Монгол хүн сансарт нисэхийг санаачилсан гавьяатан

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Монгол хүн сансарт нисэхийг санаачилсан гавьяатан

Монгол, Зөвлөлтийн нисгэгчдийг хамтран сансарт нисгэх санаачлагыг гаргаж, тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневт захидал илгээсэн Өлзийбатын Доржпүрэв гэдэг хүний тухай сонсч байсан уу. Тэгвэл түүний санаачлага долоон жилийн дараа буюу 1981 онд биеллээ олж, Монгол хүн анх удаа сансарт нийсч, дэлхий даяар нэрээ дуурсгасан билээ. Жирийн малчны хүү хуучин нийгмийн үеийн чанга хатуу дүрэм, журмыг үл хайхран, ЗХУ-ын төрийн тэргүүнд саналаа илэрхийлж, биеллээ олсныг залуус мэдэж байх учиртай. Өдгөө Ө.Доржпүрэв гуай Төв аймгийн Лүн сумын нэгдүгээр багт амьдарч байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, захиргааны аж ахуйн нягтлангаас эхлээд төр нийгмийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байсан тэрээр өдгөө тэтгэвэртээ гарч мал маллан амьдарч байна. Түүний залуу насны сонирхолтой дурсамжийн багахан хэсгийг нь хуваалцлаа.

-Таныг залуудаа Орос, Монголын харилцаанд томоохон хувь нэмэр оруулж, сансарт монгол хүн нисгэх санал гаргаж, ЗХУ-ын намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргад захидал хүртэл илгээж байсан гэж сонслоо? 

-Тийм ээ. Ах нь Монголын залуусаа төлөөлж Л.И.Брежнев даргад захидал бичсэн юм. Захидлын хариу нилээн удсаны дараа Гадаад хэргийн яамаар дамжин, Буд гэдэг даргад ирсэн гэдэг. Тэр хүн намайг дуудаж,  уулзаад баяр хүргэж билээ. ЗХУ-ын Элчин сайдын яаманд намайг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан. Тэгээд “Монгол, Зөвлөлтийн хооронд найрамдлыг бэхжүүлэхэд маш сайхан санаачлага гаргалаа. Сансрын нисгэгчдийн сургуулилдаг газар аваачиж үзүүлнэ. Жирийн нэг ажилчин хүн гэхэд сайхан санаачлага гаргажээ” гээд л дотно хүлээн авч билээ.

-Тухайн үед чинь коммунист дэглэмтэй, бүх зүйл нарийн хяналттай, хаалттай байсан биш бил үү. Та яаж захидлаа явуулсан юм бэ?

-Жирийн нэг иргэн ЗХУ-ын төрийн эрхийн барьж буй коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневт захидал илгээнэ гэж бодоогүй юм байлгүй. Шуудангаар хаяглаад явуулчихсан юм. Анзаараагүй юм байлгүй. Захидлын хариу албан тоотоор ирдэг юм билээ. Тэдний өдөр захиаг хүлээн авлаа. Тэдэн хоногийн дараа хариу илгээлээ гээд л. Захидлын хариу ирсний дараа социализмын үеийн төрийн удирдлагууд “Биднээс илүү санаачлага гаргадаг яасан сүрхий залуу вэ. Хөрөнгөтний нийгмийн үзэл санаа байх” гээд их сэрэмжилсэн шүү дээ. Бүр дагаж мөшгөх тохиолдол гарч байсан. Гэхдээ тийм зүйл огт байхгүй гэдгийг олж мэдсэн биз ээ.

-Хуучин нийгмийн үед энэ мэт үзлээр олон хүн хэлмэгдсэн нь бий. Тухайн үед та дэмий зүйл хийчихэв үү гэж бодож байв уу?

