Ч.Сайханбилэг: Хоёр сонгуулийг нэг өдөр явуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Хоёр сонгуулийг нэг өдөр явуулна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сай­дад шаардлага хүргүүлсэн бай­сан, орон нутгийн сон­гуу­лийн бэлтгэл ажлыг хий гэж. Засгийн газар хуулиар заачихсан энэ үүр­гээ хэрэг­жүү­лэхийн зуурт шаард­ла­га хүргүүлэх шалт­­­­­­­­гаан юу бай­сан юм бол?

-Киногоор яривал төгсгөл хэсэг рүү нь орчих гээд байна шүү дээ. Тиймээс эхлээд жаахан тайлбар хийчихье. УИХ-ын ээлжит бус чуулган хаах үед манай намын бүлэг зарчмын өөр шаардлага тавьсан. Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр УИХ өөрийнхөө боломжийг нэгэнт шавхаж дууссан байна аа. Нэг талаас УИХ-д 45 суудалтай нам хүчээр түрж өөрийнхөө шийдвэрийг гаргаад яваад байх боломж байхгүй, 27 суудалтай нөгөө намтайгаа  зөвшилцөж байж шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас энэ хоёр нам хүссэн хүсээгүй хоорондоо зөвшилцөж ойлголцох байж УИХ-ын эцсийн шийдвэр гарна. Өнгөрсөн гурван жил ч гэсэн ингэж явсан. Тийм учраас Тавантолгой, Оюутолгой болон төсвийн бодлогын том том шийдлүүд дээр хугацаа алдах зүйл маш их гарч байсан.

Яг үүнтэй адилхан Орон нутгийн сонгуулийн тухай хууль зөвшилцөл, ойлголцол шаардсан хуулийн нэг. УИХ-ын сонгуулийн хуулийг ярьдагтай яг адилхан хугацаанд Орон нутгийн сонгуулийн хуулийг ярилцаж, ойлголцож явсан гэж ойлгож болно, бараг гурван жилийг зарцууллаа. Дээр нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах уу, хоёр өдөр явуулах уу гэдэг дээр хоёр намын бүлгийн байр суурь маш хол зөррүүтэй байгаа. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын хуралдаан дээр Ардчилсан намын бүлэг “УИХ энэ асуудал дээр өөрийнхөө боломжийг шавхаж дууссан байна аа, шийдвэр гарахгүй юм байна. Тийм учраас 2007 онд баталж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийнхаа хэрэгжилтийг Засгийн газар хангаж ажилла” гэсэн шийдвэрт хүрэхээс өөр аргагүй болсон. Үндсэн хуулийн 41.1-д  Ерөнхий сайд УИХ-ын шийдвэрийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцна гэж заасан. Энэ хуулийнхаа заалтаар хуулийн биелэлтийг хангаж ажилла гэдэг шийдвэрт хүрэхээс өөр аргагүй байдалд орж байна. Тийм учраас Үндсэн хуулийн энэ заалттай холбогдуулаад Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

-Өнгөрөгч даваа га­ригт уу?

-Тийм. Ээлжит бус чуулганы хуралдаан завсарлангуут. УИХ асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэж дууссан тул үүний дагуу хуулийн хэрэгжилтийг та хангаж ажилла гэж. Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн зарим тойргуудыг энэ оны нэгдүгээр сарын 25-ны дотор байгуулсан байх ёстой. Энэ ажил бүтэн нэг, сараар хоцорсон явж байх жишээтэй. Тийм учраас  Засгийн газраас маш яаралтай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ авах ёстой. Аймаг, хот, сум, дүүргийн иргэдийн хурлууд ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу явах учир орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлуудыг хангах ёстой гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хуульд өөрчлөлт орж магадгүй ч юм уу, орон нутгийн сонгууль намар болж магадгүй гэсэн хүлээлтээр хууль хууль хэрэгжүүлэх ажилд нэг цаг, минутын завсарлага байх ёсгүй гэдгийг л хэлж байгаа.

-Шаардлагаа Ерөнхий сайдыг айлчлалаар явсны дараа хүргүүлсэн юм уу?

