Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд 1,7 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд 1,7 тэрбум төгрөг зарцуулжээ

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг 2009 оноос хойш хэрэгжүүлэхээр болсон. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч урт нэртэй ужиг ихтэй хуулийг тойрсон хэрүүл тасарсангүй. Өнгөрсөн мягмар гаригт Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн төрийн бус байгууллагаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны захирамжийг ч хүргүүлсэн билээ.  Тиймээс урт нэртэй гэгдээд байгаа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Урт нэртэй хууль гараад багагүй хугацаа өнгөрч байгаа.  Энэ хуулийг хэрэгжилт ямар байна. Хэрэгжүүлэх явцад хэр хүндрэл гарч байна вэ? 

-Урт нэртэй гэх хуулийн хэрэгжилтийг хоёр жилийн хугацаанд явууллаа. Гол мөрөн, ойн сан бүхий газрыг тоолох, байршил хил хязгаарыг нь тогтоох ажлыг энэ хугацаанд хийсэн. Энэ бүхэн их нарийн, тоног төхөөрөмж, хүн хүч шаардсан ажил. Уг нь бол тухайн сумын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг нь сумын Засаг дарга нь зааглаад тоо хэмжээг нь гаргасан байх ёстой. Гэтэл Засаг дарга нар энэ талаар нарийн мэдлэг, мэдээлэл байхгүй учраас БОАЖЯ-аас мэргэжлийн баг гаргаж тооллого, хэмжилтийг нэг жилийн хугацаанд хийсэн. Мэргэжлийн баг ч уг ажлыг хийхэд их төвөгтэй байсан л даа. Тухайлбал, ойн сан бүхийн газрыг тоолохын тулд тухайн газар нутаг дээр нь очоод уул хад давна мөн машин явж хүрэхгүй газар алхаж явна. Дээрээс нь цаг агаарын байдлаас шалтгаалаад багагүй хугацааг зарцууллаа. Гол мөрөн, ойн сан гээд орон даяар тооллого хийхэд цаг хугацаа, хүн хүч дайчилсан ажил боллоо. Одоо Эрдэс баялаг эрчим хүчний яам болон бусад холбогдох албаныхан тухайн аж ахуй нэгжийн байгальд учруулсан хор хөнөөлийг тогтоох ажил үргэлжилж байна.

-Анх энэ хуулийг хэрэгжүүлэх хугацааг зургаан сар гэж байсан?

-Засгийн газраас 2009 оны долдугаар сард шийдвэр гарсан. Тэгээд энэ хуулийн биелэлтийг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Гэхдээ бид зургаан сарын хугацаанд энэ бүх ажлыг хийж амжихгүй гэдгийг Засгийн газарт хэлж холбогдох арга хэмжээг нь авч байсан. Зарим төрийн бус байгууллагууд хууль хэрэгжихгүй байна гэж ярьж байгаа л даа. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг.  Энэ бүхнийг хийхэд цаг хугацаа, хүн хүч шаардсан ажил их байна. Тухайлбал, БОАЖЯ-нд уул уурхайн мэргэжилтэн, инженер  байхгүй гэдэг ч юм уу үүсэх асуудал зөндөө байгаа. Бид энэ бүгдийг зохицуулаад л тусгай баг гарган ажиллаж байна. Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа газар нутагт нь очоод бид шаардлага тавиад, хаахыг нь хаагаад, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа.

-Одоогоор хэдэн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байна вэ?

-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1782 аж ахуй нэгж байгаагаас 242 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нь зогсоосон. Эдгээр компанид шалгалт хийгээд хичнээн хэмжээний байгаль орчин бохирдуулсан түүний төлбөр, тооцоог нь Эрдэс баялаг эрчим хүчний яам болон холбогдох албаныхан тогтоогоод шаардлагатай бол хаагаад үгүй бол хохирол учруулсан байгаль орчныг нь нөхөн сэргээх зэрэг арга хэмжээг авч эхлэх юм.

-Хоёр жилийн хугацаанд Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-Энэ хугацаанд Засгийн газраас нэг тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Дээрээс нь салбарын сайдынхаа багцаас 700 сая төгрөг зарцуулсан. Хөрөнгө мөнгөний хувьд хангалттай ч цаг хугацаа, хүн хүч шаардсан ажил болохоор цаг хугацаа их шаардаж байна. Энэ бүх мөнгийг хуулийн хэрэгжилтийг биелүүлэх судалгаа, шинжилгээ, тооллого, тоо баримтыг гаргах хохирлыг шалгахад зарцуулсан.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж