Үндсэн зорилго нь УИХ-аас баталсан хууль шийдвэрүүдийг Засгийн газар хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаад ямар шалтгаан байгаа, үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай байлаа. УИХ-аас хууль баталсны дараагаар ЗГ-т журмаа гаргаж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ч зарим журам гаралгүй мартагдах нь ч байдаг гэнэ. Тухайлбал, журам гарах ёстой байтал 1 жил 9 сараас 2 жил 8 сарын хугацаа өнгөрч байхад сураг ч гараагүй аж. Журам гараагүйгээс олон асуудал үүсдгийг уулзалтын үеэр жишээ авч хөндсөн бөгөөд Тухайлбал, УИХ-аас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хуулийн 10.2-т: “Нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ” гэж зааж. Гэтэл “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар батлах тухай” Засгийн газрын тогтоолоор тамга хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байхаар тогтоосон байгаагаас шалтгаалж сумын Засаг даргын Тамгын газрын дарга тамга хэрэглэх эрхгүй /уул нь дээрх хуулиар энэ эрхийг олгосон/ тул нотариатчийн үүргийг гүйцэтгэхдээ Засаг даргынхаа тамгыг хэрэглэж байгаагаас шалтгаалан шат дамжлага дамжих, улмаар цаг хугацаа алдах зэргээр иргэдийг чирэгдүүлдэг аж.
Түүнчлэн УИХ-ын нийт 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн байхад давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь хэрэгжих шатандаа явж буй гэнэ. Уулзалтын үеэр энэ талаар шүүмжлэлийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хэлж, хууль хэрэгжих шатандаа явж байгаа гэдэг “уутнаасаа” хэзээ гарах вэ, ийм тайлбар бүхий тайланг жилдээ хоёр удаа УИХ-д ирүүлсээр байгаадаа дүгнэлт хийх нь зүйтэй гэв. Мөн дараагийн анхаарал татсан шүүмжлэл нь Засгийн газарт явуулсан албан бичигт хариулт өгөх нь хангалтгүй хэмжээнд байдаг тухай байлаа. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2012 оны 3 дугаар сарын 13-ныг хүртлэх хугацаанд явуулсан албан бичгийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзэхэд УИХ-ын гишүүдээс Засгийн газар, яамд агентлагуудад буюу 54 байгууллага, албан тушаалтанд 3327 хугацаатай албан бичиг явуулахад 218 буюу 6,6 хувьд нь хариу ирээгүй, асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа аж. Мөн хэдий хариу ирсэн ч 44,2 хувь буюу 1377 албан бичигт хариу ирэх хугацаа хэтэрсэн тооцоо гарчээ. Албан бичгийн хариу ирүүлэлгүй хамгийн их хугацаа алдсан байгууллагаар Сангийн яам 31 албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 29, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 17, Эрүүл мэндийн яам 12, Эрдэс баялаг, эрчим хүчний яам 10 албан бичгээр “тэргүүлж”, 50-112 хоногоор хугацаа хэтрүүлэн одоо болтол хариу ирүүлээгүй байна. Энэ шүүмжлэлийн дараагаар ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун саналаа илэрхийлсэн ба зарим асуудлын талаар саналаа хуваалцав. Тухайлбал, санхүүгийн эх үүсвэрийг нь тодорхой заагаагүй хууль, тогтоол баталчихдаг нь хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлж байна гэлээ. Засгийн газрыг төлөөлөн оролцсон төрийн нарийн бичгийн дарга нараас үр ашигтай бүтэцтэй байх санал гарч “сонгуульд ялсан нам өөрийн хүмүүст суудал олж өгөхийн тулд бүтэц бий болгож байна. Засгийн газрын бүтцийг ийм байдлаар биш, үндэслэл, тооцоолол дээр тулгуурлан гаргамаар байна” гэв. Мөн хууль хэрэгжүүлэх яамны ажилтнууд хүртэл зарим хуулийн заалтыг ойлгохгүй байгааг хэлж Сонирхлын зөрчлийн зэрэг хуулиудын талаар сургалт явуулахыг ч хүссэн байна. Хууль хэрэгжихгүй байгаагийн гол жишээ нь “урт нэрт” хэмээгдсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сав бүхий газар ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хууль байсан ба хэрэгжүүлж ч чаддаггүй, яаж ч чаддаггүй хоёр жил найман сар болж буй энэ хуулийг хэрхэх талаар мөн хөндлөө. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь энэ хуулийг хэрэгжүүлэхэд асар их техник ажиллагаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдсан. Уул уурхайн салбарт хөрөнгөө оруулсан компаниудыг судлах, шалгах гээд асар их ажил байсаар байна гэдгийг хэлж байв. Мөн үүнтэй холбоотойгоор Байгаль орчны яаманд уул уурхайн мэргэжлийн инженер байхгүй, эдийн засагчид хангалтгүйгээс үнэлгээг тогтооход хүндрэл үүсч байгаа гэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Засгийн газар хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол энэ талаараа мэдэгдэх ёстой. Гэтэл таг чимээгүй байдаг. УИХ цаашдаа Засгийн газарт үүрэг өгөх болно. Түүнийг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Аливаа тайлбар хууль хэрэгжих хувь заяанд хортойгоор нөлөөлдөг шүү гэдгийг сануулах юун” хэмээн хатуухан үг хэлж, Засгийн газрын албан хаагчдад батлагдсан хуулийн талаар үр дүнтэй сургалт явуулж байх тухай ажил хэрэгч саналыг хэрэгжүүлэх талаар ажилцгаахыг уриалсан байна. Мөн ийм уулзалтыг тогтмол хийж байх нь үр дүнтэй юм гэх саналуудыг ч хэрэгжүүлж УИХ-ын хаврын болоод намрын чуулганы хаагдсаны дараагаар дараагийн уулзалтынхаа товыг тогтоолоо.