-Ээлжит бус чуулган завсар­ласны маргааш Ерөн­хий сайд айлчлалаар явсан байна лээ. Бид ч бас чуулган завсарласны маргааш шаард­лагаа гаргасан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд дотоод, гадаадад томилолтоор явснаас үл шалтгаалан Засгийн газрын ажил цаг минутын завсарлалгүй явах ёстой гэдэг утгаар Ерөнхий сайдыг ирэхэд энэ шаардлагын биелэлтийг хангаж ажиллах талаар ЗГХЭГ, холбогдох албан тушаалтнууд ажиллаж байх ёстой. Давхар бас нэг зүйлийг мэдээлэхэд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бас яг адилхан утга бүхий, хуулийн хэрэгжилтийг Засгийн газар яаж биелүүлж байна вэ гэдэг асууд­лаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байгаа. Хаврын чуулган эхлэхэд Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулган дээр асуулгын хариуг албан ёсоор өгөх шаардлага гарч байгаа гэдгийг бас сануулчихья.

-Ардчилсан намын бүл­гийн Ерөнхий сайдад өгсөн шаард­лагын хариуг бас өгөх ёс­той юу, хугацаа заасан юм уу?

-Шаардлагад хариу өгөхдөө гол нь биш. Хуулинд ингэж заасан байна, Засгийн газар хуулиа хэрэгжүүл гэдэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсны байр сууриа илэрхийлж байна аа л гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулах боломж бололцоо харагдахгүй байгаа тохиолдолд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулахын төлөө Засгийн газар өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх ёстой. Энэ ажилд Сонгуулийн ерөнхий хороог /СЕХ/ дайчлан оруулах ёстой, аймаг, орон нутгийн Иргэдийн хурал хуулинд заасан үүргээ биелүүлэх энэ бүх ажлыг шахаж шаардаж ажиллах бодит шаардлага Засгийн газарт ирж байна аа л гэж ойлго.

-УИХ-ын элжит бус чуулганаас бол “Орон нут­гийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх боломж­гүй” л гэсэн шийдвэр гарсан шүү дээ, тийм үү? Түүнээс биш одоогийнхоо хуулийг хэрэгжүүл гэдэг шаардлагыг УИХ албан ёсоор Засгийн газарт тавиагүй…

-Үүн дээр бид бүгдээрээ нэг мөр ойлголттой болох ёстой. 2007 оны эцэст УИХ-д суудалтхй бүх намууд хоо­рондоо зөвшилцөөд, ерөөсөө 2012 оны орон нутгийн сонгуу­лийг УИХ-ын сонгуультай хамт явуулах ёстой гэдэг ший­дэлд хүрсэн. Тэр үед чинь базарваань, Үндэсний эв нэгд­лийн Засгийн газар энэ тэр ажиллаж байлаа шүү дээ. Тэгээд УИХ-ын сонгуулийн тогтолцоо энэ тэрээ ч бас давхар ярьж байгаад хоорондоо ойлголцсон зүйл. Тийм учраас би энд бас нэг зүйлийг сануулмаар байна. 2008 оны сонгуульд оролцсон бүх улс төрийн хүчнүүд, улстөрчид “2012 онд УИХ, орон нутгийн сонгууль нэг өдөр болох нь ээ” гэдгийг ойлгож, ухамсарлаж байсан. Одоо нэг их гэнэт археологийн шинэ олдвортой таар­сан юм шиг “Бидний бүрэн эрх дутуу хэрэгжих гэж байна, дахиад дөрвөн сар ажил­лах ёстой” энэ тэр гээд байх юм байхгүй ээ. 2012 онд сонгууль нэг өдөр болно гэдэг ухамсартайгаар сонгуульд орж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн хүмүүс шүү дээ. Монгол Улс жил дараалж сонгууль хийгээд нэг бүтэн жилийг зун, намаргүй УИХ, орон нутгийн сонгуульд зориулдаг, дараагийн жилийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориул­даг. Сонгуулийн мөч­лө­гийн дөрвөн жилийн тал нь сонгуулиар амьсгалаад дуусч байна шүү дээ. Гурав дахь жилдээ арай гэж нэг юм ажил ярьдаг, дөрөв дэх жилд нь да­хиад “Одоо сонгуулийн компани эхлэх гэж байгаа юм чинь ийм ч ажил хийж болохгүй, тэгж ч болохгүй”, эсвэл хүмүүс таалагдах популизмаа шүүрч авч яриад явдаг, төр ган­хуулдаг, дампууруулдаг, халам­жийн бодлого хэтэрхий  хавт­гайруулдаг.

Энэ чинь болохгүй байна гэдгийг бид бүтэн 20 жил харсан мэдсэн юм чинь аль нэг цаг үе дээр нь таслах ёстой биз дээ. Зогсоох ёстой. Зогсоохын тулд олон сонгуулиа нэг дор явуулья, хөрөнгө мөнгөө хэмнэе, хий улс төрждөгөө зогсооё, ажил хийдэг цагаа урт болгоё гэдэг нь улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр болов уу гэж би хувь хүнийхээ хувьд ч гэсэн би бодож байна.  Энэ шийдвэрээ гаргахад юун тэр бүрэн эрхийн хугацаа, 2-3 сарын наана, цаанын асуудал яриад байгаа юм бэ.

-Гэхдээ тухайн үед 2007 онд хуулийг батлахдаа хэрэг­жилтийг нь яагаад 2012 оноос эхэлнэ гэж хийсэн юм бэ?

-Түрүүний таны тавьсан асуулт руу эргээд орьё л доо. 2007 онд бид хуулиа батлаад гаргачихсан. Хамгийн сүүлд жишээ нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд ярилцлага өгсөн байна лээ. “Сонгууль хоёр өөр өдөр болно. Нэг нь ням гаригт, нөгөө нь ажлын өдөр болно” гэсэн юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр 2007 онд баталсан тэр хуулиар “орон нутгийн сонгууль аравдугаар сард болно, амралтын өдөр болно” гэдэг хуулийн үйлчлэл 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хүчингүй болчихсон. Тийм учраас өдөр судар дээр бол элдэв асуудал байхгүй. Хамгийн гол асуудал өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулиар санал авах хугацаа оройн 22.00 цагт дуусч байгаа, УИХ-ын сонгуулитйн тухай хуулиар 20.00 цагт дуусч байгаа шүү дээ. Тийм учраас хэсгийн хороодыг хоёр тусад нь байгуулах ёстой болж байгаа. Энэ мэт зөрчлүүдээ л хуулиндаа засч өгөх ёстой. Бид огт хуульгүй биш шүү дээ, үүнийгээ ойлгох ёстой. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдоод ийм хүндрэл гарч байна аа гэвэл Засгийн газар асуудлаа оруулж ирэх ёстой. Хоёр хэсгийн хороо байгуулагдаж байна, санал авах цаг нь өөр байна ч гэдэг юм уу. Энэ асуудлаа шийдээд өгөөч ээ гэвэл УИХ шийдээд өгөх бололцоотой. Ялангуяа З.Энхболд, Д.Лүндээжанцан гишүүн нарын боловсруулсан хуулийн хоёр төсөл дээр УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан бүх дэвшилттэй заалтуудаа Орон нутгийн сонгуулийнхаа хуульд давхар хийхээр болсон байгаа шүү дээ. Иймэрхүү өөрчлөлтийг хийе гэвэл УИХ дөрөвдүгээр сарын 5-ны хаврын чуулганаа нээгээд л хийгээд өгөх нь ээ. Харин хоёр сонгуулийг салгаад өгөөч ээ гэвэл УИХ дээр шийдэгдэхгүй юм байна аа гэдгийг л хаана хаанаа ойлгох ёстой.

-Одоогийнхоо хуулиар сонгууль­даа бэлтгэ гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг л яриад байна. Гэтэл энэ талаар УИХ өөрөө дуугарах ёстой юм биш үү, Засгийн газар үүнийг хүлээ­гээд байна уу? Тэгэхгүй бол Н.Энхболд гишүүний, МАН-ын бүлгийнхний ярьж бай­гаачлан “хаврын чуулганаар хуульд өөрчлөлт оруулаад хоёр сон­­гуулиа тусад нь явуулах юм аа” гэж ойлгоод байх шиг байна…

-Тийм асуудал байхгүй болсон гэдгийг би сая маш ойлгомжтой хэллээ шүү дээ. Дараагийн нэг асуудал нь, дахиад би Үндсэн хуулийн заалтыг иш татья. УИХ-аас гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-ын өмнө Засгийн газар хариуцна. Энэ хуулийг чинь хэрэгжүүлж чадахгүй нь ээ гэвэл Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэх ёстой, үгүй бол Засгийн газар өөрөө огцрох ёстой. Ардчилсан ёс хөгжсөн оронд асуудал ингэж тавигддаг. Бид үүнийгээ ойлгохгүй нэг хэсэг явлаа шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас гээд Засгийн газрын ямар ч бэрхшээл тохиолдсон УИХ, Засгийн газрын гэлтгүй ханцуй шамлаад орчихсон. Өнгөрсөн гурван жил УИХ дээр ажил ингэж л явсан шүү дээ. Нөгөө Оюутолгой, Тавантолгой, Хүний хөгжил сан, хувьцааны асуудлыг дандаа УИХ дээр авчирч, УИХ дахь хоёр нам бодлогоо уралдуулж байж эцсийн шийдвэрийг гаргаж байсан. Одоо хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа дууссан. Хүмүүсийн хэлээд байдагчлан парламент олонхи, цөөнхийнхөө сонгодог зарчмаар явах ёстой. Тэр зарчим руугаа шилжиж байна гэсэн үг. Олонхи цөөнх нь шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа тохиолдолд Засгийн газар нь одоо байгаа хуулийнхаа дагуу л ажиллаад явахаас өөр аргагүй. Засгийн газар нь хэрвээ хуулиа хэрэгжүүлж чадахгүй гэвэл өөрийнхөө асуудлыг тавь. Маш энгийн.

-Тэгэхээр УИХ-аас энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх шаардлагагүй гэсэн үг үү?

-УИХ шийдвэр гаргах гэж оролдоод өөрийнхөө бүх боломжийг шавхсан гэдгийг би хэлээд байна шүү дээ. Тийм учраас одоо хүчин төгөлдөр байгаа энэ хуулинд өөрчлөлт орохгүй нь ээ гэсэн үг. Өөрчлөлт орохгүй учраас Засгийн газар хуулиа хэрэгжүүл л гэж байна.

-Гэхдээ энэ үгийг УИХ өөрөө хэлэхгүй, яагаад Ардчилсан намын бүлэг дангаараа хэлээд байгаа юм бэ?

-УИХ-аас хэн хэлэх нь чухал биш. Тэгж яривал УИХ ч хэлэх шаардлага байхгүй. 2007 оноос эхлээд хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа энэ хуулиа л хэрэгжүүл. Хуулинд өөрчлөлт орвол хэрэгжилтэд өөрчлөлт орно. Гэвч одоогоор хуулинд өөрчлөлт оруулах бололцоо нөхцөл нь харагдахгүй байна. Энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг зүгээр л 27-лаа сууж байгаад гаргачихаагүй. Шийдвэрийг гаргахын тулд бололцоотой бүх хэлбэрээр асуудлыг хэлэлцлээ. Аймаг, нийслэлийн бүх намынхаа удирдлагыг нийслэд авчирч байгаад хэлэлцлээ. Уулзалтуудыг хийж, байр суурийг нь сонслоо. Тэгээд улс орны эрх ашиг болоод хууль дээдлэх ёсны үүднээс УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах нь зүйтэй юм байна гэдэг дээр Ардчилсан нам бүхэлдээ байр сууриа нэгтгэсэн гэсэн үг. Зарчмын хувьд байр сууриа ингэж нэгтгэсэн учраас ажлын хэсэг дээр ярьж байсан бүх саналууд хэрэгжих боломжгүй болж байна гэсэн үг. Хуулинд өөрчлөлт оруулахгүй болсон учраас зөвхөн хуулийн хэрэгжилтэд анхаарал тавих ёстой болж байна.

-Гэхдээ үнэхээр хоёр сонгуулийг нэг өдөр явуулаад, тэгэхдээ хоёр тусдаа хэсгийн хороод дээр хоёр өөр цагт санал аваад, нэгийг нь гараар, нөгөөг нь машинаар тоолоод сонгуулиа явуулах болол­цоотой гэж та нар харж байна уу? Эсвэл хэрэгжүүлж чадахгүй гэвэл сайн, тэгвэл хуулиа өөрчилчихнө гэж байгаа юм уу?

-Хийе гэсэн хүнд арга олдоно, хийхгүй гэсэн хүнд мянга түмэн шалтаг олдоно. Жишээлбэл, техникийн асуудал дээр, ялангуяа саналын хуудас бэлтгэхэд бэрхшээлтэй л гээд байгаа юм. Бүр болохгүй бол сонгууль зарлаж байгаа хугацаандаа өөрчлөлт оруулаад, сонгуулийн хэсгүүд дээр саналынхаа хуудсыг бэлтгэх боломж байгаа шүү дээ. Хийе гэвэл арга нь олдоно. Хийхийг хүсэх үү, хүсэхгүй юу гэдэг өөр асуудал. Хууль хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа байгууллага, албан тушаалтан байвал асуудлаа эртхэн тавих ёстой. Чадна гэж байгаа нь хэрэгжүүлж эхлэх ёстой.

-УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийг сонгуулиас өмнөх зур­гаан сарын дотор өөрчилж болдоггүй гэдэг. Орон нутгийн сонгуулийн хуулийг яагаад өөрчилж болдог юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн хуульд өөрт нь УИХ-ын сонгуулийн хуульд заасан тийм хязгаарлалт байдаггүй. Тийм учраас дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган нээхэд Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилж болно. Гэхдээ би түрүүн хэлсэн шүү дээ. УИХ дахь хоёр намын бүлэг зөвшилцөж чадахгүй байгаа хугацааны асуудлаас бусад бүх өөрчлөлтийг хийх боломжтой. Энэ далимд хэлэхэд Ардчилсан намын бүлэг зөвшилцөж болох бүх арга замыг хайсан, үүнийг би хаана ч хэлнэ. Жишээлбэл, 2000 төрлийн саналын хуудас бэлтгэх үү, 400 ширхэг саналын хуудас бэлтгэх үү гэдэг зовлонг нь ойлгоод бид “Тэгвэл аймаг, нийслэлийнхээ сонгуулийг УИХ-ын сонгуультайгаа хамт явуулчихья. Намар сум, дүүргийнхийгээ баг, хороотойгоо хамт явуулчихья” гэсэн, МАН-ын бүлэг хүлээж аваагүй. Ингэсэн тохиолдолд одоо байгаа хүндрэл бэрхшээлүүд тав дахин буурах боломж байсан. Аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулбал нийлээд 400-гаад төрлийн л саналын хуудас бэлтгэнэ. Намар сум дүүргийн сонгуулийг баг, хорооны сонгуультай хамт явуулна гэвэл 1600-гаад төрлийн саналын хуудас бэлтгэх байхгүй юу. Одоо бол хамтад нь явуулья гэж байгаа учраас 2000 төрлийн саналын хуудас бэлтгэнэ. Гэхдээ техникийн хувьд боломжтой юу гэвэл боломжтой. Жишээлбэл, саналын хуудас бэлтгэх машинаа аймгууд дээрээ аваачаад тавьчихсан тохиолдолд огт хүндрэл гарахгүй. Дахиад хэлье, хуулийг биелүүлье, хэрэгжүүлье гэж байгаа хүнд арга нь олдоно.

-Бас нэг хууль биелүүлэхгүй ч гээд байгаа юм уу, хүсэхгүй ч гээд байгаа юм уу зовлон тоочоод байгаа зүйл нь санал тоолох машинд итгэхгүй байгаа шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь жишээлбэл, наад машинаа турш аа, УИХ-ын гишүүд өөрсдөө явж шалга гэсэн. Энэ ажил юу болсон бэ?

-Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг би  хатуу хэлмээр байна. Сонгуулийг бульхай луйвартай болгох гээд, эсвэл үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хүсч байгаа хэсэг бүлэг байх шиг байна. Тэр хүмүүс янз бүрийн домог зохиож ярьж байгаа. Тэр зохиож байгаа домгийнх нь л нэг энэ. Ямар ч машин зохиочихсон юм билээ, тэр машин дээр нь ямар программ оруулаад санал луйвардчих юм билээ энэ тэр гэж. Монголчууд шинэ юм зохиогоогүй. Ардчилал олон жил хөгжсөн олон он удаан жил ашиглаад, хүмүүсийн ярж байгаа хардлага сэрдлэгүүдийг бүгдийг нь даван туулаад ирсэн машиныг л бид авч хэрэглэж байгаа. Энэ машинаар авсан санал 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдлаас урьдчилан сэргийлэх гол арга хэрэгслийн нэг л гэж бид үзэж байгаа. Үүндээ итгэхгүй, нөгөө монгол ухаан, хар ухаанаараа хардаж сэрдээд байх юм бол ерөөсөө сонгууль хэзээ шударга явдаг болох юм бэ гэсэн том философийн асуудал ч үүсч магадгүй. Тийм учраас энэ машинаар УИХ-ын сонгуулийн санал хураалтыг тоолно, орон нутгийн сонгуулийн санал хураалтыг ч бас машинаар тоолох ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ. Тэгээд маргаан гарсан газартаа бол дараа нь гар аргаар шалгах энэ тэр нь нээлттэй байх байлгүй дээ. Гэхдээ үндсэн санал тооллго бол машинаар тоолох ёстой, үүн дээр эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй.

-Орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодыг зохион байгуу­лах ажлыг хэн хийх ёстой юм бэ?

-СЕХ ерөнхий арга зүйн хувьд удирдлагаар хангаад, орон нутгийн Иргэдийн хурлууд өөрсдөө хуулийн хэрэгжилтийг хангаж, ажлаа зохион байгуулах ёстой. Тийм учраас Засгийн газар үүн дээр оройлж, манлайлж, энэ байгууллагуудаа шахаж ажиллах ёстой.

-Яг долоо хоногийн өмнө ээлжит бус чуулган хаасан. Орон ну­тагт энэ ажил эхэлсэн бол аль хэдийнэ нүдэнд харагдаж, чи­хэнд сонсогдохоор хугацаа өнгөр­­чихлөө шүү дээ. Ажлаа хийхгүй л байгаа юм биш
үү?

-Харин тийм учраас Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна, асуулга тавьж байна, Засгийн газрын мэдээллийг сонсоно гэж байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөс өөр арга байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлэх нь иргэдээс юм уу, аль нэг байгууллагаас мандат аваад ажиллаж байгаа хүмүүсийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. Тийм учраас хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад цаг минут алдалгүй орох ёстой. Өөр ямар нэг хүлээлт байхгүй.

-Миний харж байгаагаар танай намын бүлэг Ерөнхий сайдыг “ажлаа хий” гэж шаардахаасаа илүү “Ажлаа хийж чадсангүй ээ” гээд огцруулах асуудлыг нь оруулсан нь зөв бөгөөд, хугацаа хэмнэсэн ажил болох байсан юм биш үү? Тэртэй тэргүй хууль хэрэгжүүлэх үүрэгтэй хүнийг хэрэгжүүл гэж шаардах нь илүүц биш гэж үү?

-Засгийн газарт хуулиа хэрэгжүүлэх боломжийг нь гаргаж өгөх ёстой л доо, тэр утгаараа шаардлага хүргэж байгаа юм. УИХ боломжоо шавхаад дуусчихлаа. Одоо орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болсон учраас  одоо байгаа хуулиа хэрэгжүүл ээ гэдгийг л нэг мөр хэлж байна шүү дээ. Тийм учраас аль нэг намын бүлгийн байр суурь гэж харахаасаа илүү УИХ-ын шийдвэр ингэж ойлгогдох юм байна гэдэг утгаар нь хүлээж авах ёстой. Түүнээс биш хаврын чуулганыг хүүлээж байна, хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийг өөрчлөх юм байна, тийм учраас одоогийн хуулийн хэрэгжилтийг хойш тавья гэж битгий андуураараай л гэдгийг сануулж байгаа хэрэг.

-Андуураад л яваад байна л даа, УИХ-ын дэд даргаасаа ава­хуулаад. УИХ-ын гадна ч бас ярьж байна. Орон нутгийн сон­гуулийн хуулийг хаврын чуул­ганаар дахиад ярих байх аа, ер нь бол Ардчилсан намын бүлэг ч гэсэн хоёр сонгуулийг тусад нь явуулах манай бүлгийн саналыг хүлээгээд авчихсан юм шүү дээ гэж МАН-ын нөхдүүд яриад яваа…

-Та бол нэг л эх үүсвэрийн яриаг сонссон байна. Тийм учраас би нөгөө нэг эх үүсвэрийнх нь их тийм хариуцлагатай хариултуудыг өгөх гэж оролдож байна. Ажлын хэсэг дээр бол бид байж болох бүх хувилбарыг ярьсан. Ардчилсан намын удирдлага, бодлого гаргаж байгаа хүмүүс дээр ирээд ярихаар тэр санал нь явахгүй байна. Тийм учраас орон нутгийн сонгууль салж явах тухай асуудал өнөөдөр төгсгөл болжээ. Үүнийг хаа хаанаа хатуу ойлгоцгооё. Сонгуулийн хуулиа сайжруулах бусад зүйл заалтын асуудал бол хаврын чуулган дээр нээлттэй. Өнөөдрийнхөө хуулиар орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультайгаа хамт явах нь нэгэнт ойлгомжтой болсон учраас хуулийнхаа хэрэгжилтийг хангах ажил дээр анхаарлаа хандуулцгаа. Энэ л бидний тавиад байгаа гол асуудал.

-Ээлжит бус чуулганы хаалт дээр Д.Лүндээжанцан гишүүн бараг “шок”-онд орчихсон, “Та нар цагийн өмнө байсан байр сууриа яагаад өөрчилчихөв өө, бид тохирсон шүү дээ” гэж уурлаж байсан…

-Ажлын хэсэг дээр янз бүрийн санал ярих нь хэвийн асуудал. Тэр нь намын бүлэг дээр орж ирээд дэмжигдэх ч байна, дэмжигдэхгүй ч байна. Ажлын хэсэг дээр гарсан санал Ардчилсан намын бүлэг дээр дэмжлэг аваагүй. Энэ бол гайхаж цочоод, “шок”-онд ороод байх зүйл биш шүү дээ. Ганцхан өнөөдөр ч гарч байгаа юм биш, урьд өмнө баталж байсан бүх хуулиуд дээр л ийм зүйл болж байсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр ч, Хүний хөгжлийн сан, Оюутолгойн гэрээн дээр ч гарч л байсан шүү дээ. Анх удаагийн ч юм биш, байнга л тохиолддог зүйл.

-Хамтарсан Засгийн газар байхад хоёр нам цөөнгүй асуудал дээр шийдэлд хүрч байсан. Гэтэл Засгийн газар нь тарсны дараа хуулийн нэг жижигхээн өөрчлөлтийг л хийчихэж чадах­гүй зогсоочихлоо. Мэдээж “хоёр намын ялгарал харагдаж байна, гоё” гэж алга ташиж бас болох байх л даа. Гэхдээ хамтрахаа больсон гэдэг нэрийн дор хоёр нам хэтэрхий их улс төржөөд, дур дураараа яваад байгаа юм биш үү ч гэдэг?