-Огт үгүй. Харин ч сайхан санагдаж байсан. Тэгээд ч хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг биз дээ. Ямар нэгэн дарамт шахалт ирнэ гэж бодож байгаагүй. Монголын залуучууд ямар хүсэлтэй байгааг ЗХУ-д илэрхийлсэн хэрэг. Намайг захидал явуулсны дараа харин ч санаа авч, төрийн шугамаар харилцаа холбоо тогтоож, долоон жилийн дараа манай хоёр орон хамтран сансарт ниссэн шүү дээ. Магадгүй залуу байсан болохоор том зан гаргасан байх. Төрийнхөө удирдлагуудад ч хэлэлгүй ЗХУ-ын нам төрийн тэргүүнтэй шууд харьцсан нь өөртөө итгэлтэй, бардам байсных биз. Бас нэг талаар оносон ч байж болох. Дөнгөж 20 гаруйхан настай миний санаачлагыг тухайн үеийн төр засаг хүлээж авах байсан ч юм уу. Авлаа гээд өөрсдөө санаачилсан болгоод явчих байсан биз.

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай бид сайн мэднэ. Санаачлага гаргаж, захидал бичсэн хүний талаар мэдэхгүй шүү дээ. Би одоо ч гэсэн нэг л үнэмшиж өгөхгүй л байна?

-Тийм ээ. Намайг сансарт нисэх санаачлагыг нь гаргаж, захидал бичиж байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайтай утсаар ярьж байсан. Гэхдээ энэ бол үнэн. Хойч үеийнхэн маань мэдэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-ын сансрын нисгэгч гавьяатуудын ой болох гэсэн. Үүнийг тохиолдуулан Монгол Улсаа дэлхийд алдаршуулсан гавяатнуудаа алдаршуулж, хойч үедээ үлгэр дуурайлал болгох хэрэгтэй.

-Тухайн үед таныг Орос, Монгол орны найрамдлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн гэлээ. Төрөөс таны зүтгэлийг хэрхэн үнэлэв?

-Ах нь шагнал гавьяаны төлөө захидал бичсэн юм биш ээ. Тухайн үед ах нь МҮЭ-ийн зөвлөлийн захиргааны аж ахуйн нягтлан байлаа. Хойч үе болсон залуус маань санаж, санаачилж чадвал бүтэхгүй зүйл үгүйг мэдээсэй гэж энэ бүхнийг ярьж байна. Монгол хүний оюун ухаан гэдэг хосгүй брэнд гэж боддог. Үр хүүхдүүд, хойч үеийнхээ залуучуудад ч ингэж сургадаг. Одоо тэмээг хангайд нутагшуулахаар хэдэн залуустаа хамтран, хамтлаг байгуулаад ажиллаж байна. Монгол тэмээ өнөөдөр 800 гаруйхан мянга болоод байна. Үүнийг анхаарах цаг нь болсон. 

-Таны бахархал юу вэ?

-Би Монгол хүний зан заншил, суу ухаанаар бахархаж явдаг. Эцэг өвгөдийнхөө уламжлан ирсэн эртний сайхан ёсоороо бахархдаг. Бид “Алтаар оролдсон хүн амиараа оролдсонтой адил. Гол усаараа оролдсон хүн аав, ээжийгээ зодсонтой адил” гэдэг хүмүүжлээр хүмүүжсэн. Ах нь нэгдүгээр ангидаа ороод нэг дуу сурчихаад аавдаа дуулж байгаад загнуулж байсан юм.

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр баян…
Яндаж болшгүй далай шигээ, ямар баян нутаг бэ…
гээд дуу байдаг даа. Түүнийг сурсан ухаантай. Гэтэл аав маань ихэд уурлаж “Хөвчийн ойгоо дүүрэн антайг, хөрсөн доороо асар их эрдэнэтэйг хүнд хамаагүй хэлдэг юм уу. Яасан баяныг гайхдаг ямар тэнэг хүүхэд вэ чи” гээд загнуулж билээ. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэдэг. Тэгвэл бидний өвөг дээдэс баялагтай гэдгийг нь мэдэхийн дээдээр мэддэг байсан. Түүнийгээ хойч үедээ үлдээхийн тулд уранхай дээлтэй, ноорхой оймстой байсан ч эд баялагтаа хамаагүй гар хүрдэггүй байсан юм гэдгийг өвгөн ах нь хэлмээр байна даа.

-Сонирхолтой дурсамж хүүрнэсэн танд баярлалаа.   

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж