Дархлаажуулалтын аянд хэрхэн хамрагдах талаар ямар нэгэн мэдээлэл гэр хорооллын айлуудад алга. Энэ талаар өрхийн эмнэлэг нь ч ямар нэгэн мэдээллийг өгдөггүй ажээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ж.Дамдин “Ямар нэгэн мэдээлэл алга байна шүү дээ. Хөхөнцөр вирус гэхээрээ яадаг юм. Тариаг хийлгэхээр яадаг ч юм мэдэхгүй байна” гэж хариулж байлаа. Харин тус хорооны өрхийн эмнэлгээр ороход энэ тариаг манайх хийхгүй шүү дээ. Тэр тариа, “мариа” нь ч манайд байдаггүй. Халдварт дээр тарьж байгаа гээ биз дээ” гэж хариулаад сууж байв. Энэ мэтчилэн гэр хорооллын айлуудад энэ талын мэдээлэл хомс байна. Харин ХӨСҮТ-ын эмч нарын мэдээлж байгаагаар вакцинжуулалтанд хамрагдах хүмүүсийн идэвх санасныг бодоход их байна гэж хариулж байлаа.
Өчигдрийн байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих 14228 охидоос 67,8% нь хамрагдсан байна. Харин Өмнөговь аймгийн дархлаажуулалт 84,2, Сэлэнгэ 59, Багануур 67,5, Баянгол дүүрэг 60 хувьтай байгаа ажээ.
Вакцин хийлгэсэн зарим хүмүүст харшилт үзүүлж байгаа талаар мэдээллийн талаар ХӨСҮТ-ийн мэдээллийн албаны ажилтан Ч.Уртнасангаас тодруулахад “Дархлаажуулалт эхэлсэнээс хойш харшил үүссэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины 3 тунгийн дархлаажуулалт 2012 оны гурав, тав, есдүгээр сард гурван үе шаттайгаар явагдах ажээ. Нэгдүгээр тунгийн дархлаажуулалт гуравдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг дэлхийн 114 улс оронд хэрэглэж, 25 улс орон дархлаажуулалтын товлолд оруулсан байна. Энэхүү вакцин нь 2006 оны зургадугаар сард анх бүртгэгдэж АНУ-аас гэрчилгээ авсан бөгөөд 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэхийг нь зөвшөөрчээ.
Хүний хөхөнцөр вирусийн 100 гаруй хэв шинж байдгаар 16, 18 хэв шинж нь умайн хүзүүний хавдрын 70 гаруй хувий үүсгэх шалтгаан болдог ажээ. Энэ вакцин нь Хүний хөхөнцөр вирусын 6, 11, 16, 18 хэв шийнжийн эсрэг дархлаа үүсгэдэг юм байна. Дархлааны хугацаа нь 10 байдаг аж.