-Бас чамгүй урт хугацаанд хамтраад явсан. Нэг хэсэг хүмүүс “Эд нар чинь хамтарсан нэрээр хоорондоо тохироод яваад байна” гэж шүүмжилдэг байсан. Нөгөө хэсэг нь бол “Хамтрах чинь үнэхээр хэцүү юм байна, эцсийн шийдвэрт хүрэх гэж үнэхээр их зовдог, цаг хугацаа алддаг юм байна. Эцсийн шийдвэрт хүрсэн тохиолдолд асуудал нь явдаг юм байна аа” гэж харсан. Орон нутгийн сонгуулийн хуулиар ч гэсэн үүнийгээ л харуулж байна. Үнэхээр хэцүү асуудлууд, санал нийлэхгүй зүйлүүд байдаг юм байна. Хамтарсан, хамтраагүйгээс шалтгаалдаггүй зовлонтой, бэрхшээлтэй асуудлууд бас байдаг юм байна, хамтарсан нь зарим тохиолдолд зарим зүйл дээр нэмэх, заримдаа бол хасах оноо болдог юм байна гэх мэтчилэнгийн тайллуудын л нэг шүү дээ. Түүнээс биш элдэв дээдийн хол явсан дүгнэлтүүд хийгээд байх нь бол тухайн хүндээ л үлдэх болов уу.  

-Гэхдээ ямар ч асуудал шийдэхгүй байна гэдэг бас сайн тал мөн үү?

-Яг энэ тохиолдол нь өөрөө ямар ч асуудал шийдэхгүй байгаа, эсвэл шийдвэрээс зугтаж байгаа хэлбэр бас биш шүү дээ. Ардчилсан намын байр суурь бол Монголчууд маш их улстөржиж байна, эхнэр нөхөр хоёр хүртэл талцаж байна, тийм учраас энэ улс төрийн талцлуудаа аль болох багасгаж, сонгуулиудынхаа тоог цөөлье л гэж байгаа. Улс төржилт нь ядаж тухайн сонгуулийнха жилийн зун явагдаад дуусаг, түүнээс хойш бүгдээрээ ажлаа хийе ээ л гэж байна. Би бол үүнийг Монгол Улсад хэрэгтэй санал болов уу л гэж бодож байна. Хамгийн наад захын жишээ. Элдэв дээдийн мөнгө төгрөг, цаг хугацаа хэмнэх асуудлаа бүр орхиё л доо. Нэг өдөр багаараа очоод, “Бид улсынхаа хэмжээнд ийм ажил хийнэ, сум дүүрэг, баг хорооныхо хэмжээнд ийм ажил хийнэ” гэдгээ сонгогчиддоо хэлээд дүнгээ тавиулчихья л даа. Би бол үүнийг буруу зүйл гэж бодохгүй байна. Үүний эсрэг “Зохион байгуулалт нь хэцүү, техникийн проблемтай юм байна” гэж гоншигноод байгаа хүмүүсийн үг бас зөв сонсогдох уу, үгүй юу гэдгийг бас дахиад л хүмүүс дүгнэг. Бид улс эх орны эрх ашгийн үүднээс саналаа тавьсан. Тэр нь техник, зохион байгуулалтын хувьд бүр боломжгүй зүйл биш. Би бүр 2-3 хувилбар хэлж өгч байна шүү дээ. Хийе гэсэн хүнд арга нь олдоод хийх боломжтой асуудал. Тийм учраас эрх ашгуудаа л зөв дараалуулья.  

-Хаврын чуулганаар Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чадах­гүй нь ээ, засаад өгөөч ээ гээд оруулаад ирлээ гэж бодьё. Гэтэл асуудал танай намын тавьж буйгаар биш, нөгөө намын байр сууриар явах болчихвол яах вэ?

-Би таны энэ гипотез маягаар тавьж байгаа асуултад гипотез маягаар л хариулья. Засгийн газар хууль хэрэгжүүлж чадахгүй гэвэл УИХ дахь олонхийн бүлэг хууль хэрэгжүүлж чаддаг Засгийн газраа л байгуулах ёстой. Хуулин дээр хариулт нь байгаа шүү дээ. Ийм л нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг хаана хаанаа сайн ойлгомоор байгаа юм.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж