хийх гэсэн  оролдогууд байна гэж та үзэж байна уу?

-7-р сарын нэгний үйл явдалтай холбоотой хэргийг  үнэн зөв шийдээсэй гэсэн нийгмийн хүлээлт байгааг бид бүхэн мэдэж байгаа. Гэтэл энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байна. Эхний удаад шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй гэсэн, дараагийн удаад өөр нэг өмгөөлөгч гадаад явсан гэсэн шалтгаантайг шүүх хуралдаан эхлэх үед мэдэгдсэн байна. Бид үүнийг шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэж байна.

-Шүүхийн  гадаа байсан хүмүүс шүүгдэгч нарыг цагдан хорих тухай шийдвэрийг эсэргүүцэж байсан. Өндөр албан ташуултнуудын захиалгаар ийм арга хэмжээ авлаа гэж  хардаж байгаагаа илэрхийлж байсан?

-Таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь шүүх бүрэлдэхүүний л гаргаж байгаа шийдвэр.  Шүүхийн шийдвэрт хэн ч, ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүйг та бүхэн мэдэж байгаа. Нөгөө талаар шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан эсэхийг зөвхөн дээд шатны шүүх л дүгнэх эрхтэй юм. Тиймээс шүүхийн шийдвэрийг хөндлөнгөөс дүгнэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хууль бусаар илэрхийлэх зэрэг зохисгүй үйлдүүд гарч байгааг бид буруутгахаас өөр аргагүй юм.  Энэ талаар Монголын Шүүгчдийн Холбоон байр сууриа илэрхийлж,  тусгайлан мэдэгдэл гаргаж байна.

Б.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж