“Орон сууцны үнийг төрөөс зохицуулах бүрэн боломжтой”

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

“Орон сууцны үнийг төрөөс зохицуулах бүрэн боломжтой”

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар өнгөрсөн лхагва гаригт хэд хэдэн хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй нийслэлийн барилгыг харахад гэр хорооллыг багасгах боломж харагдаж байгаа ч хамгийн чухал нь орон сууцны үнэ. Тухайн аж ахуй нэгж болон хувь хүн орон сууцны барилга барихдаа газар худалдаж авсан үнэ, барилгын материалын үнэ, инженерийн шугам сүлжээ гээд гарч буй зардлыг байрныхаа мөнгөнд шингээж худалдаалдаг. Орон сууцны барилга барьж байгаа компаниудын үнийг судлахад хамгийн их мөнгийг газарт төлдөг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс УИХ-ын зарим гишүүд орон сууцны зориулалтаар барилга барих гэж байгаа иргэдийн газар худалдан авахыг сонгон шалгаруулалтаар зохицуулж, дэд бүтцэд холбогдох хөрөнгийг нь төрөөс даах боломжийг нь бүрдүүлж өгөх төслийг санаачилсан байна. УИХ-ны гишүүн Я.Батсуурь нарын өргөн барьсан  дараагийн хуулийн төсөл нь орон сууцны болон газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг барилгажуулах ажлыг зөв зохион байгуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг бууруулахад чухал гэдгийг хэлэх хүн олон бий. Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас нь анхаарах болсон. Үүний тулд зах зээл дэх орон сууцны үнийг бууруулах төрийн хамгийн оновчтой зохицуулалт бол орлого багатай иргэдэд зориулан орон сууцны хороолол барих тохиолдолд дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэх, орон сууцны хороолол барих газрыг төсөл сонгон шалгаруулах замаар үнэ төлбөргүй олгох явдал гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байлаа. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, орон сууцны дэд бүтцийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлээгүй  нь зах зээлд орон сууц өндөр үнээр борлуулагдах үндсэн шалтгаануудын нэг болж байна. Барилгын компаниуд орон сууц барих газраа өндөр үнээр худалдан /дуудлага худалдаагаар/ авч байгаа бөгөөд уг газрыг худалдан авахад зарцуулсан зардал нь орон сууцны үнэ дээр нэмэгдэн орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан болж  байна. Тиймээс энэхүү бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах боломжийг бүрдүүлэхээр Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан” гэлээ.

Уг хуулийн төсөлд орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “11.5.Төв, суурин газар баригдах 50 метр квадратаас доош талбай бүхий нийтийн орон сууцны хорооллын төвлөрсөн дэд бүтцэд холбогдох инженерийн шугам, сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэх мөн газрын тухай хуульд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд  “Төв, суурин газар баригдах 50 метр квадратаас доош талбай бүхий нийтийн орон сууцны хорооллын газрыг төсөл шалгаруулах зарчмаар үнэ төлбөргүй олгох саналуудыг тусгасан хуулийн төсөл юм байна. УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Энэхүү хуулийн төслүүдийг санаачилснаар хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орлого багатай иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах боломж бүрдэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны үнэ буурах, гэр хорооллоос үүдэлтэй утаа буурах боломжууд бүрдэх болно” гэлээ.

Нийслэл болон улсын хэмжээнд ажилгүй иргэд олон байгаагаас 30-аас дээш насны иргэд ажилд ороход хүндрэлтэй байдаг. Тэр дундаа сүүлийн үед насны хязгаар зааж байгаа нь 30-аас дээш насныханд бүр их хүндрэлтэй байдаг билээ. Харин энэхүү байдлыг арилгах зорилгоор УИХ-ын зарим гишүүд нэгэн хуулийн төслийг санаачлан өргөн барьсан нь “Нийгмийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм байна. Уг хуулийн төсөлд 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байхаар тусгасан байна.  Судалгаанаас үзэхэд дээрх насны хүмүүс ажилгүйдэлд өртөх нь их байгаа бөгөөд ажил олгогчид эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах сонирхол багатай байдаг байна. Одоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 700 гаруй мянган иргэн байдаг. Нийгмийн даатгалын санд нэг жилд нийтдээ 500 гаруй мянган тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагаас 260 гаруй тэрбумыг нь ажил олгогчид төлдөг байна. Нийт шимтгэл төлөгчдийн 30 орчим хувь нь дээрх насны буюу 35-аас дээш насны эмэгтэй, 45-аас дээш насны эрэгтэй байдаг байна. Хуулийн төсөл санаачлагчид дээр дурьдсан зохицуулалттай уялдуулан хөдөлмөрийн харилцаанд оролцох иргэнийг насны бүлгээр ялгаварлан гадуурхахыг хориглох, ийм үйлдэл гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлага хүлээлгэж байхаар Хөдөлмөрийн хуульд холбогдох өөрчлөлт оруулах төслийг мөн санаачилсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж